
Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод 1,6 сая хүн амьдардаг. Үүнээс 300 мянга гаруй айл өрх гэр хороололд амьдран, аж төрдөг гэсэн тоон судалгаа бий. Аа гэхдээ энэ бол зөвхөн цагаан цаасан дээрх тоо…
Хүн энэ л амьдрал ахуйгаа өөд татах эсэх нь хувь өөрөөс нь голлон шалтгаалдаг. Гэхдээ иргэнийхээ төлөө, хүнийхээ сайн сайхны төлөө төр засгаас нь гар хүрч чадах бүх л зүйлдээ бодлогоор дэмжих нь зүйн хэрэг.
Гэвч өдрөөс өдөрт хүүхэд багачууддаа, хүндээ, иргэндээ ээлгүй орчин бий болсоор буй нь хоёр нүдний өмнө илхэн…Угтаа бол эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох, ажиллаж, амьдрах эрхээ бүрэн дүүрэн эдэлчихмээр.

“Өрөг.mn” сайтын зүгээс 12 дугаар сарын 02-ноос 03-нд шилжих шөнө “Шөнийн сурвалжилга” бэлтгэх зорилгоор сурвалжлах баг камер болон микрофоноо аваад л гэр хорооллыг зорилоо.
Зарим газраа гэрэлтүүлэг муутай, харанхуй орчинд тэмтчин гэлдрэхээс гадна халтирч унахаас хором тутамд сэрэмжилж бээцэгнэн алхсаар л…Тэгэж бүдчин явахад эргэн тойронд хашааны завсраар хаа сайгүй нохдын хуцах дуу сүрдэм.
Үүнтэй зэрэгцэн түлшний олдоц ховор, жавар тачигнасан хүйтэн энэ өдрүүдэд орон гэртээ ч даарч, бээрсээр хорвоогийн өдрүүдийг хүндхэн үдэж басхүү цаг үе өөрчлөгдөж, гоё болноо гэсэн итгэл дүүрэн, угтаж байгаа айл өрхтэй ч нэг алхаад л таарч явав.
Ингээд бид БЗД-ийн 5, 21, 27, 31 дүгээр хорооны айл өрхийн иргэдтэй уулзаж, дараах сурвалжилгыг бэлтгэлээ.
Улаанбаатар хотод 22:00 цаг, гадаа -24 хэмийн хүйтэн байв. /БЗД-ийн 27 дугаар хороо, эргэн тойрон хашаа хороогүй, хав харанхуй орчинд амьдардаг хэдэн гэрийг зорин очив/
-Сайн байна уу? Яг энэ уулын энгэр лүүгээ өгсөөд бүр илүү хүйтэн байна. 7 хоногт 7 шуудай түлш олгодог гэхээр өдөрт 1 айл, нэг шуудайг түлэх ёстой. Гэтэл жавар тачигнаж байгаа энэ хүйтэн өдрүүдэд иргэд даарахаас өөр сонголт үлдэж байна даа?
-Сайн сайн байна уу. Ер нь бол тэгж байгаа шүү дээ.
7 хоногт яг ид хүйтэрч байгаа үед нэг өдөрт 2 шуудай, хамгийн багадаа нэг бүтэн, нэг талтайг л хэрэглэж байна шүү дээ. Түлшний хувьд илч нь муу, яг удахаараа унтарчихдаг, тортог бага хэрнээ нэг тийм сонин эхүүн муухай үнэртэй байна. За тэр нь дүүрчээ гэхэд яг нүүрсийг нь авах гэж бас зовно. Ерөөсөө олдохгүй, борлуулдаг цэг дээрээ ирчхээд дорхноо дууссан, байхгүй гэсэн л хариулт авч байна.


Иргэд: Түлшний олдоц муу, дээр нь нэмээд ямар ч илчгүй байна
-Танай гэр бүлийн хувьд өдөр өдөрт нь түлшээ авч байна уу?
-Би чинь орой ажлаа тараад л ирдэг, тэгээд орой 20:00 цагаас хойш түлш өгөхгүй гээд л цэгүүд нь хаачихсан байдаг. Худалдаалдаг цэгүүд нь ч цөөрөөд, барагтай л олоход хэцүү болчихсон.
Тэгээд зарим нэг нь зардаг нэртэй, худлаа яриад л байхгүй. Зарим нэг нь ажиллаж байгаа хэрнээ түлш ирээд л дорхноо дуусчихдаг гэнэ.
-Яг иргэдийн амьдрал ялангуяа танай амьдрал жилээс жилд ажиллаад л байдаг, олоод л байдаг, яг тэр нь амьдралын өртөгтөө хүрэлцэж чадаж байна уу?
-Өө маш хүнд байна. Зүтгээд л байдаг, ажиллаад л байдаг. Олсон хэдэн цөөхөн мөнгө нь хаанаа ч хүрэлцэхгүй.
Манай гэр бүл 6 хүүхэдтэй. Өглөөнөөс орой хүртэл тасралтгүй ажиллана. Ажлаа тараад орой ирээд л нүүрсээ хэрхэн, яаж авах уу, тэр нь олдохгүй хэцүү байгаа болохоор бүр стресс нэмээд, асуудал болчихно.
-Танайх энд хэдэн жил амьдарч байна?
-Манайх 15 дахь жилдээ амьдарч байгаа.


Иргэн: Намайг бага байхад гэрэлтүүлэггүй харанхуй орчин, айдас хүйдсээр дүүрэн гудамжнууд өөдөөс угтдаг байсан. 10 жилийн дараа яг л хэвээрээ…
Улаанбаатар хотод 22:50 цаг, гадаа -26 хэмийн хүйтэн байв. /БЗД-ийн 31 дүгээр хороо/
-Сайн байна уу? Энэ хавийн орчимд огт гэрэлтүүлэг байхгүй, алхах тун хэцүү халтиргаа ихтэй байна. Ядаж гэрэлтүүлгийн асуудлыг шийдэж өгдөггүй юмуу?
-Халтиргаа маш их. Ямар сайндаа бид халтирч унаж, гэмтэж бэртэхээс сэргийлэн, удаан алхсаар гэртээ харих гэж хамаг цагаа барчихдаг. Бүх гэрэл нь ажилладаг байсан хэдий ч сүүлийн 1 жилийн туршид гэрэлтүүлэг нь шатсан юмуу, ажиллахаа больсон уу, ийм таг харанхуй болчихсон.
Ер нь өвлийн цагаар маш хэцүүхэн л байдаг л даа.
-Сурдаг уу, ажил эрхэлдэг үү?
-Би ажил эрхэлдэг юм. Уг нь сурч байгаад, их сургуулийн 2 дугаар курсээс сургуулиа орхисон. Одоогийн байдлаар ажил эрхлээд л, хувиараа хөдөлмөрлөөд л амьдардаг.
-Амьдралын шаардлагаар сургуулиа орхижээ. Өдөр тутмын үнийн өсөлт амьдралд нь хэрхэн нөлөөлж байна вэ?
-Ажиллахаас өөр сонголт үлдээгүй учраас сургуулиа орхих шийдвэрийг гаргасан. Гэхдээ залуу хүн учраас хэтдээ суралцах бодол, зорилго бий.
Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт ард иргэдийн нуруун дээр маш хүнд ачаа үүрүүлж байна. Хоол хүнсээ худалдаж авахаар, бидний авч буй цалин хаанаа ч хүрэлцэхгүй байгаа.
-Энд хэдэн жил амьдарч байна вэ? Гэр хорооллын орчин тойрон иргэндээ ээлтэй байж чадаж байна уу?
-Би 8 жил амьдарч байна. Намайг бага байхад л орчин нөхцөл ийм байсан. Одоо би 21 настай, яг л олон жилийн өмнөх шигээ хэвээрээ л байна. Ер нь ээлгүй шүү дээ. Уул нь эх орондоо амьдарчихмаар байдаг. Гэтэл өдрөөс өдөрт амьдрахад улам л хүнд болоод байна…


Иргэн: Түлэх түлш олдохгүй зарим үед түлээ түлдэг. Гэхдээ 8000 төгрөгөөр жижигхэн шуудай түлээд авч түлээд ч, дорхноо шатаад дуусчихдаг учраас гэртээ байнга л даарч суугаа
Улаанбаатар хотод 23:30 цаг, гадаа -26 хэмийн хүйтэн байв. /БЗД-ийн 5 дугаар хороо/
-Сайн байна уу? Танай гэр бүлийнхэн түлшээ хэрхэн олж авч байна вэ?
-Сайн байна уу. Улаан шуудайтай, бор шуудайтай гээд хоёр янзын түлш байналээ. Улаан шуудайтай нь болохоор нунтаг маш ихтэй, ерөнхийдөө энэ Налайхаас гардаг нүүрс тиймэрхүү байдаг шүү дээ. Илч нэлээн муутай, цогшоод л байж байгаад, асаад л дуусчихдаг юм билээ.
Бор шуудайтай нь шахмал түлш.
-Түлш олдоцын хувьд хэр байна?
-Яг иргэд 7 шуудайгаа л авч байгаа шүү дээ. Тэгээд хувийн жижиг машинтай улсууд бол амьжиргаа цагаанаараа зөөдөг улсууд байгаад байгаа байхгүй юу. Айлуудад хүргэж өгдөг. Тэд нартаа болохоор бөөн бөөнөөр нь өгчхөөд байналээ. Тэгээд иргэд нь очоод авах гэхээр дуусчихсан гээд асуудал үүсээд байгаа юм болов уу гэж бодоод байна.
-Танайх байшинд уу, гэрт амьдардаг уу? 1 өдөрт 1 шуудай түлш гэхээр хэрэглээндээ таарч байна уу?
-Манайх гэрт амьдардаг. Би ажилдаа гараад явчихаар өдөртөө нэг тал шуудай нүүрс л яг таарчхаад байгаа юм. Тэгээд яг бүтэн өдөр гэртээ байдаг хүүхэд, хүмүүс бол ганцхан шуудай нүүрс түлээд суухаар, хаанаа ч хүрэхгүй шүү дээ. Одоо тэгээд энэ хүйтэн байгаа учраас бүр их түлш хэрэглэхээс өөр гарцгүй шүү дээ.


Иргэн: Ханиад ч хүрэх эрхгүй бидэнд өвдвөл эмний үнэ хүнд цохилт болж байна
-Ханиад, томууны улмаас бага ангийн хүүхдүүдийн хичээлийг цахимд шилжүүлчихлээ. Танайх хэдэн хүүхэдтэй вэ?
-Манайх хоёр хүүхэдтэй. Бага нь энэ жил 2 дугаар ангийн сурагч. Хэсэг байж байгаад л цахимд шилжүүллээ, хичээл нь орохгүй болчихлоо гэх юм. Үнэхээр хэцүү байна. Яг сурч мэдэх ийм насан дээрээ боловсролоос нь хойш татаж зулгуугаад байгаа бүдүүлэг үйлдэл.
Манай бага хүүхэд тооны хичээл дээрээ яг ид хүрдээ үзээд л овоо хөөрхөн зүгшрэх гээд байж байтал багш нарын ажил хаялт, залгаад удалгүй цахим хичээл гээд шилжүүлчихлээ. Хэлэх үг ч олдохгүй сууна.
Угтаа бол Монгол Улсын төрөөс иргэндээ, хүндээ ээлтэй бодлогоор дэмжих атал улам л хаагаад, боогоод л, оочерлож дугаарлуулаад, шахаад хавчаад байх юм. Сүүлдээ бүр өвдөх ч эрхгүй болж байна шүү дээ. Эмний үнэ нь тэнгэрт тулчихсан, бүр бизнес болчихож.
Саяхан би гэхэд л ханиад хүрээд ганц, хоёрхон эм аваад л 40-50 мянган төгрөг болчихсон. Залгаад манай бага охин ханиад хүрчихсэн. Бас ахиад л эм, тан. Энэ их утаа угааранд ханиад томуунаас салахгүй, хүүхдүүдийн боловсрол мэдлэг хойш нь чангаагдаж, юмны үнэ улам бүр өссөөр л. Ер нь яг яаж амьдрах ёстой юм. Улам л хэцүү болоод байх юм.


Иргэн: Хүүхдүүд маань хичээлээ тасалдалгүй сурч, боловсрол бүрэн дүүрэн эзэмшмээр байна.
Гэтэл завсар л гарвал хичээлийг нь цахимд шилжүүлж, хааж буй нь маш “бүдүүлэг шийдвэр”
-Энэ хавийн сургуулийн ойр автозамын уулзварууд ихтэй. Зам, гарцны хувьд хүүхэд багачуудад эрсдэл бүхий л харагдаж байна?
-Яг сургуулийн хажууд энэ автозамыг баахан уулзвартай хийчихсэн. Бүр 4 уулзвар байна. Хүүхдүүд сургуулиасаа гарч ирээд, зам хөндлөн гарцаараа гарах гэхээр огцом эргэлттэй уулзвараар машинууд гэнэт гэнэт гарч ирдэг.
Автозамын осол гарахад маш ойрхон, тун хэцүү. Гэр хорооллын яг энэ зам халтиргаа гулгаа маш ихтэй. Хажуугаар нь явган хүн алхаад гэртээ харихад халтиргаа ихтэй, ер нь л айж, бэргэсэн, алха тутамдаа хүндхэн нөхцөл тулгардаг даа.
Улаанбаатар хотод 00:10 цаг, гадаа -26 хэмийн хүйтэн байв. /БЗД-ийн 5 дугаар хороо/
-Танай энэ хавьд түлшний олдоц ямар байна вэ?
-Өө маш хүндхэн байнаа. Олдоц муу, дээр нь тэр коксон түлш илч муутай, гэр дулаацуулж чадахгүй байгаа. Манай хашаанд нийт 4 айл амьдардаг.(1 айлын том хашаанд нийт 4 монгол гэртэй айл хамтдаа амьдардаг ажээ)
-Түлшээ хэрхэн яаж олж авч байна?
-Манай хашааны 4 айлын хоёр нь л түлшээ авч чаддаг. Нөгөө хоёр айл нь авах гэхээр түлшээ авчихсан байна, лимит нь хэтэрсэн тул дахин олгохгүй, картны олголт чинь авбал зохих түвшиндээ хүрчихсэн, автоматаар хаагдчихсан байна гэдэг.
-Тэгэхээр түлшээ авч чадаагүй нөгөө хоёр айл нь энэ хүйтэн өдрүүдэд яажшуухан амьдарч байна гэсэн үг үү?
-Түлш авсан нөгөө хоёр айлаасаа түр зээлдэг. Заримдаа 1 шуудай нь 8000 төгрөгийн үнэтэй мод авч түлдэг. Маш хэцүү шүү дээ.


Иргэн: Хотын төв цэгээс 5-хан километрийн цаана очиж, нүдээ нээцгээ томчуудаа!
Улаанбаатар хотын төв талбайгаас буюу Төрийн саарал ордноос ердөө 5 километрийн цаана гэр хорооллын нэгэн үдэш ийм л дүр зурагтай байна. Өдөр бүр хотын төвөөр халтирдаг плитан зам дээр алхдагаа шүүмжлэн шогширдог бид харин ч тохитой замаар алхдаг юмуу даа гэлтэй…
Харин гэр хороололд тэр дундаа уулын бэл орчимд жирийн л нэгэн айл өрхийн иргэдийн амьдрал харанхуйд зөв зүгээ олж ядан бүдчинэ…Тэд халтираад унавал бэртэнэ, ханиад хүрвэл эмийн үнэнд дарлуулна, даарвал түлш нь олдохгүй, талхны үнэ нэмэгдвэл өлсөх үү, бүсээ чангалах уу гэхээс өөр гарц гаргалгаа үгүй…
Амьдрал үргэлжилнэ. Маргааш ч гэсэн хорвоогийн нэгэн шинэ өдрийн наран мандана.
“Мөрийн хөтөлбөрөө эргэн санацгаая” Улсын Их Хурлын гишүүд ээ. Сонгууль 3 жилийн дараа дахин болно.
Харин ард иргэд мэргэн ухаанаар, зөв цагтаа, зөв “Сонголтоо хийх” өдөр айсуй…
Гагцхүү эргэн уулзах нүүртэй л амьдрахсан даа…
Иргэдийн видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






