
Лондонгийн металлын бирж дээр зэсийн захиалга эрс нэмэгдсэнээр үнэ нь 3.4 хүртэлх хувиар өсөж, тонн нь 11,500 ам.доллар буюу шинэ дээд тувшинд хүрлээ.
Үүнийг дагаад зэс олборлогч уул уурхайн компаниудын хувьцааны ханш ч өссөн байна.
Тус биржийн зэсийн ханш энэ он гарсаар З0 гаруй хувиар өсөөд байгаа бол АНУ-ын биржид арилжаалагддаг зэсийн үнэ илүү өндөр өсөлттэй байгаа аж.
Хиймэл оюун ухаан, технологийн эрин үе зэсийн хэрэглээг улам нэмэгдлүүлсээр байгаа ч нийлүүлэлт талдаа эрэлт үүссэн хэвээр байгаа юм.
Монгол Улс ирэх онд 1.9 сая тонн зэсийн баяжмалыг тонн тутмыг нь 9700 ам.доллар экспортлоно хэмээн тооцоод байгаа. Харин зэсийн үнийн энэ оргил үед энэ хэмжээнд экспортлох, цааш нэмэгдүүлэхэд тушаа болж буй нэг зүйл нь Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр буюу АМНАТ.
Бид зэсийн баяжмалд дэлхийн жишгээс хоёр дахин өндөр АМНАТ тооцож байна. Дэлхийн бусад улс орнуудын жишиг буюу Казахстан зэрэг ижил зах зээлтэй улсад 5-10 хувийн АМНАТ авч байна.
Өнөөдрийн байдлаар “Эрдэнэт үйлдвэр” ганцаараа зэс дээр 21.6 хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр (АМНАТ) төлж байна. Энэ нь суурь төлбөр 5 хувь, үүн дээр зэсийн үнэ өсөх тусам АМНАТ-ийн хувь хэмжээг өсгөж тооцсоноор дээрх дүнтэй болж байгаа юм.
Үйлдвэрийн борлуулалтын орлого жилд дунджаар 4 их наяд орчим төгрөг байхад нэмээд олоогүй байгаа 1 их наяд гаруй төгрөгөөс тооцон АМНАТ төлж байгаа нь уурхайн насжилтад нөлөөлж буйг “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон хэллээ.
Зэсийн АМНАТ төлдөг дараагийн том орд угтаа Оюу толгой байх учиртай ч 2009 онд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулахдаа АМНАТ-ийг тогтворжуулахаар тусгасан учраас 5 хувийн АМНАТ төлдөг.
Уул уурхайн салбарынхан зэсийн АМНАТ-ийг дэлхийн жишиг рүү ойртуулах, ядаж 7-8 хувь болгон бууруулбал Хармагтай, Цагаан суварга зэрэг томоохон төслүүд урагшилж, хөрөнгө оруулалт татах, нэмэх боломж бүрдэнэ гэдэг.
Эрдэс баялаг, уул уурхайн сайд Г.Дамдинням энэ асуудлыг ярьж, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр тооцох аргачлалд өөрчлөлт оруулахаар төлөвлөж байгаагаа мэдээлсэн.
Нүүрсний үнээс хэт хамааралтай эдийн засгийг төрөлжүүлэхэд зэс, алт, газрын ховор элементийн хайгуул, олборлолт, хөрөнгө оруулалтад бодлогоо чиглүүлэх шаардлагатай. 2025 оны эхний 10 сарын байдлаар нүүрсний экспортын орлого өмнөх оны мөн үеэс 40 гаруй хувиар буурч, 4.3 тэрбум ам.доллар болсон. Харин зэсийн баяжмалын экспортын орлого 4.5 тэрбум ам.доллар хүрч, өмнөх оны мөн үеийн дүнгээс 73 хувиар өссөнийг статистик мэдээлэл харуулж байна.
Тодруулбал, нүүрсний экспортын 3 тэрбум орчим ам.долларын алдагдлын 19 тэрбумыг нь зэсийн баяжмалын орлогоор нөхсөн байна. Экспортын нийт орлогын 37 хувийг зэсийн хүдэр, баяжмал, 35 хувийг чулуун нүүрсний орлого бүрдүүлсэн байна.






