
Нийтийн эзэмшлийн зам талбайд халтирч гар, хөл, аарцаг нуруу нь бэртсэн иргэд эмнэлгийн тусламж үйлчилгээ авах тохиолдол нэмэгджээ. Учир нь энэ жил нийслэлийн хэмжээнд явган хүний замыг шинэчилсэн. Ингэж шинэчлэхдээ гантиг чулуун хавтангаар сольсон нь иргэд халтирч унаж бэртэх эрсдэлийг нэмэгдүүлж байгаа юм.
Нийслэлд шинээр байршуулсан хавтан нь цастай өдрүүдэд халтирахгүй гэж албаныхан мэдэгдэж байсан ч зарим хэсгийн зам талбайг цасыг бүрэн цэвэрлээгүйн улмаас иргэд эрүүл мэндээрээ хохирч байна. Гэмтэл согог судлалын үндэсний төв болон салбар эмнэлгийн Яаралтай тусламжийн тасагт 2025 оны арваннэгдүгээр сарын 1-24-ний хоорондох нийт 1433 хүн зөвхөн халтирч унаж гэмтсэний улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь шинээр сольсон явган хүний зам гөлгөр, халтиргаа их байгааг харуулсаар байна.
Халтиргаа гулгаа үүссэнтэй холбоотойгоор гэмтэж бэртэх шалтгааны дийлэнх хувийг мөчдийн хугарал буюу гар сарвуу, дунд чөмгийн хугарал, зөөлөн эдийн бэртэл эзэлж байгаа ажээ.
Мөн хүнд хэлбэрийн гэмтэлд гавал ясны хугарал, тархины эдийн гэмтэл, аарцаг нурууны бэртэл багтаж байна. Өнгөрсөн аравдугаар сард ГССҮТ-д хүргэгдэж ирсэн нийт иргэдээс халтиргаа гулгаанаас үүдэлтэйгээр бэртэж гэмтсэн 3563 хүн тусламж үйлчилгээ авсан байдаг. Албаныхны мэдээлж буйгаар эмнэлгийн тусламж үйлчилгээ авахаар ирсэн иргэдийн дийлэнх нь насанд хүрсэн буюу 21-ээс дээш насныхан байжээ.
Иргэд халтирч унах үедээ гарын тохой, сарвуугаар хүчтэй тулах, хөлийн байрлал ташуу болон хавсарч унах, аарцаг нуруугаар суун тусах, арагш хүчтэй савж унах зэргээс үүдэлтэй бэртэл гэмтэлд илүү өртөж байгаа тул Гэмтэл согог судлалын үндэсний төвөөс өгч буй дараах зөвлөмжийг сайтар дагаж мөрдөхийг анхаарна уу.
Зөвлөмж:
- Резинэн ултай буюу зөөлөн ултай гутал өмсөх, мөн халтирдаггүй гутлын хадаас хэрэглэх
- Таяг болон тулгуур болох зүйлс хэрэглэх
- Халтирах үед авах гэмтлээс сэргийлэх үүднээс малгай, бээлий өмсөх
- Гараа халаасандаа хийхгүй явах
- Явган зорчих хэсгийн зам талбайд гялгар гадаргуутай хавтан, хатуурч хөлдсөн цас, мөсний тогтоц байгаа эсэхийг анзаарах
- Авто замаас зайтай зорчих, явган хүний гарцаар гарахдаа гүйх, халтирч унах, хурдтай яваа автомашинаас болгоомжлох
- Бага насны хүүхэд, өндөр настнуудыг харгалзах хүнгүйгээр явуулахгүй байх
- Үзэгдэх орчин хязгаарлагдмал буюу орой үдшийн цагаар гэрэлтүүлэгтэй газраар явах, хувийн гэрэлтүүлэх хэрэгсэл ашиглах.
Нэмэлт мэдээлэл болгон хүргэхэд, 2024 онд цана, чаргаар гулгах үедээ гэмтэж бэртсэн нийт 1619 тохиолдол бүртгэгдэж байсан бол, 2025 оны эхний 10 сарын байдлаар, 1582 хүн энэ төрлийн бэртэл гэмтлийн улмаас тусламж үйлчилгээ авчээ.
Эх сурвалж: Гэмтэл согог судлалын үндэсний төв






