
Хонконгт орон сууцны хотхонд гал гарч, багадаа 36 хүн амь үрэгджээ
Хонконг хотын Тай По дүүрэгт байрлах Wang Fuk Court нэртэй орон сууцны хотхонд гал гарсны улмаас багадаа 36 хүн амь үрэгдэж, 29 хүн гэмтэж, 279 хүн сураггүй болжээ.
Тус бүр 31 давхар 8 блокоос бүрдэх Wang Fuk Court орон сууцны хотхонд өнгөрсөн лхагва гарагт орон нутгийн цагаар 14:51 цагт гал гарчээ. Гал сөнөөх албанд анх дуудлага ирснээс хойш 3 цаг 30 минутын дараа 8 блок орон сууцны 7 нь галд автсанаар уг гал түймрийг 5-р түвшин буюу хамгийн аюултай түвшнийх гэж ангилсан байна. Хамгийн сүүлд Хонконгт 5-р түвшний гал түймэр 17 жилийн өмнө гарч байжээ.
Галыг унтраах ажилд олон арван машин техник, 800 гаруй гал сөнөөгчид болон түргэн тусламжийн ажилтнуудыг дайчилсан ба гал одоог хүртэл бүрэн унтраагүй байгаа аж.
Галд автсан тус орон сууцны хотхонд нийт 4600 орчим хүн оршин суудаг ба оршин суугчдын багагүй хувийг ахмад настнууд эзэлдэг байжээ.
Тай По дүүргийн төлөөлөгч Мүй Сю Фун BBC агентлагт өгсөн ярилцлагадаа хотхоны 1000 гаруй оршин суугчдыг ойролцоо байрлах хорогдох байр луу нүүн шилжүүлээд байгааг дурджээ. Түүнчлэн Хонконгийн эрх баригчид хэд хэдэн байршилд түр хорогдох байрууд байгуулаад байгаа аж.
Хонконгийн цагдаагийн газар болон гал сөнөөх алба хамтран гал гарах болсон шалтгааныг тодруулах тусгай баг томилоод байгаа ба гал гарах үед тус орон сууцны хотхонд засварын ажил явагдаж, фасадных нь гадна барилгын хулсан шат байршуулж, ногоон өнгийн тороор хаасан байжээ. Гэрчүүдийн мэдээлснээр гал хулсан шатаар дамжин хурдацтайгаар тархаж байсан аж.
Хэрэг явдалтай холбоотойгоор засварын ажлыг гүйцэтгэж байсан барилгын компанийн хоёр захирал, нэг зөвлөхийг хүний амь хохироосон хэргээр баривчлаад байгаа аж. Цагдаа нар гал гарсан хотхоны цонхнуудыг хөөсөнцрөөр хаасан байсныг олж тогтоогоод байгаа ба барилгын компани өөр бусад стандартын бус материал ашигласнаар гал хурдан тархах нөхцөлийг бүрдүүлсэн байж болзошгүй гэж сэжиглэж байгаа аж.






