
Хянан шалгах түр хороо нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголыг 12 дугаар сарын 8-12-ны өдрүүдэд зохион байгуулахаар болж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсголд 300 гэрчийг дуудсан. Тэдний дунд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогтыг гэрчээр дуудсан. харин тэрбээр гадаад томилолттой тул нээлттэй сонсголд оролцох боломжгүй гэлээ.
Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт:
“Оюу толгойн сонсгол дээр яригдах зүйл нь яригдана биз.
Түр хорооны хийж байгаа сонсголтой, сонсголгүй Монгол Улсын Засгийн газар төслийг сайжруулах, Монголын ард түмэнд үр өгөөжтэй болгох, анх хөрөнгө оруулалтын гэрээ хийж байсан үеийн 53%-ийн өгөөжийг Монголын ард түмэнд авчрах тал дээр ажиллаж байгаа. Үр дүн гаргана.
Анх бид нар хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж байх үед Монголын талд Монгол Улсын ард түмэнд ноогдох үр өгөөж нь 53% байна. Хөрөнгө оруулагч компанид ноогдох үр өгөөж нь 47% байна гэсэн хөрөнгө оруулалтын гэрээ анх байгуулсан байдаг.
Яг өнөөдөр бодит байдал дээр тэгвэл хөрөнгө оруулагч компани буюу Рио тинто компанид ноогдож байгаа үр өгөөж нь 75%, Монголын талд ноогдож байгаа үр өгөөж нь 25% байгаа.
Анх ярьж байсан хөрөнгө оруулалтын гэрээнд тохирсон энэ хэмжээнд анх амлаж байсан амлалтдаа хүрээч ээ гэдэг шаардлагыг бидний хэлэлцээрийн ажлын хэсэг буюу Б.Жавхлан, Г.Дамдинням сайд нар маш эрчимтэй тавьж ажиллаж байгаа.
Хөрөнгө оруулалтын зээлийн хүүг бууруулах тал дээр тодорхой үр дүн гарах ёстой гэж харж байгаа. Менежментийн гэрээний төлбөр гэж зардал дээрээ суурилсан 6%-ийн төлбөр авдаг. Үүнийг цэгцлэх ёстой.
Гэтэл энэ хөрөнгө оруулалт, хувь нийлүүлэгчдийн гэрээнд хэр их зардал гарна тэр зардлаас нь 6% ав аа гэсэн тийм гэрээ хийчихсэн. Тийм болохоор Оюу толгой компани өнөөдөр ашиггүй ажиллаад байгаа. Зээлийн дарамтад ороод байгаа, монголчуудын өрөнд ороод байгаа асуудал үндсэндээ зардал гаргаад байх тусмаа гүйцэтгэх удирдлагууд нь гарсан зардлаасаа 6%-ийн урамшуулал авдаг.
Энэ буруу гэрээтэй холбоотой. Үүнийг өөрчлөөд орлого үр дүнгээс нь 6%-аа авна уу, 3%-аа авна уу ийм болгож өөрчлөх юм бол энэ Оюу толгойг удирдаж байгаа гүйцэтгэх удирдлагууд нь илүү Оюу толгой төслийг илүү үр өгөөжтэй байлгах хөрөнгө оруулсан талдаа ч тэр, Монголын ард түмэн ч өгөөжтэй байлгах талд илүү анхаарна”






