
ОХУ-ын Харилцаа холбоо, Мэдээллийн технологи болон Хэвлэл мэдээллийн зохицуулах алба өнгөрсөн лхагва болон пүрэв гарагт хийсэн мэдэгдэлдээ цахим тоглоомын платформ болох Roblox, видео дуудлага хийхэд зориулагдсан FaceTime болон Snapchat нийгмийн сүлжээг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглахыг хориглож буйгаа зарлажээ.
Оросын эрх баригчид дээрх платформуудыг хориглож буй шийдвэрээ Roblox Corporation компанийн Roblox платформ нь экстремист хандлагатай контент, материал тараадаг, ЛГБТ буюу бэлгийн цөөнхийг дэмжсэн суртал ухуулга явуулдаг, тус платформыг хүүхэд хүчирхийлэх хандлагатай педофил эмгэгтэй хүмүүс их ашигладаг хэмээн тайлбарлаж байгаа бол FaceTime болон Snapchat аппликейшнүүдийг гэмт этгээдүүд болон гэмт бүлэглэлүүд ОХУ-ын нутаг дэвсгэр дээр алан хядах ажиллагаа зохион байгуулахад, бүлэглэлдээ шинэ гишүүн элсүүлэхэд, иргэдийг луйвардах, залилах гэмт хэрэг үйлдэхдээ ашигладаг хэмээн тайлбарлажээ.
ОХУ-Украины дайн эхэлснээс хойш Sony, Nintendo, Microsoft зэрэг видео тоглоом хөгжүүлэгч компаниуд ОХУ-д үйл ажиллагаагаа явуулахаа зогсоосон ч Roblox Corporation ОХУ дахь үйл ажиллагаагаа зогсоогоогүй юм. 2022 оны 9-р сард тус компанийг үүсгэн байгуулагчдын нэг Дэвид Базуки ОХУ-д Roblox платформыг өдөрт 2 сая гаруй хүн хэрэглэдэг тухай мэдээлж байсан бол өнөөдрийн байдлаар Roblox аппликейшний нийт хэрэглэгчдийн 8 хувийг оросууд эзэлж байгаа аж.
Энэ нь ОХУ-д өдөр тутам 7 сая орчим хүн Roblox аппликейшнийг ашигладаг гэсэн үг юм. Сүүлийн саруудад Роскомнадзор Telegram,WhatsApp аппликейшнүүдийн үйл ажиллагааг хязгаарлаж, видео дуудлага хийх, аудио мессеж илгээх функцуудыг нь хориглосон билээ. Өнгөрсөн 11-р сарын сүүлээр Оросын эрх баригчид WhatsApp аппликейшн нь Оросын хууль журмыг зөрчсөн тул үйл ажиллагааг нь бүрэн хориглоно хэмээн мэдэгдсэн юм.






