
1977 оноос эхтэй цэнхэр гаригийн хамгийн олон жилийн түүхтэй, хамгийн олон өдөр уралддаг, авто мото спортын олимп гэгддэг “Дакар ралли-2026” уралдаан эхлэх мөч ойртож байна.
Дэлхийн шилдгүүд хуран цугларч, 14 өдрийн турш 8000 км замыг туулж, хурд хүч тэсвэр хатуужлийн гайхамшгийг харуулдаг мото болон автоспортын хамгийн том олимп бол “Дакар Ралли” юм. “Дакар Ралли 2026” ирэх оны нэгдүгээр сарын 3-17-ны хооронд Саудын Арабын Янбу хотод болох бөгөөд мотоцикл, автомашин, ачааны машин гэсэн төрөлд 130 оролцогчтойгоор хөшгөө нээнэ.
Харин энэ удаагийн уралдаанд Монгол Улсаас мото спортын ОУХМ, МУГТ Эрдэнэбилэгийн Халиунболд, ОУХМ Пүрэвдоржийн Мөрөн нар хурд хүч, авхаалж самбаа, бэлтгэл сургуулилтынхаа үр дүнг сорихоор бэлтгэж байна.
Ингээд бид “Дакар ралли-2026” уралдааны элсэн замд мөрөөдлөө биелүүлэхээр бэлтгэж буй Мото спортын Олон Улсын Хэмжээний Мастер Пүрэвдоржийн Мөрөнтэй ярилцсанаа хүргэе. Түүний хувьд хоёр дахь үеийн Мото спортын тамирчин билээ.

-Сайн байна уу? Бэлтгэл сургуулилт дажгүй юу?
-Сайн сайн байна уу. Биеийн хүчний буюу кроссфитийн бэлтгэлээ тасралтгүй хийж байна. Энэ жилийн бэлтгэлийн хувьд биеийн бэлтгэлээ л ер нь сайн хангаж байна даа.
Энэ жилийн хувьд яг ийм байранд орно гэхээс илүү амжилтаа ахиулах, өмнө нь “Дакар ралли”-д оролцож байсан ах нарынхаа амжилтын буухиаг үргэлжлүүлэх зорилгыг тээж яваа.
Маш олон хүмүүс намайг дэмжиж байгаа. Тэр хүмүүсийн дэмжлэгийн ачаар явахаар зориод бэлтгэж байна. Боломж бололцоо нь байсан бол наана нь Саудын Арабад очоод цаг агаарын нөхцөл байдалдаа дасан зохицох, бусад бэлтгэлээ хангахаар зорьж байсан боловч хожимдсон маягтай явж байна.
-Тэнд Монголын говиос ч халуун, бас замын хувьд тамирчны тэсвэр тэвчээр, хатуужлыг дээд түвшинд сорино?
-Өндөр темптэй олон өдрөөр уралдахаас гадна 8 мянган км замыг туулах учраас аль болох өөрийнхөө биеийг зовоогоод л бэлтгэж байна. Тэгвэл тэнд очоод илүү хөнгөн байх тал дээр нь л ажиллаж байгаа. Арабад очоод өглөө болгон үүрийн 04:00 цагт босоод л, өдөржингөө уралдана. Тэгээд л аль болох эрт босоод л биедээ дасгах гээд л хичээж байна.


-“Дакар ралли”-гийн зам маш хүнд хэцүү, даван туулахд бэрх байдаг?
-Энэ жилийн замын хувьд 85% нь шинэ зам гэж яригдаж байгаа. Өмнөх Дакарт уралдсан сэтгэл зүй дээрээ ажиллаад, алдаагаа давтахгүй, илүү эрч хүчтэй оролцохоор тэмүүлж яваа. Гэсэн хэдий ч 85% шинэ зам хүлээж байгаа учраас биеэ сайтар бэлдээд л, сэтгэл зүйгээрээ гайгүй байх гэж бодож байна.
-“Дакар ралли” бол авто болон мото спортын “Олимп” хэмээн нэрлэгддэг. Хамгийн гол нь энэ тэсвэр, тэвчээр хатуужлын илэрхийлэл болсон уралдаанд олон аавын хөвгүүд эр зоригоороо өрсөлддөг. Дагаад хөрөнгө мөнгө, санхүүгийн зардал ч маш өндөр гардаг. Уралдаанд уралдах мотоцикл түрээслэх, ирэх очих, байрлах зардлаас эхлээд өндөр өртөгтэй спорт. Гэхдээ нэг хувь тамирчин гэхээсээ илүүтэй Монгол Улсын нэрийг дуурсгаж яваа учраас элсэн цөлд мөрөөдлөө биелүүлэхэд 1 алхам ойртохын төлөө санхүү зардлын асуудлаа хэрхэн, яаж зохицуулж байна вэ?
-Тийм. Пэйж нээгээд, ажиллуулаад явж байгаад энэ оны 7 сараас хойш замын зардлаа хөөцөлдөж гүйж явна. Дунд нь зарим зүйлүүд угаасаа болохгүй, шантармаар ч үе байлаа. Тэгээд дунд нь бууж өгөх ч юм уу, сэтгэл санаагаар унах ч юм уу зүйлүүд зөндөө байсан л даа. Тэгээд олон компаниудын үүд хаалгыг татаад л, танилцуулгаа үзүүлээд, уулзаад л яваа. Гэхдээ 1-3 хоногийн дараа боломжгүй байна гэдэг ч юм уу, тэгээд л ер нь асуудлууд маш их тулгардаг юм байналээ.
Ингээд саяны 11 сард ойр хавийн хүрээлэл, ах дүү, найз нөхдөөсөө л гуйж, дэмжлэг авъя даа гэсэн шийдвэрт хүрсэн. Тэгээд тогоон доторх хүмүүсээсээ гуйгаад л дэмжлэг хүсээд, бичлэг хийж, ийм зорилго мөрөөдөл тээж, нэг ийм залуу ингээд Дакарт оролцох гэж байгааг олон түмэнд бас нэг таниулаад үзье. Авто, мото спортоо сурталчилъя.
Ар талаас намайг дэмжиж, харж байгаа гарч ирэх олон залуучууд бий. Тэд нарт ингээд тэмүүлээд зоривол бүтдэг, болдог. Өндөр зардал, мөнгөний ард гарч болдог юм шүү гэдгийг харуулах гэж л их хичээж байгаа. Санасныг бодвол дажгүй.(инээв)


П.Мөрөн: Хэрвээ бэрхшээл тулгарахгүй бол Мөрөн Дакарт
яг хаана хүрэх вэ гэдгийг энэ жил зорьж яваа
-Монгол Улсынхаа нэрийн өмнөөс “Дакар ралли”-д хоёр дахь удаагаа уралдахаар зэхэж байна. Бүх зүйлд боломж бий гэдгийг олж харсан нь мэдээж урагшлах амжилтанд нь илүү эерэгээр нөлөөлөх байх?
-Миний зүгээс бүгдийг ер нь гоё сайхнаар л харж байгаа. Би тэнд амжилт үзүүлнэ, өмнөхөөсөө сайн явна. Өнгөрсөн жил гэж яриад байгаа боловч 2025 оны 1 дүгээр сарын 01-17-нд саяхан өмнөх Дакарын замд уралдсан. Тухайн үед эхний 2 дахь өдрөөсөө эхлээд л унаж бариад л хуруу гар гэмтэх жишээний. Унаж уралдсан мотоциклын моторт хүртэл асуудал үүсээд, гэнэтийн том том бэрхшээлүүд тулгарсан. Одоо тийм бэрхшээлүүдийг гарахгүйгээр явбал Пүрэвдоржийн Мөрөн Дакарт яг хаана хүрэх вэ гэдгийг л энэ жил зорьж байгаа.
Мөн дээрээс нь ганц би биш энэ жил 2 тамирчин Монгол Улсаас уралдах болсонд би маш их баяртай байгаа.
-Энэ жил Мото спортын ОУХМ Эрдэнэбилэгийн Халиунболд та хоёр Монгол Улсаа төлөөлөн өрсөлдөхнээ?
-Тийм. Би багадаа Э.Халиунболд ахын фэн, шүтэн бишрэгч нь байлаа. Ингээд биширдэг тамирчин Э.Халиунболд ахтайгаа хамт Дакарын замд уралдах болсондоо сэтгэл хөдлөлийн хувьд маш гоё байгаа. Тэр элсэн цөлд ганцаараа бус ханьтай нэг хүн байгаа гэдэг талаасаа сэтгэл өег байна. Мөн дээрээс нь харж өссөн, уралдааныг нь шимтэн үзэж, шүтэж өссөн тамирчинтайгаа хамт уралдана гэж бодохоор сэтгэл зүй дүүрэн байна.
П.Мөрөн: Багадаа уралдааныг нь шүтэн биширч, дэмжиж өссөн Э.Халиунболд ахтайгаа хамтдаа
Дакарын замд уралдана гэхээр сэтгэл өег байгаа


-Их гоё онцгой түүх болохнээ?
-Нэг талаасаа маш олон хүмүүс намайг харж байгаа. Бид хоёрыг өрсөлдөгч гэж харж байгаа. Миний зүгээс бол би тэр хүнтэй өрсөлдөнө гэж ерөөсөө яваагүй. Харин би тэнд өөрөө өөрийгөө ядан дийлнэ. Өмнөх уралдаанд өөрөө өөрийгөө ялан дийлээгүй, бас тэр хэцүү зүйлүүдийн ар талд гарахыг л ер нь зорьж байгаа. Түүнээс биш Монголоос 2 тамирчин явж байгаа гээд “Нэг баг” гэж харалгүй, хүмүүс өрсөлдөх талаас нь л хараад байгаа л даа.
Та хоёр Дакарт уралдана, ерөөсөө л өрсөлдөгч учрааас хэн нь илүү байхыг харна гэх жишээний хүмүүс их бий. Миний зүгээс Халиука ахыг гүйцэх гэсэн бодолгүй байна. Яаж ийж байгаад л сайхан нэг нэгийгээ түшээд ч хамаагүй, хамтдаа уралдаанаа дуусгах тийм зорилго тээгээд явж байгаа. Хэдий бид хоёрын баг нь тусдаа, төлөвлөгөө нь хоёр тусдаа боловч бид хоёрын уралдаж буй уралдаан нэг. Дээр нь нэг Монгол хэмээх улсын тамирчид.


-Та хоёр, хоёр өөр багийнх ч гэлээ нэг Улсын тамирчид учраас нэг л төрийн далбаагаа мандуулаад уралдаандаа оролцоно. Тиймээс тэр элсэн цөл, хүнд хэцүү замд ханьтай уралдана гэдэг нь өөрөө маш гоё том боломж?
-Тийм. Нэгнээ гэсэн сайхан сэтгэлээр чадах зүйлээрээ хамтдаа туслаад, дэмжээд л ард нь хамтдаа гарна даа. Маркетингийн ажил, явж байгаа процесс нь хүртэл тусдаа ажиллаж байна. Асар өндөр зардал гарч байгаа учраас хамтдаа зардал, санхүүгээ хайлцаад олоё гэж төлөвлөсөн боловч нийт өртөг өндөр. Тиймээс тус тусдаа явъя аа гэдэг шийдвэрийг гаргаад өнгөрсөн 7 сараас хойш хөөцөлдөөд гүйж байна.


-“Дакар ралли-2026” уралдааны номер, дугаар нь ирсэн байсан?
-Сая бараг 7 хоногийн өмнө дугаар маань ирсэн. 79 гэдэг нь ерөнхийдөө эрэмбэлэгдэж байгаа гэсэн үг. Дэлхийд 150 номероос 79 дээр үнэлэгдэж байгаа. Үүнийгээ ахиулах л зорилготой болж өгвөл 01, 02, 05 гээд л тэгээд л том мөрөөдөж байж, цаана гарахыг зорин хичээж байна.
Өмнөх уралдаанд чадаагүйгээ хийж чадаад, хүмүүсийн харуулж чаддаггүй зүйлүүдийг тэнд харуулъя. Мөн хэцүү бэрх зүйлийг нь ч харуулъя, гоё сайхан зүйлийг нь ч харуулъя гэдэг зорилготой л явж байна даа.


-Энэ удаагийн Дакарын замд уралдах мотоциклоо хаанаас, хэрхэн яаж түрээслэх вэ?
-Энэ удаад Испани улсын “Экстрем Рэйтс” гээд баг бий. Тэр багаас мотоциклын үйлчилгээг аваад, түрээсийн үйлчилгээ нь 85 мянган евро. Тэгээд гүйж, хайж яваад олсон ихэнх зардал мотоциклын түрээсэнд явчихаж байгаа.(инээв) Ямар ч байсан шинэ мотоциклоор уралдана. Өнгөрсөн жил засвар үйлчилгээ хийгдсэн, шинэ мотор тавьсан гэсэн мотоцикл аваад, тэр нь асуудалтай, мотор нь эвдрээд гэнээтийн төсөөлөөгүй зүйл болсон. Тийм харамсалтай юм зүйл болсон.
Одоо хоёр дахь удаагаа Монгол улсынхаа төрийн далбаагаа мандуулах гэж байна. Өмнөх уралдаанд гарсан шигээ сайхан Монгол дээлээ өмсөөд л гарна даа. Тэгээд л уралдаанаа амжилттай дуусгаад л, дахиад л дээлээ өмсөөд гарна гээд нүдэндээ хараад л төсөөлөөд байж байгаа.
Намайг үргэлж дэмжиж байгаа болон одоо миний ярилцлагыг үзэж, уншиж буй хүмүүстээ маш их баярлалаа гэж хэлмээр байна. Ямар ч байсан “Дакар ралли” уралдаан болох Саудын Арабын ДАШТ дээр уулзацгаая.
Ярилцсанд баярлалаа.


ОУХМ П.Мөрөнгийн видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






