
Макс Групп, Хан Алтай Ресурс компаниуд Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкны ажилчдад авлига өгөхийг завджээ
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банк Макс Группийн Макс Импекс ХХК, Хан Алтай Ресурс ХХК хоёр компани, тэдгээрт харьяалагдах 22 охин компанийн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд оролцох эрхийг нь 4.5 жилээр хасжээ.
Европын Сэргээн Босголт Хөгжлийн банкны Ёс зүйн хяналтын албаны хийсэн шалгалтаар Макс Импекс ХХК, Хан Алтай Ресурс компани Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкнаас зээл авах төсөлд хамрагдах явцдаа EBRD-н ажилчдын шийдвэрт нөлөөлөх зорилгоор авлига өгсөн болохыг тогтоожээ. EBRD-н ажилчдын хувьд болсон явдлыг Ёс зүйн хяналтын албандаа шударгаар мэдэгдэж, Макс Импекс ХХК, Хан Алтай ХКК компаниас авсан мөнгөө буцааж өгсөн аж.
Макс Импекс ХХК, Хан Алтай ХХК компаниудын зүгээс буруугаа хүлээж, хариуцлага хүлээхээ мэдэгдсэнээр EBRD тус хоёр компани, тэдгээрийн 22 охин компанийн Европын Сэргээн Босголт, Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд оролцох эрхийг нь 4.5 жилээр хассан байна.
Макс Группын охин компаниуд EBRD-н Ёс зүйн албанаас явуулсан шалгалтад идэвхтэй оролцож, хориотой үйлдэл гаргасан гэдгээ хүлээн зөвшөөрч, сайн дураараа EBRD-н санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрүүдэд оролцохгүй гэдгээ мэдэгдсэнээр EBRD хориг арга хэмжээгээ бууруулсан ба ингэхдээ Макс Группэд харьяалагддаг компаниуд ёс зүйн хөтөлбөрөө сайжруулж, хараат бус компаниар хяналт шалгалтаа хийлгэж, бүх түвшний үйл ажиллагаандаа ёс зүйн алдаа, зөрчил гаргахаас сэргийлж, аудит хийлгэж байх үүрэг өгчээ.
Макс Группийн компаниуд өгсөн үүргийн биелүүлж чадахгүй бол EBRD-н санхүүжилттэй төсөл хөтөлбөрт хамрагдах эрхээ дахин 4 жилээр хасуулах юм.






