
Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 101 жилийн ойг тохиолдуулан Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон “Монголын Залуучуудын Холбоо” ТББ хамтран Монгол Улсын “Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор 23 дахь жилдээ зохион байгууллаа.
Нийслэл Улаанбаатар хотын хэмжээнд “Иргэний андгай өргөх ёслол”-ыг Төрийн ордны Их Монгол танхимд зохион байгуулж, 871 орчим сурагчид оролцон иргэний андгай тангараг өргөлөө.
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Ундрам, Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Б.Бэлгүтэй нар 15 хүүхдэд иргэний үнэмлэх, батламжийг Төрийн ордны тайзнаа ёслол төгөлдөр гардуулав.


“Иргэний андгай өргөх ёслол”-ын үйл ажиллагааг тэртээ 2002 оноос эхлэн Монголын Залуучуудын Холбоо төрийн бус байгууллагын санаачилгаар залуучуудын болон боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагуудтай хамтран жил бүрийн энэ өдөр Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор улс орон даяар зохион байгуулдаг уламжлалтай.












