
10 дугаар сарын 01-ний өдөр хөшгөө нээсэн Монголын сагсан бөмбөгийн Үндэсний дээд лигийн тэмцээний хоёрдугаар тойргийн тоглолтууд өндөрлөж, 3-р тойргийн тоглолтууд өнөөдөр эхэлж байна.
Энэ удаагийн лигийн талбайд эрэгтэй 10, эмэгтэй 8 багийнхан хурд хүчээ сорьж буй.
Бид энэ удаад лигийн тэмцээнд өрсөлдөж буй эмэгтэй багийн тоглолт тэр дундаа “Этүгэн ирвэсүүд” клубийн эмэгтэй шигшээ багийн бэлтгэлийг зорин очиж дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

“Этүгэн ирвэсүүд” клубийн тухайд эрэгтэй баг М хөгжлийн лигт, эмэгтэй баг Үндэсний дээд лигийн талбайд өрсөлдөн, хурд хүчээ сорьж байгаа билээ. Тус клубийн хувьд Үндэсний дээд лигт 3 удаа финалдсан баг юм.
Ингээд багийн ахлагч болон тамирчдын төлөөлөлтэй цөөн хором ярилцсанаа хүргэе.


“Этүгэн ирвэсүүд” клубийн багийн ахлагч, Спортын мастер Б.Цасчимэг: 3 дугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Илүү хариуцлагатай, бид хичээх болно


-Сайн байна уу? Үндэсний дээд лигийн 2 дугаар тойргийн дараах байдлаар баг нь ямар үзүүлэлттэй явж байна вэ?
-Сайн сайн байна уу. Бямба гарагт “Алтан Од” багтай тоглоод хожсон. Одоогийн байдлаар манай баг нийт 10 тоглолт хийснээс 4 хожил, зургаан хожигдолтой явна. Илүү хариуцлагатай, хожигдох эрхгүй 3 дугаар тойргийн тоглолт өнөөдөр эхэлж байна. Бүх хүчээ бид дайчлах болно.
-Багийнх нь хувьд хэд дүгээр байранд бичигдэж байна вэ?
-Манай баг лигийн хүснэгтийн 5 дугаар байранд явж байгаа. 3 дугаар тойрог эхлэхээр байраа ахиулаад, дээшээ Плей оффт үлдэхийн тулд ажиллаж байна. Манай багийн дасгалжуулагч ирснээс хойш багийн тоглолт маш өөр болж байгаа. Өөр систем рүү шилжиж байгаа учраас бид нарын тоглох арга барил өөрчлөгдөж байна. Мөн саяхан манай импорт тоглогч маань ирсэн. Багаараа хамтдаа яг дасгалжуулагчийнхаа удирдлага дор бэлтгэлээ хийгээд гоё жигдрээд явж байна. Бид нарт тавьж буй тактик мөн хувилбар, системд тааруулаад явна гээд бодчихсон. Импорт тоглогчтойгоо хамтдаа бэлтгэлээ базаагаад 2 дахь хоног дээрээ явж байна.


-Лигийн талбайд гаднын эмэгтэй дасгалжуулагчаар удирдуулан тоглоход онцлог нь ямар байна?
-Манай дасгалжуулагчийн хувьд Иран улсын эмэгтэй шигшээ багийн туслах дасгалжуулагчаар ажилладаг. Иран улсын сагсан бөмбөгийн спортын амжилт нь яг Азийн багууд дундаа маш сайн. Азийн В дивизионы тэмцээн, Азийн наадам зэрэг том тэмцээнүүдэд маш амжилттай оролцдог. Иймээс тус улсын шигшээ багийн сайн дасгалжуулагч ирчихсэн. Бид нарт ерөнхийдөө маш сайн зааж сургаж, чиглүүлэн, манай баг дээр хувилбар системийг тавьж өгч байгаа гэж харж байна.


-Багийн спорт баг сайн байж л амжилт, ялалт гаргана. Багийн бүрэлдэхүүний тухайд сэтгэгдлээ хуваалцана уу?
-Энэ жилийн хувьд манай багт “Этүгэн” их сургуулиас авхуулаад бид хэд нэг баг байсан. Тэгээд яг 3 жилийн хугацаанд “Хасын Хүлэгүүд” болон “М Гарди” гэсэн багуудад тоглож байгаад сая энэ жилээс манай багт тоглож буй сайн тамирчид бий. Манай багийн бүрэлдэхүүн маань бараг 50% нь шинэчлэгдээд шинэ залуу тоглогч нар болон яг лигийн туршлагатай Э.Чимэддолгор эгчийг бид нар энээндээ нэгтгэчихсэн байгаа.


-Өнөөдөр лигийн 3 дугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Бүх л тоглолт хожлоор өндөрлүүлэх өндөр хариуцлагатай байх?
-Тийм. 3 дугаар тойргоо шууд хожлоор эхлүүлээд ерөнхийдөө маш амжилттай тоглоод энэ тойргоо дуусгаад байраа байраа ахиулах нэн тэргүүний зорилготой байна.


“Этүгэн ирвэсүүд” клубийн тамирчин, Спортын мастер Ө.Индра: Дасгалжуулагчийнхаа хэлснийг ягштал биелүүлээд, илүү сайн сэтгэл зүйтэй байхыг зорьж байна


-Сайн байна уу? Бямба гарагт “Алтан Од” багийн эсрэг өрсөлдөж, хожил байгуулахад өөрийнх нь хувьд 11 дүгээр сарын 30-ны өдрийн нийт тоглолтуудын дараах байдлаар багтаа дундаж оноо 25.5 авсан байна. Лигийн тэмцээний багийн тоглолтуудын тухайд?
-Сайн сайн байна уу. Манай багийн хувьд гэвэл гадаад дасгалжуулагчтай болоод 2 дугаар тойргийн тоглолтоо өндөрлүүллээ.
-Иранаас урьж ирүүлсэн дасгалжуулагчтайгаа хэр хурдан дасан зохицож байна вэ?
-Бидний хувьд дасан зохицоход хэсэг хугацаа шаардах байх гэж бодож байсан. Гэтэл маш хурдан уусаж байгаа гэх юм уу, комбинац хувилбар тэр бүхэнд хурдан уусаж чадаж байгаа. Мөн манай багийн импорт тоглогч өнгөрсөн бямба гарагт Монголд ирсэн. Тэгээд бид хамтдаа 2 дахь бэлтгэлдээ оролцоод явж байна.


-Өнөөдөр(2025.12.02) дээд лигийн 3 дугаар тойргийн тоглолтууд эхэлж байна. Энэ бол маш чухал тойргийн тоглолтууд та бүхнийг хүлээж байгаа болов уу?
-Өнөөдөр чухал тоглолтууд эхэлж байна. Бидний хувьд ч маш шахуу хуваариудтай байгаа. Тухайлбал өнөөдөр 3 тойргийн эхний тоглолтоо хийх бол маргааш буюу лхагва гарагт өнжөөд пүрэв гарагт дахин дараагийн тоглолт хүлээж байна. Иймээс бүх тоглогчдын өмнө өндөр үүрэг хариуцлага ирж байна гэсэн үг.


-Гаднаас дасгалжуулагч урьж ирүүлж, ажиллуулснаар та бүхний тоглолтын арга барил, ур чадварт ахиц, дэвшил, нөлөө нь хэр байна?
-Манай багийн хувьд гадаад дасгалжуулагчтай анх удаа бэлтгэл сургуулилтаа хийж, үзэж байна. Анхны сэтгэгдэл дасах гэж нэлээн удах байх гэж бодож байсан ч маш хурдан уусаад, дасаад явж чадсан. Үүндээ бид бүхэн их баяртай байгаа.
-3 дугаар тойргийн өнгийг хэрхэн харж байна вэ?
-3 дугаар тойргийн тоглолтуудад манай баг ер нь хожигдох эрхгүй гэсэн байр суурьтай, тэр хэрээр сайн сэтгэл зүйтэй байгаа. Ер нь тэгээд бэлтгэлээ сайн хийгээд бүх зүйлээ дайчлаад, яг дасгалжуулагчийнхаа үгээр, тэгээд хэлсэн зүйлийг нь сайн биелүүлээд, илүү хүчтэй л байхыг зорьж байгаа.
Ярилцсанд баярлалаа.


Этүгэн Ирвэсүүд баг нь 2013 онд үүсгэн байгуулагдаад одоог хүртэл тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд өсвөр, оюутан гээд нас насны олон шигшээ багтай. Багийн бүрэлдэхүүний хувьд ихэнх тоглогчид нь “Этүгэн Ирвэсүүд” клубээс сагсан бөмбөгийн гараагаа эхэлсэн туршлагатай чадварлаг тамирчдаас бүрдсэн ажээ.
Этүгэн Ирвэсүүд эмэгтэй багийн оюутандаа гаргасан амжилтуудаас:
- ЭИС-ийн эмэгтэй 1-р баг нь 2018-2019 оны хошой аварга
- Оюутны эмэгтэй шигшээ баг нь 2 жил дарааллан 54-0 хожсон цор ганц баг
- Оюутны лигийн 2021-2022 дэд аварга
- Оюутны лигийн 2022-2023 хүрэл медаль
- Оюутны лигийн 2023-2024 хүрэл медаль
- Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгө, хүрэл медаль
- Насанд хүрэгчдийн УАШТ аварга
- Зуны лигийн аварга
2022 оноос эмэгтэй Үндэсний дээд лиг зохион байгуулагдаж эхэлсэн бөгөөд энэхүү бүрэлдэхүүнээр жил болгон тогтмол амжилттай оролцож Дээд лигийн 1 удаа аварга, 2 удаа Дэд аварга хүртсэн.
- 2022-2023 Анхдугаар Монголын Үндэсний дээд лигийн “Танан Гарьд” багаас Дэд аварга, мөнгөн медалийн эзэд
- Зуны лигийн Аварга, алтан медаль цомын эзэд “Танан Гарьд”
- 2023-2024 Монголын Үндэсний дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багаас Аварга, алтан медаль цомын эзэд
- 2024-2025 Монголын Үндэсний дээд лигийн “Хасын Хүлэгүүд” багаас Дэд аварга, мөнгөн медалийн эзэд
Видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






