
Хувийн цэцэрлэгийн холбооноос тулгамдаж буй асуудлынхаа талаар Сангийн яамны холбогдох албаныханд мэдэгдэл хүргүүллээ.
Энэ үеэр Хувийн цэцэрлэгийн холбооныхон дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр
“Улсын хэмжээнд 500 гаруй хувийн цэцэрлэг үйл ажиллагаа явуулж, сургуулийн өмнөх боловсролыг хариуцдаг. Нийтдээ 8 мянга орчим багш ажиллаж байна. Зарим хувийн цэцэрлэг санхүүжилтгүйгээр, эцэг эхээс төлбөр авахгүйгээр ажиллаж байгаа тул багш нарын 11-р сарын цалин одоо хүртэл олгогдоогүй, татвар шимтгэлээ төлж чадахгүй байна.
Бид Сангийн яам руу ирж тодорхой мэдээлэл авсан. 12-р сарын 05 гэхэд 11-р сарын санхүүжилтийг олгох, 12-р сарын санхүүжилтийг 25-ны дотор олгохыг амласан. Бидний цаана 8 мянга орчим багш цалингаа хүлээж байгаа тул амласан ёсоор нь мөнгийг нь өгөхийг хүсэж байна. Хэрвээ энэ шийдэгдэж чадахгүй бол багш нар ажлаа хаях, хувийн цэцэрлэгүүд үйл ажиллагаагаа зогсоох эрсдэлтэй.
Хувийн цэцэрлэгүүд багшгүй болвол хүүхдүүдийг сургах боломжгүй болж, олон цэцэрлэг хаалгаа барина. Дүүрэг бүрт 800 гаран багштай, нийтдээ 500 гаруй цэцэрлэг ажиллаж, 5–7 мянган хүүхдийг сургаж байна. Сангийн яам 12-р сарын 05-нд хариу өгнө гэж хэлсэн. Хэрвээ тэр болтол шийдэгдэхгүй бол дараагийн арга хэмжээг авах шаардлагатай болно.
Зарим захын хорооллын цэцэрлэгүүд эцэг эхээс төлбөр авахгүйгээр ажиллаж байгаа ч үйл ажиллагаагаа зогсоох дээр тулж байна. Бид зөвхөн батлагдсан төсвийн мөнгөө авахыг хүсэж байна. 12-р сарын 5-нд шийдэгдэж, нааштай хариу өгөхгүй бол хүүхдүүд, багш ажилчдын санхүүжилт асуудалтай болно” гэлээ.






