
Зорчигч суудлын бүсээ хэрэглээгүй 373,044 зөрчил бүртгэгдсэн байна
Суудлын бүс зүүхэд ердөө дөрөвхөн секундийг зарцуулж байдаг. Энэ үл анзаарагдах дөрвөн секунд нь амь нас, эрүүл мэндийг хамгаалах хамгийн энгийн хамгаалалт гэдгийг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.
Хамгаалах бүсийг зөв хэрэглэснээр урд суудалд сууж яваа хүнийг 40-45 хувь, хойд суудалд сууж яваа хүнийг 70-75 хувиар гэмтэл бэртлээс бүрэн хамгаалдаг. Цагдаагийн байгууллагад энэ оны эхний 10 сарын байдлаар тээврийн хэрэгслийн жолооч эсвэл зорчигч суудлын бүсээ хэрэглээгүй 373,044 зөрчил бүртгэгдсэн байна.
Иймд жолооч та автомашинд суусан даруйдаа хамгаалах бүсээ заавал зүүж, мөн зорчигч бүрд хамгаалах бүс хэрэглэх, хүүхдийг зориулалтын суудалд суулган хөдөлгөөнд оролцохыг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа
Суудлын хамгаалах бүс бол жолооч, зорчигчийг ослын үед гарах гэмтэл, хор уршгаас сэргийлэхэд нэн чухал үүрэгтэй хэрэгсэл юм.
Хамгаалах бүс заавал зүүж хэвших 7 шалтгаан
1. Хамгаалах бүс зам тээврийн ослын үед амиа алдах, хүнд гэмтэж бэртэх эрсдэлийг бууруулдаг.
Жолооч зөвхөн өөрийн бус зорчигчдын бүсийг зүүлгэж, тэдний эрүүл мэнд, амь насыг хамгаалах хэрэгтэй.
2. Шидэгдэх эрсдэлээс хамгаална
Хамгаалах бүс нь тээврийн хэрэгсэл мөргөлдөх үед зорчигчийг суудалтай бэхэлж, шидэгдэх эрсдэлээс хамгаалдаг.
3. Бүс зүүгээгүй нэг л хүн үлдэхэд бусдыг бэртээх эрсдэлтэй
Хэрвээ урд суусан зорчигч хамгаалах бүс хэрэглэсэн ч хойно суусан хүн бүс зүүгээгүй бол ослын үед бүс зүүгээгүй зорчигчоос гадна урд суусан зорчигч амиа алдах эрсдэл найм дахин нэмэгддэг байна.
4. Цохилтын хүч
Хамгаалах бүсний чухал үүргүүдийн нэг бол цохилтын хүчийг зөв хуваарилахад оршдог. Гэнэт тормозлох үед хамгаалах бүс хүчийг зөв хуваарилж хүнд гэмтлээс сэргийлдэг байна.
5. Хамгаалах бүс ба аюулгүйн дэр
Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр ажиллах нь зорчигчийн амь насанд эрсдэл үүсгэдгийг судалгаагаар тогтоожээ. Хамгаалах бүс зүүгээгүй үед аюулгүйн дэр задарснаар зорчигчдын 98 хувь нь тархи толгойн хүнд бэртэл авсан байна. Тиймээс сүүлийн үед автомашинуудыг хамгаалах бүс зүүсэн тохиолдолд аюулгүйн дэр задрах горимтой болгосон байна. Өөрөөр хэлбэл бүс зүүгээгүй бол аюулгүйн дэр ажиллахгүй гэсэн үг.
6. Даатгалын компаниуд нөхөн төлбөр олгоно
Даатгалын зарим компани аюул ослын үед хамгаалах бүс зүүгээгүй байсан тохиолдолд нөхөн төлбөр олгохгүй гэж гэрээндээ тусгасан байдаг. Тиймээс хамгаалах бүсээ зүүснээр осолд өртсөн тохиолдолд та нөхөн төлбөр авах боломжтой юм.
7. Торгууль төлөхгүй
Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар хамгаалах бүс зүүгээгүй жолооч болон зорчигчийг 20 мянган төгрөгөөр торгодог. Та хамгаалах бүс зүүснээр торгууль төлж, санхүүгийн үргүй зарлага гаргахгүй юм.






