
БНСУ-д айл өрхүүд болон аж ахуйн нэгжүүдийн 120 мянга гаруй камерыг хакердаж, камерын бичлэгийг нь гадаадын +18 сайтад зарж борлуулсан 4 этгээдийг баривчилжээ.
Гэмт этгээдүүд нь хүүхдийнхээ болон гэрийн тэжээмэл амьтдынхаа аюулгүй байдлыг хянах гэж иргэдийн гэртээ болон албан тасалгаандаа байршуулдаг IP камер буюу гэрийн ухаалаг камерт зөвшөөрөлгүй нэвтэрч, бичлэгийг нь +18 сайтад борлуулсныг цагдаа нар тогтоосон тэдгээр бичлэгүүд дотор айл өрхүүд, караоке өрөөнүүд, пилатес студио болон эмэгтэйчүүдийн эмнэлгийн камерын бичлэгүүд байсан аж. Цагдаа нарын мэдээлснээр баригдсан 4 этгээд нь уг гэмт хэргийг тус тусдаа үйлдсэн аж.
Сэжигтнүүдийн нэг нь 63 мянган камерт нэвтэрч, +18 төрлийн 545 бичлэгийг 35 сая воноор зарсан байсан бол өөр нэг нь 70 мянган камерт нэвтэрч, 648 бичлэгийг 18 сая воноор зарж борлуулсан байжээ. Дээрх хоёр сэжигтний зарж борлуулсан бичлэгүүд нь IP камерын бичлэгээр дагнасан +18 сайтад өнгөрсөн жил байршсан нийт видеонуудын 62 орчим хувийг дангаараа бүрдүүлсэн байжээ.
Цагдаа нар уг сайтыг блоколж, хаахаар ажиллаж байгаа ба олон улсын хууль сахиулагчидтай уг сайтын эзнийг олохоор хамтран ажиллаж байгаа аж. Түүнчлэн тус сайтаас бичлэг худалдан авсан, тус сайтаас бичлэг үзсэн хэргээр 3 хүнийг баривчилжээ. Хууль сахиулагчид гэмт этгээдүүдийн хакердсан камерын эзэдтэй холбогдож, болсон явдлын талаар тайлбарлаж, гэрийнхээ болон албан газрынхаа wi-fi нууц кодыг өөрчлөхийг зөвлөжээ.






