
Америкийн видео стриминг үйлчилгээний Netflix компанийн удирдлагууд Warner Bros.Discovery компанитай Warner Bros. Discovery компанийн кино ба телевизийн студи, стриминг үйлчилгээг 72 тэрбум ам.долларын үнээр худалдан авахаар зөвшилцөлд хүрчээ. Уг гэрээний ачаар Netflix-ийн хэрэглэгчид Warner Bros. студийн бүтээсэн дэлхийд алдартай олон тооны кино, цувралуудаас сонгон үзэх боломжтой болно хэмээн Netflix компанийн зүгээс мэдэгджээ.
Warner Bros. Discovery нь Холливүүдийн томоохон студиудын нэг юм. Тус студи нь HBO Max стриминг үйлчилгээ, Харри Поттер болон Хаан ширээний тоглоом зэрэг алдартай цувралуудаараа алдартай билээ.
Warner Bros. Discovery компани бизнесийн үйл ажиллагаандаа бүтцийн өөрчлөлт хийж байгаа ба компаниа нээлттэй хувьцаат хоёр компанид хуваахаар төлөвлөж байгаа аж. Тэдгээр хоёр компанийн нэг нь кино студи, стриминг үйлчилгээнийх, хоёр дахь нь телевизийн сувгуудыг нэвтрүүлэх үйлчилгээ үзүүлэх аж.
Netflix компанийн Warner Bros. Discovery компанитай хийсэн худалдан авалтын гэрээг Америкийн шударга өрсөлдөөнийг зохицуулах албанаас зөвшөөрөх ёстой юм.
Америкийн кино урлагийн салбарынхан Netflix болон Warner Bros. Discovery компанийн байгуулсан гэрээ нь энтертайнмент салбарынхны хувьд ажлын байраа алдах, цалин хөлс нь буурах, ажлын орчин нөхцөл нь муудахад, харин хэрэглэгчдийн хувьд илүү мөнгө төлөх, кино контентийн тоо хэмжээ болон төрөл жанр цөөрөхөд хүргэнэ гэж үзэж байгаа аж.
Эх сурвалж: BBC






