
Италид эмэгтэй хүний амийг хохироосон хэрэгт бүх насаар хорих ял оноодог болно
Италийн хууль тогтоогчид улсынхаа эрүүгийн хуульд эмэгтэйчүүдийн эсрэг хүн амины хэрэг буюу фемицидын (жендерт суурилсан аллага) тухай тусдаа заалт оруулахыг санал нэгтэйгээр дэмжжээ. Италийн парламент эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэлтэй тэмцэх олон улсын өдөр буюу энэ сарын 25-нд дээрх асуудлаар санал хураалт явуулсан байна.
Эрүүгийн хуульдаа эмэгтэйчүүдийн эсрэг хүн амины хэрэгт бүх насаар хорих ял оноох, эмэгтэй хүний амийг хүйсээр нь ялгаварлан, үзэн ядах сэдэлтэйгээр хөнөөсөн гэмт хэргийг фемицид гэж бүртгэхээр болжээ. Италийн цагдаагийн газрын мэдээлснээр тус улсад 2024 онд эмэгтэй хүний амийг хөнөөсөн 116 гэмт хэрэг бүртгэгдсэнээс 106 нь жендерт суурилсан аллага байсан аж.
Хамгийн сүүлд 2023 онд тус улсад 22 настай оюутан Жулия Чеккетиныг экс найз залуу нь удаа дараа хутгалж, амь насыг нь хөнөөн, өөр улс рүү зугтсан хэрэг гарсан нь олон нийтийн бухимдлыг төрүүлж, Итали даяар иргэд эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн эсрэг жагсаал цуглаан өрнүүлсэн билээ.
Итали улсаас гадна эрүүгийн хуульдаа фемицидын тухай тусгасан улс орнуудад Кипр, Мальта, Хорват зэрэг улс багтах аж.






