
Ахмадын тэтгэврийн зээл, түүний хүү, хугацаатай холбоотой асуудлууд жил гаруйн өмнөөс яригдаж, өнөө ч тодорхой шийдэл хууль тогтоох байгууллагын хэмижээнд эцэслэн гараагүй.
Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Монголбанканд санал хүргүүлж, тэтгэврийн зээлд амьжиргааны баталгаажих доод түвшинтэй уялдуулан өр, орлогын харьцаа тогтоох чиглэл өгснөөс үүдэн олон мянган ахмадууд Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын болон Өргөдлийн байнгын хороонд гомдол гаргасан.
Тэтгэврийн зээлийн нөхцөлтэй холбоотой уг өөрчлөлтийг өмнө нь байсан хэвэнд оруулах, хүүг тодорхой хэмжээгээр бууруулах тухай Улсын Их Хурлын тогтоол батлагдсан ч тэтгэврийн зээлийг урьдын хэвээр олгох, хугацааг 36 сар болгох, хүүг бууруулах асуудлууд шийдэгдээгүйгээр барахгүй улам ужгиран даамжирсаар байна.
Ахмад настнууд, арилжааны банкууд, Монголбанк, яам гээд холбогдох бүхий л талууд уулзаж ярилцдаг ч шийдэлд хүрэхгүй, сүүлдээ тэтгэврийн доод хэмжээг нэмэгдүүлэх шаардлага болж хувирсан.
УИХ-ын гишүүн С.Эрдэнэбат хүртэл тэтгэврийн зээлийг 150 хувийн эрсдэлтэй гэж тогтоосон үндэслэл, арилжааны банкуудын заавал байлгах нөөцөд зохицуулалт хийх замаар тэтгэврийн зээлийн хүүг бууруулах боломж, хугацааг уртасгах болон ахмад настнуудад зохиулсан зээлийн шинэ бүтээгдэхүүн бий болгох зэрэг асуудлаар Монголбанкны ерөнхийлөгчид хандан асуулга тавьсан байдаг.
Монголбанкны ерөнхийлөгч түүний асуулгад хариулахдаа “хууль тогтоомжоор олгогдсон эрх, үүргийг хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд Төв банк арилжааны банкуудын үйл ажиллагаа, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцох боломжгүй. Харин зээлийн хүү бодох, тооцох аргачлалыг Санхүүгийн зохицуулах хороотой хамтран баталж, хяналт тавьж ажиллаж байна” гэжээ.
Мөн аливаа зээлийн бүтээгдэхүүний нөхцөл нь тухайн зээлдүүлэгчийн өөрийнх нь эрх хэмжээний асуудал тул уг нөхцөлийн нэг бүрэлдэхүүн хэсэг болох хугацааны тухайд Монголбанкнаас ямар нэгэн хязгаарлалт хийгээгүй гэжээ. Ингэхээр ахмадуудын тэтгэврийн зээлийн хугацаа, хүү бүхэлдээ тэтгэвэр олгож байгаа арилжааны банкуудын эрх мэдлийн асуудал болчихож байна.
Өнөөдрийн байдлаар тэтгэврийн зээл авсан 294.000 ахмад байна. Нийгмийн даатгалын ерөнхий газар нь арилжааны 9 банктай иргэдийн тэтгэвэр, тэтгэмжийг олгох талаар гэрээ байгуулж ажилладаг. Гэрээнд тэтгэвэр барьцаалсан зээлийн нөхцөл болон түүнийг батлан даахтай холбоотой зохицуулалтыг тусгах боломжгүй гэдэг.






