
IQ Академи боловсролын төвөөс хоёр дахь жилдээ зохион байгуулсан бага ангийн Математикийн стандарт олимпиад энэ онд цар хүрээ, оролцоогоороо шинэ рекорд тогтоолоо. Улсын хэмжээнд 2000 гаруй сурагч бүртгүүлж, 1800 хүүхэд Улаанбаатар болон хөдөө орон нутгийн бүс нутгуудаас зорин ирж оролцсон нь өнгөрсөн оныхоос 6 дахин өссөн үзүүлэлт байв.
Энэ өсөлтийн гол шалтгаан нь зөвхөн академик шалгалтын чанарт бус, харин хүүхэд нэг бүрийн мэдрэмж, багш нарын хөдөлмөрийг хүндэтгэн үнэлдэг онцлогт оршиж байна.
“Олимпиад бол зөвхөн шилдэг нь бус, хүссэн бүх хүүхдүүд өрсөлдөх эрхтэй”
Эл уралдааны гол зорилго нь хүүхэд бүрд тэгш хүртээмжтэй оролцох боломж олгож, “олимпиад зөвхөн шилдгүүдийн газар” гэсэн буруу ойлголтыг эвдэх явдал байв. Хүүхдүүд уралдаан эхлэхээс өмнө багшдаа “Бидэнд ийм гоё батламж, лабубу тоглоом, ундаа өглөө” хэмээн баяр хөөртэй зургаа илгээж байсан нь тэд шалгалтдаа айдасгүй, аз жаргалтайгаар оролцож байсныг харуулна.


Нийслэлийн 15-р сургуулийн бага ангийн багш Ч.Болормаа:
“IQ Академийн олимпиад өнгөрсөн олон уралдаануудаас ялгаатай нь хүүхдэд аз жаргал, итгэл өгсөн олимпиадыг бий болгосон. Даалгаврын боловсруулалт тун сайн. Нэгдүгээр байранд 70 онооноос 67 оноо авсан нь шалгалт хүүхдийн нас, сэтгэхүйд яг тохирсны илрэл.”
Тэрээр мөн хамгийн бага оноо гурван байсан нь хүүхдүүдийг тэг оноогоор урам хугалахаас хамгаалж, суралцах хүсэл, оролцоог нь хадгалсан чухал шийдэл гэдгийг онцоллоо.
Олон жил багшилсан түүний хэлснээр, бусад олимпиадад зөвхөн хэдэн багшийг “уяач”, “амжилттай багш” гэх нэрээр хааяа нэг шагнадаг бол IQ Академи багш нарын хөдөлмөрийг өргөн хүрээнд үнэлсэн нь хамгийн том давуу тал байв.
“Шавь нараа бэлдэнэ гэдэг бол багшид цаг, сэтгэл их шаарддаг. Тэр хөдөлмөрийг үнэлсэн нь үнэхээр сайшаалтай.”


IQ Академийн үүсгэн байгуулагч Л.Алтанцэцэг:
“Хүүхэд бүр инээмсэглэлтэй орж, аз жаргалтай гарч байгааг харах хамгийн сайхан нь”
“Би 30 жил боловсролын салбарт ажилласан хүн. Олимпиадад орж буй хүүхэд бүрийг айдасгүй, өөртөө итгэлтэй, инээмсэглэл дүүрэн байхыг л хүсэж энэ олимпиадыг бүтээсэн. Хүрч ирсэн хүүхэд бүрийн баярласан харцыг харах тэр мөч бол хамгийн үнэ цэнтэй нь.”


Энэ удаагийн уралдаанд анх удаа оролцсон Э.Цолмонбаярын хүү тавдугаар байрт шалгарчээ. Тэрбээр:
“Хүү маань өөрийгөө сорьж, үнэхээр хичээсэн. Бидний хувьд энэ бол зөвхөн шагналт байраар хязгаарлагдалгүй, хүү минь өөрийгөө ялсан ялалт байлаа” хэмээн сэтгэгдлээ хуваалцсан юм.


АБ Рояаль сургуулийн захирал Ч.Мөнхзул
Олимпиадад оролцсон хүүхэд бүрт Ирмүүн студиэс эрхлэн гаргадаг “Цондоолой Цүндээлэй буюу Динза” цуврал комик номыг бэлэг болгон гардуулсан нь хүүхдүүдийн баярыг улам нэмэв. Мөн уралдааныг дэмжин оролцсон “Сайн Моторс” компанид тус төвийн хамт олон талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүслээ.


“IQ Академи”-ийн олимпиад хүүхэд бүрд тэгш боломж, багш бүрд хүндлэл, боловсролын салбарт бодит хувь нэмэр оруулахыг ихэд эрмэлздэг аж.
IQ Академи нь Кембрижийн стандартад нийцсэн сургалт, IQ хөгжүүлэх болон олон улсын шалгалтын бэлтгэлийн хөтөлбөрөөрөө ялгардаг бөгөөд хүүхэд бүрийн потенциалд тулгуурлан хөгжүүлэх зорилготой боловсролын төв юм.







