
Уул уурхайн том төслүүдийн зардлыг хувьцаа эзэмшигчдийн хөрөнгө болон хөрөнгө оруулалтын зээлээр санхүүжүүлдэг. Тухайлбал, Монгол Улсын хуулиар 25 хувийг хувьцаа эзэмшигчид гаргалаа гэхэд үлдсэн 75 хувийг нь зээлнэ гэсэн үг. Оюу толгой төсөл ч гэсэн энэ жишгээр хөдөлсөн. Ингэхдээ Монголын тал 34 хувиа санхүүжүүлэх боломж байгаагүй учраас 66 хувийн хувьцаа эзэмшигчээс хүүтэй зээлсэн. Ингээд Рио Тинто талаас бүх шаардлагатай санхүүжилтийг гаргасан гэсэн үг. Гэвч Монголын тал зээлээ төлж чадахгүй 10 жил явсны дараа нөгөө талын хувьцаа эзэмшигчтэй хэлцэл хийсний эцэст үндсэн өр болох 1,79 тэрбум ам.долларыг хүүгийн хамт /нийт 2,3 тэрбум доллар/ 2021 оны арванхоёрдугаар сард бүрэн тэглэсэн. Монголын талаас тавьсан зүйл нь “Зээл болон хүүгийн нэмэгдлээс болж ноогдол ашиг авах хугацаа хойшлоод байна” гэдэг шаардлага. Хэлэлцээрийн дүнд хөрөнгө оруулагч талаас “Гүний уурхайн бүтээн байгуулалт хойшилсноос болж ноогдол ашиг хуваарилах хугацаа хойшилсон” гэж үзээд манай талд оногдох өрийг тэглэсэн. Нэг үгээр хэлбэл, өрийг тэглэсэн явдал нь манайхны яриад байгаа шиг “34 хувиа үнэгүй эзэмшсэн” хэрэг огтоос биш, харин хөрөнгө оруулагч талаас манай талд төлсөн цаг хугацааны алданги буюу нөхөн төлбөр юм.
Харин одоо Монголын Засгийн газраас тавьж байгаа шаардлага нь, “Оюу толгой” компанийн авсан зээлийн хүүг бууруулах тухай юм. ЗГХЭГ-ын дэд дарга асан Б.Солонгоогийн яриад байгаа “20 тэрбум долларын өр” гэдэг нь Оюу толгой ХХК-ийн өнгөрсөн хугацаанд авсан нийт зээл болон хүүгийн өр. Үүний 34 хувийг Монголын тал төлөх ёстой. Үүн дээр хоёр тал зөвшилцөлд хүрч, Рио Тинтогоос зээлийн хүүг бууруулах саналаа ирүүлсэн тухай Сангийн сайд Б.Жавхлан мэдээлсэн. Харин хэдэн хувь хүртэл бууруулах боломжтой вэ гэдэг дээр хувь нийлүүлэгчид үргэлжлүүлэн хэлэлцэх байх.
Хувь нийлүүлэгчдийн зээл нь зээлдүүлэгч талдаа өндөр эрсдэлтэй. Барьцаа байхгүй, өндөр дүнтэй, эргэн төлөлтийн график байхгүй. Төсөл хэрэгжээд “Оюу толгой” мөнгөтэй болсны дараа өгөөрэй гэсэн л зээл.
Тиймээс зээлийн бүтцийг тогтоодог суурь зарчим байна. Манайд “хөвөгч хүү” гэж нэрлэдэг байх. Аливаа нэг хүүгийн түвшинг суурь хүү болгон түүнээс улбаалан хүү тогтох зарчим. Энэ нь зээлийн хүүг тогтоох процессийг зээлдэгч болон зээлдүүлэгчийн талаас хөнгөвчилж өгдөг. Хувь нийлүүлэгчдийн зээлийн бүтэц нь SOFR+6,5%… Secured Overnight Financing Rate буюу АНУ-ын Засгийн газрын үнэт цаасаар баталгаажсан нэг шөнийн санхүүжилтийн хүүг (Зээлийн бөөний хүү) суурь хүү болгосон бөгөөд энэ нь дэлхийн эдийн засаг, гадаад зах зээлийн нөхцөл байдлаас шалтгаалан дээшээ, доошоо хөдөлж байдаг.
Сүүлийн 15 жилд зээлийн бодит хүү дунджаар 8 хувьтай, хамгийн багадаа 6,5 хувь байжээ. Өөрөөр хэлбэл, зарим жилүүдэд SOFR нь 0%-тай байсан гэсэн үг. Харин 2023 онд 4% давснаар сүүлийн гурван жилд бодит хүү 10%-иас даваад байгаа юм байна. Тэгэхээр “хүү өндөр байна” гэдэг шүүмжлэл зээлдэгчтэй шууд холбоогүй. Өөрөөр хэлбэл, зээлдүүлэгч хүүгээ өсгөөгүй, гэхдээ бууруулах боломжийн талаар ярилцаж эхлээд байгаа.
2011 онд Хувь нийлүүлэгчдийн гэрээг хийж байхад “Оюу толгой” төслийн ил уурхайн бүтээн байгуулалт дөнгөж эхэлж байсан, гүний уурхайг баригдах төсөөлөл цаасан дээр бичигдэснээс өөр зүйлгүй байсан, олборлолт эхлээгүй байсан. Харин өнөөдөр эрсдэл харьцангуй буурсан. Гүний уурхайн бүтээн байгуулалт ирэх сард бүрэн дуусна, нэмэлт зардал гарахаа болино. Өөрөөр хэлбэл, “Оюу толгой” мөнгө олж эхэлнэ гэсэн үг. Тиймээс Хувь нийлүүлэгчдийн гэрээг хийхдээ “7 жил тутам зээлийн хүүг хэлэлцэхээр” зохицуулсан, тэр нь энэ жил тохиож байна.
Гэсэн хэдий ч тодорхой хэмжээний эрсдлүүд байсаар байгаа. Ямар ч эрсдэлгүй хөрөнгө оруулалт гэж байдаггүй. “Оюу толгой” төслийн хувьд гадаад хүчин зүйл буюу дизель түлш, эрчим хүчний хамаарал. Дотоодоосоо хангах боломжгүй, БНХАУ-аас импортоор авдаг. Дотоод хүчин зүйл буюу уурхайн геотехникийн нөхцөл. Тухайлбал, гүний уурхайг ашиглалтад оруулах хугацаа хоёр жилээр хойшилсон шалтгааныг Рио Тинто “геотехникийн нөхцөлөөс болсон” гэж тайлбарладаг. Энгийнээр хэлбэл далд уурхайг нуралтаас сэргийлэх инженерчлэл, хөрсний усны нөлөөлөл, гулсалт суултаас хамгаалах технологи, уурхайн нөхөн сэргээлт зэрэг нь геотехник юм байна. Хэдий өндөр технологи ашиглаж байгаа ч гэсэн гүний уурхайн хувьд энэ бол тооцоолох ёстой нэг эрсдэл мөн.
Б.СЭМҮҮН






