
Америкийн вакцины тусламжтай урьдчилан сэргийлэх боломжтой халдварт өвчнүүдийн тухай заавар зөвлөмж өгөх үүрэгтэй тусгай хорооны (Acip) гишүүдийн олонх нь дөнгөж төрсөн хүүхдэд Гепатит Б буюу элэгний Б вирусийн эсрэг вакцин тарих зөвлөмжийг цуцлахыг дэмжжээ.
Acip-н 11 гишүүний 8 нь элэгний Б вирусгүй эхээс төрсөн хүүхдэд Б вирусийн эсрэг вакцин тарих эсэхийг тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагч шийдэх нь зөв гэж үзжээ.
Ерөнхийлөгч Д.Трампын Эрүүл мэндийн сайдаар томилсон Роберт Кеннеди нь вакциныг эсэргүүцэгч гэдгээрээ алдартай бөгөөд тэрээр өнгөрсөн 6-р Acip-н бүх гишүүдийг өөртэйгөө адил вакцин шүүмжлэгчдээр сольсон юм.
АНУ 1991 оноос хойш дөнгөж төрсөн нярайд элэгний Б вирусийн эсрэг вакцин тарьж эхэлсэн ба үүний ачаар 90 мянга орчим нас баралтаас сэргийлж чаджээ.
Б вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинаас хасах нь бага насны хүүхдүүд болон өсвөр насныхны дунд Б гепатитын тоо нэмэгдэхэд хүргэнэ гэж зарим мэргэжилтнүүд үзэж байна.
Acip-н гишүүд элэгний Б вирусгүй эхээс төрсөн хүүхдүүд Б вирусийн эсрэг вакцины эхний тунг 2 сар хүрснийхээ дараа хийлгэх, харин Б вирусийн халдвартай ээжээс төрсөн хүүхдэд Б вирусийн эсрэг вакцины эхний тунг дөнгөж төрснийх нь дараа тарихыг зөвлөж байгаа аж.
ДЭМБ элэгний Б вирусийн эсрэг вакциныг дөнгөж төрсний дараа, 1 болон 6 сартайд хийлгэхийг зөвлөдөг юм.
Гепатит Б нь биеийн шингэнээр дамжин халдварладаг ба элэгний хавдар, элэгний дутагдал, цирроз зэрэг ноцтой эмгэгүүдийг үүсгэдэг халдварт өвчин юм. Элэгний Б вирустэй хүнд шинж тэмдэг бараг илрэхгүй тул ээжүүд вирусийн халдвартай гэдгээ мэдэхгүйгээр урагт болон хүүхдэдээ халдвар дамжуулах эрсдэл байдаг байна.
Acip-н гаргасан шийдвэрийн дараа АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп товлолт вакцинуудыг бүгдийг нь дахин судалж үзэхийг эрүүл мэндийн удирдлагуудад үүрэг болгожээ.
Б вирусийн эсрэг вакциныг товлолт вакцинаас хасахыг дэмжсэн мэргэжилтнүүд Б вирусийн халдварыг авах эрсдэл өчүүхэн бага гэж үзэж байгаа бол бусад мэргэжилтнүүд Б вирусийн халдвар нь зөвхөн бэлгийн зам, зүү тариураар бус шүдний сойз, сахлын хутга зэргээр ч тархах эрсдэлтэйг анхааруулжээ.






