
Энэ амралтын өдрүүдээр болж буй БНХАУ-ын төрийн албан хаагчийн шалгалтыг өгөхөөр нийт 3.7 сая орчим хүн бүртгүүлжээ. Хятадын эрх баригчид энэ жилээс төрийн албан хаагчийн шалгалтад бүртгүүлэх боломжтой иргэдийн насны дээд хязгаарыг 35-аас 38, шалгалтад хамрагдах боломжтой бакалавраас дээш боловсролтой иргэдийн насны дээд хязгаарыг 40-өөс 43 болгож нэмэгдүүлээд байгаа аж.
Шалгалтад бүртгүүлсэн залуус төрийн албаны 38 100 ажлын байрны төлөө өрсөлдөх ба энэ нь нэг ажлын байрны төлөө дунджаар 97 хүн өрсөлдөнө гэсэн үг юм.
Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн мэдээлснээр төрийн албан хаагчид горилогчдын дунд Мьянмар улстай хиллэдэг баруун өмнөд зүгийн Юннань мужийн Жуйли хотод цагаачлалын албаны байцаагчийн ажил хамгийн эрэлт өндөртэйгөөр шалгарчээ. Уг ажлын байранд орохоор 6470 хүн бүртгүүлсэн байна.
Өнгөрсөн онд Бээжин 1950-иад оноос хойш анх удаа тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг нэмэгдүүлэх шийдвэр гаргаж, биеийн хүчний ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг 50-иас 55 нас, оффисын ажил эрхэлдэг эмэгтэйчүүдийн тэтгэвэрт гарах насыг 55-аас 58 нас, эрчүүдийн тэтгэвэрт гарах насны доод хязгаарыг 60-аас 63 нас болгон нэмэгдүүлсэн билээ. Иймээс энэ жилээс төрийн албан хаагчийн шалгалтад бүртгүүлэх насны дээд хязгаарыг ч мөн нэмэгдүүлсэн аж.
Төрийн албан хаагчийн гар дээр авдаг цалин нь хувийн хэвшлийн компанийн ажилтнуудынхаас бага хэдий ч нийгэмд нэр хүндтэй бас цалин хөлс тогтвортой учир эрэлт өндөртэй байдаг аж.
Өнөөдрийн байдлаар БНХАУ-ын хүн амын дундах ажилгүйдлийн түвшин 5.1 хувьтай байгаа ба их дээд сургуулийн оюутнуудыг тооцохгүйгээр 16-24 насныхны дунд ажилгүйдлийн түвшин 17.3 хувьд хүрээд байгаа аж.
Эх сурвалж: The Guardian






