
“Спортын сэтгэл судлал бол сэтгэл судлалын нэгэн салбар ухаан бөгөөд сэтгэл зүйн нөлөө, түүнд нөлөөлж чадахуйц бусад хүчин зүйл буюу оролцоо, спорт гүйцэтгэл, бэлтгэл, бие махбодын үйл ажиллагаа, хэрэглээний мэдлэг зэргийг өдөр тутмын хүрээнд сайжруулах үүрэгтэй шинжлэх ухаан”

Тамирчдын хувьд ямар нэг том тэмцээнд орохын өмнө болон бэлтгэл сургуулилтын үед сэтгэл зүйгээ бэлдэх ёстой гэж ярьдаг. Спортын сэтгэл зүйч нь сүүлийн жилүүдэд эрэлттэй болж буй мэргэжил бөгөөд жирийн сэтгэл зүйчээс юугаараа ялгаатай, онцлог болох товч мэдээллийг ярилцлагынхаа эхэнд хүргэе.
Спортын сэтгэл зүйч гэж хэн бэ?
Олон улсад сэтгэл зүйчгүй тамирчин тэр дундаа гадны оронд одоо үед ховорхон тохиолдол. Тухайн тамирчныг аливаа тэмцээнд оролцоход техник ур чадварын талаас нь багш, дасгалжуулагчид зөвлөн дэмждэг.
Харин тамирчныг ямар сэтгэл зүйтэй байх, сул тал нь юу болох, түүнийгээ хэрхэн даван туулах, ялалт, ялагдалд бэлэн байх зэрэг сэтгэл зүйн хувьд нь дэмжих хүн бол спортын сэтгэл зүйч юм.


Мөн спортын сэтгэл зүйчийн онцлог нь тухайн тамирчныг зөвхөн сэтгэл зүйн хувьд гэхээсээ илүүтэй бие махбодын хувьд ч бэртэл гэмтлээс сэргийлэхэд нь туслан зөвлөдөг. Монгол Улсад Спортын сэтгэл судлаачдын холбоо үүсгэн байгуулагдаж, өдгөө 9 дэх жилдээ үйл ажиллагаагаа амжилттай явуулж байна.
Тэд дотооддоо сэтгэл зүйн тусламж, дэмжлэг үзүүлдэг байсан бол одоо гадагшаа хилийн чанад руу цар хүрээгээ тэлэн ажилладаг болжээ.


Ингээд ӨМӨЗОрны Хөх хотод чөлөөт болон жүдо бөхийн спортын төрөл дээр 8 сарын хугацаанд спортын сэтгэл судлалын чиглэлээр амжилттай ажиллаад ирсэн тус холбооны Зөвлөгөөний албаны дарга Н.Рэнжмаатай цөөн хором хөөрөлдсөнөө хүргэж байна.
-Сайн байна уу? Монгол Улсдаа спортын сэтгэл судлалын чиглэлээр ажиллаж байсан та бүхний ирээдүйн өнгө ямар байна вэ?
-Монголын спортын сэтгэл судлаачдын холбоо үйл ажиллагаагаа явуулаад бас багагүй хугацаа өнгөрчхөөд байна. Холбоо маань 2016 онд албан ёсоор үүсгэн байгуулагдаад өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа.
Тодотговол сүүлийн 3 жил илүү цар хүрээгээ өргөжин тэлж байгаа нь сайшаалтай. Манай холбооны зүгээс шигшээ багийн тамирчидтай ажиллахаас гадна олимпт оролцох тамирчидтай ажиллаж ирсэн. Үүнээс гадна 2024 оны 11 сараас эхлээд бид нар анх удаа хилийн дээс алхаж, гадаадын тамирчидтай ажиллах ийм боломж нээгдсэнд баяртай байгаа.
Өвөр Монголын шигшээ багаас хүсэлт ирсний дагуу бид багаараа тэнд очиж, богино хугацааны үйлчилгээ тусламж үзүүлээд амжилттай ажиллаад ирлээ. Сүүлийн 8 сар манай холбооны сэтгэл зүйч Золзаяагийн хамтаар буюу багаараа тасралтгүй Өвөр Монголын шигшээ баг дээр тулж ажилласан.


-Тус улсын баг дээр ажилласны үр дүн, ахиц дэвшил хэрхэн яаж гарав?
-Бидний хувьд жүдо болон чөлөөт бөх, сонгомол бөх мөн боксын төрлүүд дээр ажилласан. Тус шигшээ баг нь яг л амласан амлалтынхаа дагуу Хятадын бүх ард түмний спартакиадаас 5 алтан медаль зүүсэн.


-Тэгэхээр урд хөршийн хувьд спортын төрлүүд дээр багш, дасгалжуулагчийг Монгол Улсаас урин ажиллуулдаг байсан бол өдгөө сэтгэл судлалын чиглэлээр мэргэжилтнүүд урьдаг болжээ?
-Тийм. Мэдээж бидний хувьд Монголынхоо баг тамирчидтай өнгөрсөн хугацаанд ажиллаж ирсэн. Гэтэл энэ удаад Өвөр Монголоос хүсэлт тавиад, бид нарыг урьж ажиллуулсан нь манай холбооны хувьд “Өсөлт, хөгжил, бас дэвшил” хэмээн харж буй. Дээр нь нэмээд хэлэхэд гадны улс орнууд тэр дундаа ӨвөрМонголоос биднийг урьсан нь “Спортын сэтгэл зүй” бол маш чухал асуудал гэдгийг онцгойлон олж харжээ гэж ойлгож байна.


-Тамирчны амжилт, ялалтын гол цөм зүрх нь сэтгэл зүй. Тэгэхээр 2028 оны “Лос Анжелес-2028” зуны олимпын цикл хэдийнээ эхэлчихсэн. Тэгэхээр та бүхэн Монголын тамирчидтайгаа ямар түвшинд, дээр нь олон улстай шинжлэх ухаанчаар уялдуулан ажиллах вэ?
-Манай холбооны зүгээс “Лос Анжелес” хөтөлбөрийг боловсруулаад гаргасан. Тэгээд тун удахгүй энэ хөтөлбөрөө 2025 оны төгсгөлд буюу ирэх 12-р сард танилцуулахаар бэлдэж байна.
-Тэгвэл тун удахгүй зорилтот том хөтөлбөрийнхөө үүцийг задлахнээ. Спортын холбоодын тамирчид, шигшээ багийнхан оролцоход нээлттэй юу?
-Бидний зүгээс спортын тамирчдаа олимпт оролцох тамирчдаа дэмжиж хамтран ажилламаар байгаа. Зөвхөн шинжлэх ухаан талаасаа бус мөн анагаах ухаан, сэтгэл судлал, хоол зүй зэргийг бүрэн хослуулж, мэргэжлийн түвшинд ажиллах зорилготой. Тийм ч учраас яг сэтгэл зүйн чиглэлээр энэхүү хөтөлбөрийг гаргасан.


-Туршлагатай тамирчин нөгөө талаараа шинэ залуу тамирчин хоёрын сэтгэл зүйн түвшин өөр байдаг болов уу?
-Мэдээж туршлагатай тамирчид өөрсдийн гэсэн тодорхой хэмжээний арга барилтай, сэтгэл зүй дээрээ ажилладаг туршлагыг олон жилийн хугацаанд одоо бий болгосон байдаг. Бидний зүгээс өнгөрсөн хугацаанд хуримтлуулсан эерэг, сөрөг тэр туршлага дээр нь үндэслээд яг одоо өөрт нь байгаа нөөц боломжийг нь илүү дайчилж өөрт нь буй ур чадварын гүйцэтгэл өндөртэй байхад нь зөвлөн туслах, дэмжих арга хэмжээ авч ажилладаг. Харин жишээ нь анх удаа олимпт оролцож буй залуу тамирчдын хувьд догдлол, өндөр хариуцлага, мэдрэмж, сандрал, түгшилт ч юм уу илүү өндөр байдаг. Тэгэхээр тэр тамирчдын түгшилттэй, итгэлгүй байгаа байдал дээр нь ажилладаг онцлогтой. Мэдээж энэ хоёр тамирчны хувьд харилцан ялгаатай, гэхдээ нийтлэг зүйлсүүд байдаг. Яг туршлагатай тамирчдын туршлага дээр нь үндэслэж улам сайжруулна. Анхлан орж байгаа залуу тамирчид дээр анхнаас нь сэтгэл зүйн ур чадварыг эзэмшүүлэх тал дээр нь түлхүү тулгуурлаж ажиллах тийм онцлогтой.
-Хүний сэтгэл зүй гэдэг маш эмзэг. Хамгийн гол нь хэрхэн зөв зохион байгуулалтаар чиглүүлэн, эерэг үр дүн гаргах эсэх нь “Спортын сэтгэл зүйч”-ийн ур ухаан байх?
“Хүн хаана байна, тэнд сэтгэл судлал оршдог” хэмээн багш маань бидэнд үргэлж хэлдэг байсан. Бид нарын гол ажил бол сэтгэл зүй.
-Спортын сэтгэл зүйчдийн гол үндсэн ур чадвар юу вэ гэхээр яг хүнтэй тулж ажилладаг учраас хүнийг ойлгож, хүнтэй холбоо тогтоож, тухайн үйлчлүүлэгч тамирчны сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож, эмпати байх, эргээд тэр тамирчныг сэтгэл зүйн хувьд дэмжих үйлчилгээ үзүүлэн дэмжинэ ээ гэдэг нь маш чухал процесс. Зүгээр л байдаг энгийнээр тухайн тамирчныг хүчтэй, зоригтой байгаарай, итгэлтэй байгаарай, сэтгэлээрэй бүү унаарай гэдэг үгийг ерөөсөө спортын сэтгэл зүйч нар хэлдэггүй.
Ер нь яг сэтгэл зүйчтэй ажилласан тамирчид бол андахгүй байх. Харин тэр тамирчны дотоод зүрх сэтгэл, бодол санаанд юу байгаад байна? Юу тээглээд байна? Энэ хүн амжилттай урагшлахад, өөрийнхөө ур чадварыг гаргахад юу саад болоод байна гэдгийг нь илэрхийлж, ойлгож ажиллахыг эрмэлздэг. Мөн эргээд тэр саад болж буй зүйлээ хэрхэн даван туулах вэ гэдэг тал дээр нь сэтгэл зүйчид тусалж, дэмжин ажилладаг онцлог бий.


“Тамирчин хаана байна, Спортын сэтгэл судлал тэнд байх нь чухал”
-Монголын спортын сэтгэл судлаадчын хувьд практик дээр гардан ажиллаж, туршиж үзээд тусгайлан өөрсдөө судалгаа хийгээд, яг энэ салбарыг илүү хөгжүүлэх зорилгоор, ирээдүй рүү нэг чигт харж, энэ салбар луу орж ирж байгаа. Ер нь манай улсад спортын спортын мэргэжлийн сэтгэл зүйчид цөөн бий. Тиймээс цөөн хэдэн сэтгэл зүйчид нь эрвийх дэрвийхээрээ салбартаа ажиллаад явж байгаа.
Мэдээж бидний гол зорилго бол спорт дахь тамирчдынхаа амжилт, ялалтыг ахиулах, тэдний ур чадвар өсөн нэмэгдэхэд дэмжлэг үзүүлэх, амжилтад хүрэхэд нь тусалж, ажиллах зорилгоор ажилладаг.
Хамгийн гол нь энэ тусгай салбарууд бие биенийгээ ер нь дэмжээд явах нь маш чухал. Одоо цөөхөн байгаа спортын сэтгэл гадагшаа алдах гээд байна уу даа гэдэг ийм яриа манай сэтгэл зүйчдийн дунд нэлээдгүй өрнөж байна. Иймээс бид цуглуулж, хуримтлуулсан арга барил, мэргэжлийн түвшний ур чадвар, нөөц боломжоо зөвхөн Монголдоо тэр дотроо улсынхаа спортын тамирчид дээр гаргаж, эцсийн үр дүнгээ эерэгээр харахыг эрмэлзэж буй.
Бид хамтран ажиллахад бэлэн. Харин спортын холбоодыг гэрэлтэй ирээдүй рүү хамтдаа урагшлахыг, илүү шат ахихыг уриалж байна.
Ярилцсанд баярлалаа.
Дэлгэрэнгүй видео ярилцлагыг БҮТЭН ҮЗЭХ ЛИНК:






