
ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Европын улс орнуудыг Украинд энхийг тогтоох хүсэлгүй байна хэмээн буруушаажээ. Тэрээр АНУ-ын тусгай төлөөлөгч Стив Уиткофф, Ерөнхийлөгч Доналд Трампын хүргэн Жаред Кушнер нартай хийсэн уулзалтынхаа өмнө сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа ОХУ-Украины дайныг дуусгахад Европын талаас тавьж буй шаардлагууд нь ОХУ-ын тавьж буй нөхцөлүүдэд нийцэхгүй байгааг дурдан, Европын улс орнууд энхийг тогтоох ажилд албаар саад болж байна хэмээн буруушаажээ.
Тэрээр, “Европын орнууд АНУ-ын Украинд энхийг тогтоох ажиллагаанд саад болж байна. ОХУ-д Европтой байлдах төлөвлөгөө байхгүй. Гэхдээ Европ дайн эхлүүлбэл оросууд одоо ч байлдахад бэлэн байна.” хэмээн Европын удирдагчдыг дайны талд байгааг онцолжээ. Оросын төрийн тэргүүн Европын орнууд бодит байдалтай эвлэрч, хөрсөн дээрээ буусан тохиолдолд Европыг хэлэлцээрийн ширээний ард суухыг зөвшөөрнө гэдгээ илэрхийлжээ.
Харин Европ ОХУ-тай дайн эхлүүлбэл үр дүнд нь ОХУ-тай хэлэлцээрийн ширээний ард суух хүн үлдэхгүй гэжээ. Ерөнхийлөгч В.Путины АНУ-ын албаны хүмүүстэй хийсэн уулзалтын дараа түүний туслах Юрий Ушаков 5 цаг орчим үргэлжилсэн уулзалт үр дүнтэй, агуулга өндөртэй болсон ч талууд зөвшилцөлд хүрч чадаагүйг онцолжээ. Түүний хэлснээр яриа хэлэлцээ цаашид үргэлжлэх ба талууд Кремльд болсон уулзалтаар хэлэлцсэн асуудлуудаа олон нийтэд зарлахгүй гэж тохирчээ.






