
УИХ-аас байгуулагдсан Хянан шалгах түр хороо ирэх 7 хоногт Оюу толгойн гэрээ, түүний цаадах нууц, Монголын талын хүртэх үр өгөөж, зээл болон түүний хүү зэрэг олон жил уг төсөлтэй холбоотой ч тодорхой хариу байдаггүй олон асуудлуудыг нээлттэй сонсголоор гэрчүүдийн мэдээлэл, баримтуудад хийсэн шинжээчийн дүгнэлтээр ил болгох юм.
Хөрөнгө оруулалтын гэрээ болон уг төслийн цаана байгаа Монголын талын ашиг хүртэх боломжоо бид ашиглаж чадахгүй байгаа нэг шалтгаан бол эрчим хүчээ Оюу толгойд зарж чаддаггүй. Харин чи эсрэгээрээ БНХАУ-аас худалдан авч, жилдээ 500 тэрбум төгрөгийг алдаж байгаа явдал юм.
Энэ сэдвээр УИХ-ын гишүүн М.Энхцэцэгээс тодрууллаа.
“Оюу толгой ордыг ашиглахаар байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ бол Монгол Улс анх удаа гадаадын том хөрөнгө оруулагчтай байгуулж, хэрэгжүүлсэн том төсөл. Төсөл дээр бид нар оносон алдсан олон зүйлүүд байгаа. Түүний нэг нь Онтре Гоулдын эзэмшдэг талбай, лицензтэй холбоотой маргаан.
Мэдээж том бүтээн байгуулалт учраас хөрөнгө оруулалт чухал хэрэгтэй, үүнийг зээлээр шийдвэрлэж ч болдог. Гэтэл тэр зээл нь өндөр хүүтэй байсан. УИХ-ын зүгээс ямар ажил хийж болох юм бэ гэдэг нь ерөөсөө л нээлттэй сонсгол. Өөрөөр хэлбэл ард түмэнд энд яг чухам ямар асуудал болоод байгаа гэдгийг нээлттэй сонсох нь маш чухал. Ирэх 7 хоногт хийнэ.
Зээлийн хүүг бууруулахтай холбоотой, мөн Онтре гоулдтай холбоотой асуудал дээр 2 тал хэн хэндээ л ашигтай байх ёстой. Нээлттэй сонсголд нийт 301 хүнийг гэрчээр дуудсан. Үе үеийн Ерөнхий сайд, Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүд гэрчээр дуудагдсан. Хамгийн гол нь яг ард иргэдэд мэдээллийг нээлттэй өгөх гэдэг асуудал чухал байна.
Тухайн гэрээ байгуулагдах үед Ерөнхий сайдаар ажиллаж байсан Санжийн Баярын хувьд гэхэд сонсголд ирж оролцохгүй гэдгээ мэдэгдсэн. Ер нь бол уг сонсголд УИХ-ын гишүүдийн хувьд асар их ач холбогдол өгч байгаа.
Монгол Улсын хувьд Оюу толгойгоос ашгаа хүртэх дараагийн нэг алхам нь уурхайд хэрэглэж буй эрчим хүчний эх үүсвэрийг дотоодоосоо хангах явдал юм.
Өнгөрсөн хугацаанд Оюу толгой Монголоос эрчим хүчээ авах гэхээр эх үүсвэрийн дутагдалтай байгаа учраас Монголоос авах боломжгүй байна гэдэг тайлбартайгаар БНХАУ-аас авч эхэлсэн. Одоогийн байдлаар Оюу толгой төсөл жилдээ 500 тэрбум төгрөгийн цахилгааныг БНХАУ-аас худалдаж авч байна.
Анх Оюу толгой төсөл эхэлж байхад ерөөсөө Монголоос цахилгаан авахгүй ээ гэдэг байсан юм. Засгийн газрын зүгээс Монголоос эрчим хүчээ авах ёстой гэдэг олон удаагийн хэлэлцээрийг Оюу толгой төслийн талтай хийсний үр дүнд Монголын тал Тавантолгойн ДЦС-аа ашиглалтанд оруулсан тохиолдолд эрчим хүчээ дотоодоос буюу Монголоос авъя аа. Ингэхдээ 1квт цагийг 9,5 центээр авъя. Энэ хэмжээ нь инфляцтай уялдуулаад индексжүүлээд өсөөд явж байгаа. Одоо ойролцоогоор бараг 10,5 цент хүрээд явж байгаа.
Өөрөөр хэлбэл,
Тавантолгойн ДЦС-ыг барьчих юм борлуулалт нь аль хэдийн баталгаажсан гэсэн үг. Иймээс Монголын Засгийн газар маш яаралтай Тавантолгойн ДЦСыг ашиглалтад оруулах хэрэгтэй байна. Тавантолгойн ДЦС-ыг барихад 2 их наяд төгрөг хэрэгтэй байгаа. Тэгтэл Оюу толгой руу эрчим хүчээ 500 тэрбумаар зараад эхлэх юм бол 4 жилийн дотор хөрөнгө оруулалтыг нөхчихнө гэсэн үг.
Оюу толгойгоос ашгаа хүртэхэд нэгдүгээрт, сонсголын хүрээнд яригдах гэж байгаа тэр зээл, зээлийн хүүтэй асуудлыг Монгол тал шийдэх нь зайлшгүй шаардлагатай байгаа. Хоёрдугаарт, эрчим хүчээр Оюу толгойг Монголын талаасаа хангаж орлого олох явдал.
Эрчим хүчний салбарын хамгийн том хэрэглэгч одоогоор Эрдэнэт үйлдвэр гэдэг. Эрдэнэт үйлдвэрийн хэрэглээ 130мвт байгаа. Гэтэл Оюу толгойн хэрэглээ 170мвт, бүрэн хүчин чадлаар ажиллаад эхлэхээр 350мвт болох тооцоо гарсан.
Одоо 170мвт хэрэглэж байхад 500 тэрбум цахилгаан хэрэглэж байна шүү дээ. Хэрвээ тэгээд 300 гаруй мегаваттыг хэрэглээд эхэлбэл маш их хэмжээний эрчим хүчний том хэрэглэгч болох юм. Тиймээс Тавантолгойн ДЦС-ыг барих нь Монголын Засгийн газрын нэн тэргүүний асуудлын нэг юм”






