
Японд 2024 онд деменци өвчтэй ахмад настнууд гэрээ гарч алга болсон 18 мянга гаруй тохиолдол бүртгэгджээ. Тэдгээр өндөр настнуудын 500 орчим нь нас барсан байдалтай олдож байжээ.
Японы хууль сахиулагчдын мэдээлснээр ийм төрлийн хэргүүд 2012 оноос хойш хоёр дахин нэмэгджээ.
Хүн амынх нь 30 хувийг 65 ба түүнээс дээш насныхан дангаараа эзэлж байгаа тус улсад өндөр настнууд гэртээ хараа хяналтгүй үлддэг, орон гэрээсээ төөрдөг зэрэг асуудлууд нь жил ирэх тусам нэмэгдэх болжээ. Үүнд хөдөлмөрийн зах зээл дээр нь өндөр настнуудыг харж халамжлах хүн хүч хурц дутагдалтай байгаа нь багагүй нөлөөлж байгаа аж.
Японы улс 2025 онд деменци өвчинтэй холбоотой эрүүл мэндийн бодлого, нийгмийн халамж зэрэгт 9 их наяд иен зарцуулсан бол энэ тоо 2030 он гэхэд 14 их наяд иен болж өсөх төлөвтэй байгаа аж.
Сүүлийн үед Японы засгийн газар дээрх асуудалтай тэмцэхийн тулд дэвшилтэт технологийг ашиглахыг зорих болжээ. Жишээ нь деменци өвчтэй иргэдийн байршил, хөдөлгөөнийг хянахын тулд GPS ашиглах болсон байна. Зарим мужууд деменци өвчтэй хүмүүсийн биед байршил илрүүлэгч GPS төхөөрөмжийг зүүж эхэлсэн ба энэхүү төхөөрөмж нь тухайн иргэн орон гэрээсээ гарч явсан тохиолдолд цагдаад болон алхам тутамд таардаг Seven Eleven, Family Mart, Lawson зэрэг дэлгүүрийн худалдагч нарт дохио өгдөг функцтэй аж.
Деменци өвчний эрт үеийн шинж тэмдгүүд нь хүний алхаа, зогсолт, хөдөлгөөн зэрэгт нэн түрүүнд илрэх ба Fujitsu компани aiGait хиймэл оюун ухааныг ашиглан деменци өвчнийг эрт үед нь илрүүлэх ажилд шамдан оржээ. Эмч нар деменци өвчнийг эрт илрүүлж чадсанаар тухайн өвчтөнд илүү удаан идэвхтэй амьдрахад нь тусалж чадах аж.
Японы Васэда их сургуулийн эрдэмтэн судлаачид өндөр настнуудыг асрах ажлыг хийж гүйцэтгэх ирээдүйн асрагч роботыг бүтээж эхэлсэн байна. 150 кг бүхий тус робот нь өндөр настнуудад хувцсыг нь өмсгөж, өндөг шарж өгч, угаасан хувцсыг нь эвхэж мөн живхийг нь сольж, хэвтэрт байгаа хүний байрлалыг тогтмол сольж өгөх зэрэгт туслах аж.
Японы зарим асрамжийн газруудын ашиглаж буй роботууд өндөр настнуудад хөгжим тоглож өгч, сунгалтын дасгал хөдөлгөөн хийх заавар зөвлөгөө өгөхөөс гадна өндөр настнуудын нойрыг хянаж, шөнийн ээлжийн асрагч сувилагч нарт тусалдаг байна.
Японы Sharp компани Покетомо нэртэй халаасны жижиг роботыг мөн бүтээжээ. Тус роботыг өндөр настнууд цүнхэндээ эсвэл халаасандаа хийж авч явдаг ба уг робот нь эмээ уух цагийг нь сануулж, гадаа цаг агаар ямар байгааг мэдэгдэж, ганцаараа амьдардаг өндөр настнуудтай яриа өрнүүлдэг байна.
Түүнчлэн тус улсад деменци өвчтэй хүмүүсийг ажилд авдаг газрууд ч бий болоод эхэлжээ. Аав нь деменци өвчнөөр оношлогдсоны дараа Акико Канна деменци өвчтэй хүмүүс нийгэмд хэрэгцээгүй болсон гэсэн мэдрэмжийг битгий аваасай гэсэн хүсэл эрмэлзлээрээ Токио хотын Тёфүд “Буруу захиалга” нэртэй зоогийн газар байгуулжээ. Деменци өвчтэй хүмүүсийг ажиллуулдаг тус кафед ажилладаг Тошио Морита л гэхэд аль ширээ ямар хоол захиалсныг мартахгүйн тулд цэцгээр баримжаа авдаг гэжээ. Ой тогтоолт, оюуны чадамж нь дордсоор байгаа ч Тошио Моритагийн хувьд тус зоогийн газраар үйлчлүүлж байгаа хүмүүстэй уулзаж ярилцах нь таатай байдаг аж. Акико Каннагийн зоогийн газар деменци өвчтэй хүмүүсийн хувьд нийгэмтэйгээ харилцаатай байх, бусдаас дэмжлэг туслалцаа авах нь технологийн ямар ч төхөөрөмж, хэрэгслээс илүү үнэ цэнтэйг харуулсан нэг тод жишээ аж.
Эх сурвалж: BBC






