
“Их говийн манаач” баримтат кино өнөөдөр Шангрила төвийн ІМАХ театрт нээлтээ хийлээ.
Тус баримтат киног хэвлэл мэдээллийн Eguur News arентлаг ерөнхий продюсероор ажиллан бүтээжээ. Харин “Дасгалжуулагч”, “Дурсаж яваарай” зэрэг цөөнгүй уран сайхны бөгөөд баримтат киногоор үзэгчдийн талархлыг нэгэнтээ хүлээсэн Э.Ган-Очир найруулсан байна.
“Их говийн манаач” баримтат кино алтайн өвөр говьд цөөн тоогоор мэнд үлдсэн, үндэсний бахархалт амьтан мазаалай баавгайн сэдвийг хөнджээ. Урьд өмнө мазаалай баавгайн талаарх кино, нэвтрүүлгүүд нь ихэвчлэн танин мэдэхүйн шинж чанартай хийгдэж байсан. Тэгвэл энэ удаа мазаалайн талаар мэдээлэл өгөхөөс гадна түүний амьдардаг орчныг гойд дүрслэн үзүүлж, байгаль хамгаалагч, эрдэмтдийн нөр их хөдөлмөрийг анх удаа дэлгэн харуулснаар онцлог болжээ.
Тухайлбал, Говийн их дархан цаазат газрын А хэсгийн хамгаалалтын захиргаанд ажилладаг байгаль хамгаалагчдын амьдрал, нэн эмзэг говийн экосистемийг хадгалж хамгаалахын тулд хичээж буй цаг наргүй хөдөлмөрийг баримтат кинонд харуулжээ.
Мөн мазаалай баавгайн бодит дүрсийг авахын тулд дөрвөн улирлын зураг авалтыг тууштай хийж, ВВС агентлагийн ашигласан автомат камерыг суурилуулж ажилласныг уран бүтээлчдийн баг онцолж байлаа.
“Их говийн манаач” кинонд ийнхүү мазаалайн хэд хэдэн цоо шинэ дүрс авагдсанаар үндэсний хэмжээний ач холбогдлыг олж, хүн бүр очиж үзэх боломжгүй алтайн өвөр говийн үзэсгэлэнт дөрвөн улирлын өнгийг дүрсэлжээ.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон “Эрдэнэ монгол” компани “Их говийн манаач” кинонд бодлогын бөгөөд санхүүгийн дэмжлэг үзүүлжээ. Цаашлаад “Номин холдинг”, “Мазаалай” зочид буудал зэрэг бүхий л хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлсэн байгууллага, хувь хүмүүст нээлтийн арга хэмжээний үеэр талархал илэрхийлэв.






