
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр (2025.11.29) Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэгт ажиллаж, томуу, томуу төст өвчний нөхцөл байдалтай танилцлаа.
Тус эмнэлэгт өнөөдрийн байдлаар 281 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна. Энэ сарын 22-24-ний өдрүүдэд хоногт 422-438 хүүхэд яаралтай тусламж авахаар ирсэн бол сүүлийн гурав хоногт яаралтай тусламжийн тасагт ирсэн хүүхдийн тоо аажмаар буурч өнгөрсөн шөнө 198 хүүхэд ирж, 58 нь хэвтжээ. Өрхийн эмнэлгүүдийг уртасгасан цагаар ажиллуулах зохицуулалт хийсэн нь дүүргийн эмнэлгийн ачаалал буурахад нөлөөлсөн гэж тус эмнэлгийн удирдлагууд үзэж байна.




Томуу, томуу төст өвчний тархалт улсын хэмжээнд дэгдэлтийн түвшинд байна. Нийт 2304 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд 88 хувь нь амьсгалын замын цочмог хүнд халдварын шалтгаантай байна. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд амьсгалын замын өвчлөл өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 67 хувиар нэмэгджээ.














