
Өнөөдөр УИХ-ын Хууль зүйн байнгын хороо –Гэр бүлийн тухай /Шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд/-ийг хэлэлцэнэ.
Энэ болон бусад цаг үеийн асуудлаар УИХ-ын гишүүн О.Алтангэрэл мэдээлэл өглөө.
Тэрбээр “Хуулийн төслийг боловсруулахад олон газрын санал, удаан хугацааны судалгаа орсон гэдгийг мэдэхийн хувьд дэмжсэн байр суурьтай байгаа. Хууль батлагдсанаар ийм асуудлууд шийдэгдэнэ.
Нийгэмд гэр бүлд гардаг асуудлуудыг гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэх явцад хүүхдийн эрх зөрчигддөг. Хүүхдийн асаргаа, хамгаалалттай холбоотой асуудлууд энэ хууль батлагдсанаар шийдэгдэх юм. Дундын хөрөнгийн асуудал зохицуулагдах болно.
Гэр бүлийн маргааныг хянан шийдвэрлэхдээ шүүгч өөрийнхөө үзэмжид тохируулж биш, нарийвчилсан заалтаар шийдвэрлэх зарчим бүрдэнэ. Хөрөнгийн асуудлыг яаж шийдвэрлэх, хүүхдийн асаргаатай холбоотой асуудлыг яаж шийдвэрлэх тодорхой болно.
Дагнасан шүүх хэрэгтэй. Гэр бүлийн нөхцөл байдлын шинжээчээр томилогдох замаар хүүхдийн эрхийг хангана. Асран хамгаалагчийг шууд тогтоох уу гэдэг асуудлыг тодорхой болгоно. Субъектив шүүгчийн шийдвэрээс үүдэх зөрчлөөс зайлсхийж, хуульд заасан байдлаар хүүхдийн эрхийг хамгаална.
Хүүхдийн тэтгэмж өгөөгүй тохиолдолд алданги тооцох зохицуулалт орж байгаа нь үр дүнтэй. Хүүхдийн тэтгэлэгтэй холбоотой асуудлыг Гэр бүлийн тухай хууль болон Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хуулиар зохицуулах шаардлагатай. Гуравдагч этгээдэд үүрэг ноогдуулах боломжгүй гэдгийг шинэчилсэн найруулга тодорхой болгожээ.
Гэр бүл цуцлахад хөрөнгийн асуудал, хүүхдийн асаргаа, санаачилга, буруутай этгээдийг харгалзан шийдвэр гаргана. Эвлэрүүлэн зуучлал хэрэгтэй бөгөөд хүчирхийлэлд өртсөн бол 30 хоногийн хугацааг хүлээлгүй салгах зохицуулалт бий. Монголд эвлэрлийн хугацаанд гэр бүлээ хадгалж, буцаад нийлдэг жишээнүүд олон байдаг.
ХЗДХ-ийн сайд, ШШГЕГ-ын даргад хүүхдийн тэтгэмжтэй холбоотой өргөдөл, гомдол их ирдэг. Хүүхдийн тэтгэлгийг төлөхгүй бол бусад төрийн үйлчилгээнд хязгаарлалт тавих зохицуулалт чухал. Энэ бол гэр бүлийн тухай хууль, шүүхийн шийдвэр гүйцэтгэх хууль хоёроор зохицуулагдах харилцаа.
Гуравдагч этгээдэд хариуцлага ноогдуулах боломжгүй, буруутай этгээд буруугаа хүлээх ёстой. Эвлэрүүлэн зуучлалын хугацаанд хүчирхийлэлд өртсөн хүн шууд салгах боломжтой. Эвлэрэл нь гэр бүлээ хадгалж, амьдрал ахуйг тэгш байлгах боломжийг олгодог” гэв.
.






