
15 настай Бельги хүү квант физикээр докторын зэрэг хамгаалжээ
15 настай Бельги хүү Лоран Симонс квантын физикээр докторын зэрэг хамгаалж, PhD буюу докторын зэрэг хамгаалсан дэлхийн хамгийн залуу хүмүүсийн нэг болжээ. Тэрээр 8 настайдаа ахлах сургуулийн дипломоо авч, 12 настайдаа физикийн шинжлэх ухаан судлалаар бакалаврын боловсрол эзэмшсэн ба ийнхүү 15-хан насандаа докторын ажлаа Антверпены их сургуульд амжилттай хамгаалжээ. Лоран Симонс хүүгийн гол зорилго нь шинжлэх ухааны тусламжтай хүн төрөлхтний боломжуудыг нэмэгдүүлснээр наслалтыг нь уртасгах явдал аж. Тэрээр багаасаа физикийн шинжлэх ухаан, анагаахын шинжлэх ухаан, хиймэл оюун ухааныг сонирхож ирсэн ба Эйндховены Технологийн их сургуульд эрчим хүчний инженерчлэлийг судалж, ХБНГУ-ын Макс Планкийн институтэд квант оптик, анагаах ухааны чиглэлээр дадлага хийж байсан туршлагатай аж. Л.Симонс докторын ажилдаа Бозе-Эйнштейны конденсат, тэдгээрийн хар нүхтэй ижил төсөөтэй байдлыг тэргүүлэх зэргийн онолыг, анагаах ухааны практиктай хослуулан гаргажээ. Анагаахын шинжлэх ухааны чиглэлээр докторын зэрэг хамгаалахаар ханцуй шамлан ороод байгаа Л.Симонс “супер хүмүүс” бүтээж, биологийн хөгшрөлтийг ялах хүсэлтэй аж.






