
“Ахмад үеийн арга туршлага – 2025” эрдэм шинжилгээний бага хурлыг 2025 оны 11-р сарын 28-ны өдөр “Чингис хаан Үндэсний музей”-д амжилттай зохион байгууллаа.
Улсын драмын эрдмийн театрын хамт олон түүхт ой нь тохиож буй алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх, урлагийн төлөө тууштай зүтгэсэн нөр их хөдөлмөр, бүтээлийг нь олон нийтэд таниулах зорилгоор 2005 оноос хойш 20 жилийн турш “Бид мартахгүй” дурсамж тоглолт, Соёл урлагийн их сургуулийн Театрын урлагийн сургуультай хамтран “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурлыг уламжлал болгон зохион байгуулж, илтгэлийн эмхэтгэлүүдийг тогтмол хэвлэж ирсэн билээ.


Өнөөдрийн энэ цугларалтын маань нэг онцлог нь анх театр байгуулагдсан үеэс өнөөдрийг хүртэлх алтан үеийн ахмадууд, уран бүтээлчдийнхээ түүхийг фото зургаар л мэддэг байсан бидэнд тэдний тухай бодит баримтат кино хийн харуулж чадсан явдал байлаа. Энэ нь үнэхээр сэтгэл хөдөлгөм, сайхан мэдрэмж төрүүллээ.
Залуучууд маань сэтгэдэг, санаачилдаг, бусдыгаа уриалж чаддаг болж, олон нийтэд мартагдах шахсан үнэт зүйлсийг дахин санаа сэргэтэл гаргаж ирж байгаа нь бахдам. Тэд нэг сэтгэлээр нэгдэж, ард түмэнд театрын түүх, уран бүтээлчдийн гавьяаг дахин сануулж буйд үнэхээр талархаж байна.
Эхний хэсэг нь тайзны уран бүтээлчдийн түүхийг харуулсан бол дараагийнх нь техникийн ажилчид, нүүр будалт, хувцасны алба зэрэг тайзны ард ажилладаг хүмүүсийн хөдөлмөрийг мөн тодотгон харуулж байгаа нь чухал. Ингэж театрын мартагдашгүй бүхий л цаг үе, бүтээлийг олон нийтэд уран сайхны өнгө аястайгаар хүргэж чаджээ.
Залуучууддаа дахин баярлалаа.


Театрын түүх, соёлыг бүтээлцсэн найруулагч, зохиолч, жүжигчин, театрын арын албаны уран бүтээлчид, судлаачид, театрын зүтгэлтнүүд, дэмжигчдийн аман түүх болон түүхэн баримт сэлт, намтар судлал, уран бүтээл, үйл хэргийг шинжлэх ухааны үндэслэлтэй, шинэлэг судалгааны арга зүйгээр судалж, ирээдүй үед өгөөжтэй мэдээллийн өв санг төгөлдөршүүлэн бий болгох нь тэдний нэн тэргүүний зорилгын нэг болжээ.
Энэ жил мэндэлснийх нь түүхт ой тохиож буй дараах уран бүтээлчдээ алдаршууллаа.
- “Дэлдэн Боохой” хэмээн алдаршсан алдарт жүжигчин Ч.Лувсансодноммын мэндэлсний 130 жилийн ой


- Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Цэгмидийн мэндэлсний 120 жилийн ой


- Ардын жүжигчин З.Цэндээхүүгийн мэндэлсний 120 жилийн ой
- Гавъяат жүжигчин Д.Бат-Очирийн мэндэлсний 120 жилийн ой


- Монголын театрын анхны сургагч багш А.Ефремовын мэндэлсний 120 жилийн ой
- Ардын жүжигчин Т.Хандсүрэнгийн мэндэлсний 110 жилийн ой
- Гавъяат жүжигчин Б.Мижиддоржийн мэндэлсний 110 жилийн ой
- Соёлын гавъяат зүтгэлтэн, тайзны машинист С.Доржсүрэнгийн мэндэлсний 100 жилийн ой
- Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Ц.Гантөмөрийн мэндэлсний 90 жилийн ой


- Жүжигчин Б.Дашдаваагийн мэндэлсний 90 жилийн ой
- Соёлын тэргүүний ажилтан, жүжигчин Д.Лхамхүүгийн мэндэлсний 90 жилийн ой


- Жүжигчин Т.Латифийн мэндэлсний 80 жилийн ой


- Соёлын тэргүүний ажилтан, тайзны зураач Б.Төмөрхуягийн мэндэлсний 80 жилийн ой


- Найруулагч Э.Санчигданы мэндэлсний 70 жилийн ой


- Гавъяат жүжигчин Д.Цэрэндарьзавын мэндэлсний 80 насны ой
- Соёлын гавьяат зүтгэлтэн, жижиг хэрэглэлийн эрхлэгч Д.Мягмарсүрэнгийн 80 насны ой тус тус энэ онд тохиож байна.


- “Б.Төмөрхуягийн тайзны бүтээлүүдийн дүрслэл, ур чадварын онцлог” сэдвээр ССАЖЗЯ-ны соёл, урлагийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн, СУИС-ийн ТУС-ийн ахлах багш, Доктор (Ph.d) Э.Батхүлэг
- “Mонголын театрын үзэгдэл болсон модернист найруулагч Э.Санчигдан” сэдвээр СУИС-ийн ТУС-ийн эрдэмтэн нарийн бичгийн дарга Т.Цэнд-Аюуш
- “Д.Цэрэндарьзав ба хувь заяаны ээдрээт эмэгтэйчүүд” сэдвээр СУИС-ийн ТУС-ийн ахлах багш, Доктор (Ph.d) Р.Нацагдоо
- “Театрын ёс зүй, уран бүтээлч хандлага – УГЗ Д.Мягмарсүрэнгийн ажлын туршлага” сэдвээр СУИС-ийн ТУС-ийн тэргүүлэх Профессор, Доктор (Ph.D) С.Болормаа нар тус тус амжилттай илтгэл хэлэлцүүллээ.








