
Өнөөдөр НИТХ-ын ээлжит бус хуралдаан болно. Уг хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсвийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх юм. Нийслэлийн төсвийг 2 удаагийн хэлэлцүүлэг хийж баталдаг бөгөөд 12 дугаар сарын 05-ны дотор батлах учиртай юм.
Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуульд Нийслэлийн 2026 оны төсвийн суурь орлого, зарлагыг дараах байдлаар тооцож, улсын төсөвт төвлөрүүлэх орлого, орон нутгийн хөгжлийн сангийн шилжүүлгийн орлогыг баталсан.
Үүнд:
- Нийслэлийн төсвийн суурь орлогыг 3,495.9 тэрбум төгрөг, суурь зарлагыг 2,616.8 тэрбум төгрөг байхаар тооцон, нийслэлийн төсвөөс улсын төсөвт орлогыг 263.7 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээр;
- Орон нутгийн хөгжлийн нэгдсэн сангаас нийслэлд 42.6 тэрбум төгрөг хуваарилахаар тус тус баталсан.
Монгол Улсын нэгдсэн төсвийн 2026 оны төсвийн хүрээний мэдэгдэлд ирэх онд дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтийг 6.0 хувь, хэрэглээний үнийн өсөлтийн түвшнийг 7.0 хувиар тус тус тооцсон байна.
Төсвийн тухай хуулийн дагуу Нийслэлийн 2026 оны төсвийн төслийг Ulaanbaatar.mn цахим хуудсанд байршуулан, мөн 350 гаруй иргэдийг хамруулсан нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулжээ. Мөн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр 2026 онд хэрэгжүүлэх төсөл, хөтөлбөрт иргэдийн санал асуулгыг гар утасны “ОНХС”, “e-mongolia” аппликейшн болон цахим хуудсаар дамжуулан зохион байгуулж, олон нийтэд мэдээлж нийт 77,246 төсөл, хөтөлбөрийн саналыг иргэд, олон нийтээс ирүүлсэн байна.
Иргэдийн нээлттэй хэлэлцүүлэг болон цахим санал асуулгаар,
- гудамж талбайн камержуулалт,
- нийтийн эзэмшлийн талбайд амралт, чөлөөт цагаа өнгөрүүлэх талбай, ногоон байгууламж, цэцэрлэгжүүлэлт,
- эрчим хүчний эх үүсвэрийг нэмэгдүүлэх,
- хүүхдийн тоглоомын талбай, тохижилт шинэчлэн засварлах,
- ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгт шаардлагатай засвар тохижилт,
- өрхийн эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг сайжруулах,
- үерийн болон гадаргын ус зайлуулах шугам, хоолой,
- хог ангилан ялгах сав байршуулах,
- явган хүний зам талбай засварлах,
- авто машины зогсоол байгуулах,
- нийтийн эзэмшлийн орон сууцны фасад, дээвэр засварлах зэрэг санал, хүсэлтийг голлон тавьсан байна.
Дээрх саналуудыг нийслэлийн санхүү, төсвийн боломжит эх үүсвэрийн хүрээнд судлан төсвийн төсөлд тусгажээ.
Нийслэлийн 2026 оны төсвийн орлого
2026 онд нийслэлийн төсөвт 4,637.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр нь 2025 оны батлагдсан төлөвлөгөөнөөс 398.4 тэрбум төгрөгөөр буюу 9.4 хувиар, хүлээгдэж буй гүйцэтгэлээс 673.4 тэрбум төгрөгөөр буюу 17.0 хувиар өссөн дүнтэй байна. Энэхүү өсөлтөд
– аж ахуйн нэгжийн орлогын албан татвар 201.5 тэрбум төгрөгөөр,
– хувь хүний орлогын албан татвар 236.1 тэрбум төгрөгөөр,
– хөрөнгийн албан татвар 40.7 тэрбум төгрөгөөр,
– татварын бус орлого 213.4 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байгаа нь голлон нөлөөлж байна.
Төсвийн төслийн тооцоогоор 2026 онд нийслэлийн төсвийн орлогын 82.7 хувь буюу 3,835.1 тэрбум төгрөгийг татварын орлогоор, үлдэх 17.3 хувь буюу 802.4 тэрбум төгрөгийг татварын бус орлогоор бүрдүүлэхээр байна.
Нийслэлийн 2026 оны төсвийн зарлага
Нийслэлийн 2026 оны төсвийн төсөлд 4,260 тэрбум төгрөг байхаар тооцжээ. Нийт зарлагын,
- 35.1 буюу 1,514.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд,
- 46.7 хувь буюу 2,010.6 тэрбум төгрөгийн хөрөнгийн зардалд,
- 2.3 хувь буюу 100.3 тэрбум төгрөгийг дамжуулан зээлийн эргэн төлөлтөд,
- 9.5 хувь буюу 408.4 тэрбум төгрөгийг үнэт цаасны эргэн төлөлтөд,
- 0.3 хувь буюу 13.0 тэрбум төгрөгийг 3 дүүргийн санхүүгийн дэмжлэгт,
- 6.1 хувь буюу 263.7 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээр тус тус тооцон төлөвлөжээ.
Нийслэлийн 2026 оны төсвийн урсгал зардлын төсөлд дараах томоохон зардлууд тусгагдаж байна.
Үүнд:
- Нийслэл, дүүргийн нутгийн захиргааны болон харьяа төсөвт байгууллагуудын барилга байгууламжийн байр ашиглалттай холбоотой тогтмол зардалд 132.2 тэрбум төгрөг;
- Холбогдох хуулийн дагуу 191.7 мянган ахмад настан, 37.8 мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 8.0 мянган цагдаагийн алба хаагчдын нийтийн тээврийн хэрэгслээр үнэ төлбөргүй зорчих нөхөн олговрын зардалд 40.4 тэрбум төгрөг;
- Нийтийн тээврийн үйлчилгээний машин цагийн зардлын зөрүү санхүүжилт 332.2 тэрбум төгрөг;
- Сургуулийн хүүхдийн автобусны үйлчилгээний зардалд 4.9 тэрбум төгрөг;
- Нийслэл, дүүргийн хот нийтийн аж ахуй, тохижилт үйлчилгээний зардалд нийт 344.0 тэрбум төгрөг /зам, замын байгууламжийн цэвэрлэгээ, үйлчилгээ, арчлалтын зардал 9.9 тэрбум төгрөгийг Авто замын тухай хуулиар нийслэлийн Авто замын сангийн эх үүсвэрээс санхүүжүүлнэ/
- Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зардалд 70.0 тэрбум төгрөг;
- Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд сайжруулсан түлшний тээвэрлэлт, борлуулалт, хадгалалт, хяналт шалгалтын зардалд 52.2 тэрбум төгрөг;
- Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр, Нийслэлийн 2026 оны хөгжлийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх арга хэмжээний хүрээнд 44.5 тэрбум төгрөгийг;
- Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 344 дүгээр тогтоолын дагуу Нийслэлийн хүн амын 2026 оны хаврын улирлын махны нөөцийг арилжааны банкны эх үүсвэрээр бэлтгэх санхүүжилтийн зээлийн хүүгийн хөнгөлөлтөд 8.7 тэрбум төгрөг;
- Онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих тэтгэмжийн 636 иргэнд 0.8 тэрбум төгрөг, 5.4 мянган иргэнд үзүүлэх олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээнд 2.3 тэрбум төгрөг нийт Нийгмийн халамжийн зардалд 3.1 тэрбум төгрөгийг тус тус төсвийн төсөлд тусгасан байна.






