
Өнөөдөр буюу жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдөр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр” тохиодог.
Монгол Улсын парламентын түүхэнд анх удаа 2024 оны УИХ-ын сонгуулийн үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг төлөөлөн 2 гишүүн буюу УИХ-ын гишүүн О.Саранчулуун, Ж.Баясгалан нар сонгогдон ажиллаж байна.
Өнгөрсөн нэг жилийн хугацаанд хууль, эрх зүйн орчин хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах, олон нийтийн ойлголтыг сайжруулах, хүртээмжтэй нийгмийг бий болгох чиглэлд хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан, УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.
Энэ тухай УИХ-ын гишүүн О.Саранчулуунтай ярилцлаа.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлд ямар ахиц гарсан бэ?
– Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн асуудлаар олон ахицууд гарч байгаа.
Хамгийн том ахиц нь оролцоо, төлөөллийн асуудал дээр манайх харьцангуй сайжирч байна. Жишээ нь УИХ-д 2 гишүүн сонгогдон ажиллаж байна. Улсын Их хурал дээр сүүлийн 1 жилд түүхэндээ хамгийн олон удаа хөгжлийн бэрхшээлийн асуудлыг ярьсан жил байлаа гэж дүгнэмээр байна.
Онцлон хэлэх хэд хэдэн хуулийн төслийг боловсруулан ажиллалаа. Жишээ нь “Саадгүй байдал хүртээмжийн тухай хууль” дээр ажиллаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хамгийн том асуудал нь гэрээсээ гарч чадахгүй байгаад л байна гэдэг. Гэрээсээ гарахын тулд орноосоо босоод хувцсаа өмсөөд, цай ундаа уугаад, сургуульдаа, ажилдаа явах замд нь дандаа жижигхэн жижигхэн саад бэрхшээлүүд байгааг арилгахтай холбоотой хууль юм.
Энэ нь зөвхөн хөгжлийн бэрхшээлтэй хүн гэхгүй 0-3 настай хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүд, ахмадууд бүгдэд нь хамаатай. Ийм саад бэрхшээлүүдийг зохицуулсан хууль юм. Энэ хуулийн төсөл дээр миний бие болон Ж.Баясгалан гишүүн бид нар өргөн барихаар ажиллаж байна.
Үүний дараа “Нийгмийн ажилтны тухай хууль“-ийг өргөн барихаар гарын үсгээ цуглуулаад явж байгаа. 20-иод гишүүн нэгдэж байна.
Нийгмийн ажилтны хуулийн дотор хөгжлийн бэрхшээлтэй хүнд зориулсан нийгмийн ажилтны үйлчилгээг ярьж байгаа. Яагаад нийгмийн ажилтны үйлчилгээ хэрэгтэй вэ гэхээр олдмолоор хөгжлийн бэрхшээлтэй болсон хүмүүс осол гэмтэл өвчин эмгэгээс болоод бэрхшээлтэй болчихонгуут манайх яаралтай туслаад амийг нь авраад эмчилж байгаа.
Гэхдээ сэтгэлийн яаралтай тусламж байхгүй, сэтгэл зүйн хувьд бэлтгэл хөтөлбөр байхгүй учраас тэр хүн тухайн өвдсөн, гэмтсэн, тэр биеэрээ, дараагийн амьдралынхаа үүргээ, дараагийн амьдралын хариуцлага дээрээ үүргийн дүрийн зөрчилд ороод байгаа гэсэн үг. Өөрөөр хэлбэл, хөлгүй болчихоор хүүхдээ өргөж чадахаа больчихлоо, ээж байсан хүүхдээ олж чадахаа больчихлоо гэдэг тэр хүний нөгөө нийгэмд биелүүлэх ёстой дүрүүд нь гэмтээд байдаг.
Нийгмийн ажилтнууд юу хийдэг вэ гэхээр хөгжлийн бэрхшээлтэй болсон хүнийг амьдралын янз бүрийн хүнд асуудал тулгамдсан хүнийг даван туулахад нь тусалдаг, хөгжүүлдэг мэргэжил. Энэ хуультай холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй хүний амьдралд ахицтай өөрчлөлтүүд бий болно.
Дараагийн өргөн барихаар зэхэж байгаа нэг хууль бол “Ялгаварлан гадуурхал, дарамтаас сэргийлэх хууль” байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол ялгаварлан гадуурхалтын хамгийн олон давтагддаг хохирогч байдаг.
Ялгаварлан гадуурхалтыг хүмүүс ойлгохдоо “би чамайг хөгжлийн бэрхшээлтэй юм чинь чамд үйлчлэхгүй” гэж хэлж байгаа гэж ойлгоод байдаг. Тийм биш. Аливаа үйлчилгээ, үйл ажиллагаа өөрөө бүх хүнд нийцтэй биш байна гэдэг нь тэр үйлчилгээг авч чадахгүй байгаа нэг хүнийг эс үйлдэхүйгээрээ ялгаварлан гадуурхаж байгаа гэсэн үг. Үүний эсрэг зохицуулалт, бодлого, урьдчилан сэргийлэхийн тулд төр засаг болон бүх үйлчилгээ юу хийх вэ гэдгийг хуульчилж өгч байгаа хууль юм.
Энэ 3 хуулийг тун удахгүй УИХ-д хэлэлцүүлэхээр өргөн барихаар зэхээд байна. Үр дүн нь 5-10 жилийн дараа гарах байх гэж бодож байна.
Зөвхөн хууль батлаад биш иргэдээс бас нийгмээс шалтгаалах олон зүйлс бий. Үүнийг хэрхэн өөрчлөх вэ?
– Урт хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй болмооргүй л байгаа байхгүй юу. Ер нь хүн өөрийнхөө амьдралдаа ч тэр, өөрөө эрүүл мэнддээ ч гэсэн хариуцлагатай байх ёстой. Хүн хөгжлийн бэрхшээлтэй болж байгаа шалтгаан нь сахрын өвчин, хавдрын өвчин байна, олон асуудал байгаа.
Нэгдүгээрт хүн өөрөө өөрийнхөө амьдралдаа маш хариуцлагатай байх ёстой.
Хоёрдугаарт манай нийгэм өөрөө хүмүүсийг хөгжлийн бэрхшээлтэй болгоод байна л даа. Гараад явахад зам нь, байшин сав нь, ажиллаж байгаа орчин зэрэг нь өөрөө хүний бэрхшээлтэй болгоод байгаа.
Гуравдугаарт өгч байгаа халамжийн мөнгө, нийгмийн даатгалын сангаас байна уу, халамжийн сангаас байна уу. Үүнийг бид нөгөө хүнийхээ хариуцлагатай уялдуулахгүй байна. Өөрөөр хэлбэл, ямар хүмүүст нь халамжийн мөнгийг өгөх хэрэгтэй вэ, ямар хүмүүст нь даатгалын сангаас авах мөнгөө өгч байгаа вэ, тэрийгээ нөгөө хүнийгээ хөдөлмөртэй болгох руу нь чиглэж өгөхгүй байна.
Жишээлбэл, Хөдөлмөрийг дэмжих сангаас би зээл авъя гэхээр ажил хийдэг байх юм бол надад олдохгүй байх жишээтэй. Группийн мөнгө авдаг хүн тэр зээлийг авахад давхар ажил хийчих л юм бол болохгүй болчихоод байгаа юм. Угтаа хөгжлийн бэрхшээлтэй байсан ч хамаагүй хүн ажилладаг, халамжаас мөнгө авдаг байсан ч хамаагүй хүн жижигхэн ч гэсэн ажил хөдөлмөр хийдэг байгаад байвал тэрийг нь төр мөнгөөр дэмждэг байвал илүү сайн болох гээд байгаа юм.
Гэтэл төрийн ажил хөдөлмөрийн дэмжлэгийг нь авчих юм бол халамжийг нь авч чадахгүй гэсэн ийм бодлогын давхцал гараад байгаа нь өөрөө хүмүүсийг идэвхгүй байдал руу түлхээд байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүн бол ялгаварлан гадуурхалтын хамгийн олон давтагддаг хохирогч байдаг гэж та өмнө хэллээ. Угтаа үүнээс сэргийлсэн заалтууд хууль, тогтоолд хангалттай орсон гэж боддог…?
– Ялгаварлан гадуурхалтын эсрэг манай улсад 6 янзын хуульд хүнийг ялгаварлан гадуурхахгүй гэсэн байгаа. Тэр дундаа нэг нь хөдөлмөрийн нөхцөлөөр гэж байгаа. Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн 10 хүрэхгүй хувь нь ажиллаж байна.
Хөдөлмөрийн насных нь 10 хүрэхгүй хувь нь ажиллаж байгаа. Энэ өөрөө ялгаварлан гадуурхалтын эсрэг тэр хуулийн заалтууд ажиллаж байгаа гэж бодож байна уу? Энэ дээр та ямар аргумент байгаа вэ гэж Ерөнхий сайдаас би саяхан асуусан. Мөн та хотоор нэг тэргэнцэртэй хүнийг дагуулаад явах юм бол хамгийн түрүүнд хаагуур явж болох байсан бэ? гэдэг хүртээмжийн мэдрэмжийг нь Ерөнхий сайдаас асуусан. Харамсалтай нь Ерөнхий сайдын хувьд ч хариулах цаг нь хүрээгүй учраас энэ асуултдаа хариулт авч чадаагүй.
Бодлогын хувьд бид нар энэ дээр ажиллаж байгаа шүү дээ. Жишээ нь тэгш хамруулан сургахад хөгжлийн бэрхшээлтэй нийт хүүхдүүдийн 86%-ийг хамруулж байгаа гэж хэлсэн.
Би Ерөнхий сайдын энэ хариултыг хангалтгүй гэж үзсэн. Яагаад гэхээр 86% гэж улсын төсвөөс мөнгө гаргасан ч яг хөгжлийн бэрхшээлтэй бүх хүүхдийн 86% нь сургуульд сурч чадахгүй байгаа. Энэ дээр нөгөө мөнгө чинь хүүхдэдээ хүрэхгүй байгаагийн жишээ. Энэ мэтчилэн шийдвэр гаргаж байгаа хүмүүсийн өөрсдийнх нь ойлголт тааруу байгааг харуулаад байна.
Гэхдээ тааруу байна гээд шүүгээд байхаас илүү буруу ташаа ойлголтуудыг залруулж явахгүй олон улсад бид нар болж байгаа гэдэг тайлан өгөөд байдаг ч амьдрал дээрээ болохгүй байгаа юм.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаална гэхээр бидний зүгээс яах ёстой гэсэн үг вэ?
– Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаална гэдэг нь хүнийг сонсохоос л эхэлнэ гэсэн үг. Сонсоно гэдэг нь яг зүрх сэтгэлээсээ. Нээрээ би энэ хүний оронд нэг хөлтэй байгаад энэ замаар туулж ирээд энд суугаад энэ ажлыг хийж байсан бол яах байсан бэ? Нээрээ би энэ ээжийн оронд саажилттай хүүгээ зөөгөөд, тэврээд хажуугаар нь би энэ ажлыг хийсэн бол би хаа хүрэх байсан бэ? гэдэг хүнийг импатитай сонсох энэ зүрх сэтгэлийн үйлдлээс эхлэх юм.
Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах хамгийн энгийн бөгөөд хүн болгон хийж чадах зүйл шүү дээ. маш энгийн, жижиг хандлага. Тиймээс энэ өдөр бүгдээрээ чадахаараа олон хүнийг сонсоосой гэж хүсэж байна.
Ярилцсанд баярлалаа.






