
Түүхийн ухааны доктор П. Дэлгэржаргал, доктор Н. Алтантөгс нар Кембрижийн их сургуулийн “Brill” хэвлэлийн газрын “Inner Asia” сэтгүүлд хэвлүүлсэн.
Энэ тухай Түүхийн ухааны доктор П. Дэлгэржаргалтай ярилцлаа.
Тэрбээр “Бидний хийсэн судалгаа, үр дүнд Сум–Нэгдэл өгүүлэл маань гадны томоохон хэвлэлд нийтлэгдсэнд баяртай байна” гэв.
Мөн түүнчлэн өгүүллийнхээ тухай ийн ярьлаа “Нэгдэл малчдыг дайчлан хөдөлмөрлүүлж, ашигтай ажилладаг байсан. Нэгдэлд элсүүлэхийн тулд сум, нэгдэл гэсэн хоёр агуулгыг ойлгомжгүй байдлаар тайлбарласан.
Оросуудын бүтээж өгсөн гэдэг барилга, үйлдвэр, уурхайнууд яг үнэндээ бүгд монгол малчдын гараар бүтсэн юм билээ. Тэдний малын ашиг шимээр л зээл олгож барьж өгсөн.
Судалгааны явцад бидний олсон үр дүн анх төлөвлөснөөс өөр гарсан. Сум, нэгдлийг ялгахын аргагүй, нэг зүйлд хоёр тал ойролцоо гэж дүгнэгдсэн. 1959 онд нэгдлүүдийг байгуулсан бөгөөд тухайн үед олон сумдад 2-3, заримд 4 хүртэл нэгдэл байгуулагдсан байжээ. Тухайн жил нэг нэгдлийг нэг сум болгох бодлого хэрэгжүүлж, сумуудаас томруулан нэгдлүүдийг нэгтгэсэн. Тухайн үеийн засаг захиргааны хамгийн бага нэгж нь баг байсан бөгөөд багийг татан буулгаж, захиргааны хамгийн бага нэгжийг сум болгон хувиргасан. Том жижиг сумуудыг нэгтгэснээр нэг суманд нэг нэгдэлтэй болсон. Ингэснээр сум, нэгдлийн газар нутаг, хүн ам давхацсан.
Нэгдлийн гишүүн нь тухайн сумын үндсэн хүн амыг хамардаг байсан бөгөөд сургуулийн багш, албан хаагч гэх мэт цөөхөн хүн нэгдлийн харьяа бус байсан. Тухайн үеийн хууль дүрэмд нэгдлийн өмчийг хоршоологчдын өмч гэж үздэг байсан бөгөөд түүнийг хэрхэн зарцуулахыг бүх гишүүдийн хурлаар шийддэг байв. Гэвч бодит байдал дээр сумын даргыг томилж, сумын даргатай нэгдлийн даргыг хавсаргаж, нэг удирдлагатай болгосон. Ингэснээр газар нутаг, хүн ам, удирдлага нь нэг байгууллага шиг болсон. Цаасан дээр сум, нэгдэл тусдаа байсан ч бодит амьдралд нэг байгууллага шиг үйл ажиллагаа явуулж байв.
Санхүү нь тусдаа байсан ч нэгдлийн дарга хоёр орлогчтой ажиллаж, нэг нь сум, нөгөө нь нэгдэл хариуцсан гэх маягаар. Ингэснээр нэгдэл хоршооллын байгууллага байхаасаа илүү улсын байгууллага шиг болсон.
-Нэг ёсондоо улсаас удирдах зорилгоо хэрэгжүүлэх бодлогыг нэгдэл нэрээр бий бологосон гэсэн үг үү?
-Тийм. Улсаас удирдах зорилгоор ийм арга хэмжээ авсан нь тухайн үеийн намын бодлого байв. Анх хоршооллыг байгуулахад малчид өөрсдийн өмчөө мэдэж, даргаа сонгож, нийт мал, цагаан идээ, бусад бүтээгдэхүүнийг хурлаараа зарцуулах боломжтой байсан.
Гэвч улсаас удирдах шаардлага гарч, бие даасан байгууллагууд бий болсон. Судалгаанд оролцсон зарим сум, сангийн аж ахуйг хүмүүс одоо ч ялгаж мэддэггүй. Жишээ нь, Гурванбулаг сум Сансар сангийн аж ахуй, Баянхонгор аймаг Жаргалант сум Байдрагийн сангийн аж ахуй гэж нэрлэгддэг. Коммунизмын үед нэгдлүүд өөр нэртэй, уриа дуудлагын шинжтэй байсан.
Сангийн аж ахуй нь улсын байгууллага тул захиргааны бичиг баримт асуудал үүсгэж байгаагүй. Харин хоршооллын байгууллага тухайн үеийн хууль, дүрмээр бодит амьдрал дээр зарим зөрчилтэй байсан. Аймгийн намын хорооноос хэлэлцэж, сумын даргыг “сум-нэгдлийн дарга” гэж томилдог байв. Эхэн үедээ дарга нь сонгуулийн аргаар сонгогддог байсан ч сум-нэгдлийн тогтолцоо бий болсноор сонгуулийн тогтолцоо байхгүй болсон.
Улсаас удирдах болсон нь 5 жилийн төлөвлөгөөтэй холбоотой. Манай улс нийтдээ 8 удаагийн 5 жилийн төлөвлөгөө, 1 удаагийн 3 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлсэн. 1948 оноос эхлэн Зөвлөлттэй уялдуулан социалист системийн улс орнуудын адил 3 жилийн төлөвлөгөө 1958-1961 онд хэрэгжиж эхэлсэн. Дараа нь 5 жилийн төлөвлөгөө 1961-1965, 1966-1970, 1971-1975, 1976-1980, 1990 он хүртэл үргэлжилсэн. Энэ төлөвлөгөөнд нэгдлүүдийг хамруулан улсын байгууллагын хавсрга болгосон.
Судалгааны дүнгээс харахад сум-нэгдэл хоёр нь нэг байгууллага шиг, зоосны хоёр тал шиг болсон нь тодорхой. Энэ дүгнэлтийг олон улсын сэтгүүлд хүлээн зөвшөөрсөн бөгөөд Монголд ном хэлбэрээр хэвлэгдэж, олон улсад тарсан. Судалгаанд гурван түвшинд: хүн, малчдын амьдрал; нэгдлийн бүтэц; улсын зохион байгуулалт; сум-нэгдлийн тогтолцооны үүсэл шалтгааныг судалсан.
Сум-нэгдлийн тогтолцоо санамсаргүй байгуулагдаагүй. Тогтолцоог төлөвлөсөн бөгөөд МАА-н түүхий эдийг худалдах тогтолцоог улсаас бий болгосон. 1959 онд Худалдаа, бэлтгэлийн яам шинээр байгуулагдаж, аймаг бүрт удирдах газар, сум бүрт анги байгуулсан. Тэр анги нь агент, дэлгүүртэй ажиллаж, сум, нэгдэлд харьяалагдахгүй, шууд яамнаас удирддаг болсон.
Энэ байгууллага хоёр үүрэгтэй:
- Ард түмнийг бараа, таваараар хангах
- МАА-аас гарч байгаа түүхий эд худалдан авах
Нэгдэлд урьдчилгаа мөнгө өгч, гэрээний дагуу жил бүр мах, сүү, ноос, ноолуур нийлүүлэх хэмжээг тодорхойлдог байв. Гэрээнд түүхий эдийн жин, ангилал, тарваганы арьсны тоо хүртэл нарийн заадаг.
Бодит амьдралд нэгдэл нь ашгийн төлөө биеэ даадаггүй, орлогоосоо сар бүр цалин авдаг ажилтнуудтай, зээлээр үйл ажиллагаагаа явуулдаг. Улс аж үйлдвэрийн шинэ барилга байгуулахад малчдаас төвлөрсөн бүтээгдэхүүн авч ашигласан. МАА-ны бүтээгдэхүүний үнэ улсаас хатуу тогтсон бөгөөд малчид бүтээгдэхүүнээ заавал тушаадаг.
Тусламж, экспорт, зээлд ашиг орлого бий болж, хот, үйлдвэр барихад хөрөнгө болж байв. Энэ тогтолцоо сүү, мах, ноос, ноолуур, арьс ширний стандартыг бий болгож, экспортод шаардлагатай гэрчилгээ, ангилал, тамгатай бүтээгдэхүүн гаргах боломж бүрдүүлсэн.
Монголын эдийн засаг тухайн үед Транс-Сибирийн төмөр зам, Хятадын төмөр замтай холбогдож, Зөвлөлт рүү экспортлогддог байв. Стандарт, тээвэрлэлтийн зохион байгуулалт, хүн амын орлого, малчдын үйлдвэрлэлийг удирддаг систем байсан. Мал, сүү, мах, ноос, ноолуурын бүх бүтээгдэхүүн улсын төлөвлөлтөд нийцүүлэн цуглуулж, аж үйлдвэр, хот барилга, экспортод зориулж ашигласан.
“НЭГДЛИЙН АШИГТАЙ АЖИЛЛАЖ БАЙСАН ГОЛ УТГА УЧИР НЬ АЖИЛЧДЫНХАА ЦАЛИНГ ХАСАХ БАЙСАН”
Тууврын замд улс “тусгай хэрэгцээт газар” гэж замуудыг авсан. Тууврын замаар бүтээгдэхүүн хүргэж, зарим нь Зөвлөлтийн хил рүү гардаг. Жил ирэх тусам амьдаар гаргах багасч, мах комбинат барьж боловсруулсан. Арьс ширийг үйлдвэрт өгч, гэмтэлгүй арьс гардаг болсон.
Бүтээгдэхүүн гурван чиглэлээр явдаг. Улсад худалдаж авсан нь дотоодын үйлдвэрийг түүхий эдээр хангана. Ноос, ноолуур, арьс зэрэглэлээрээ авдаг.
Нэгдлийн ашигтай ажиллах арга нь гишүүдэд цалингаас хэмнэх. МАА дээр хүний хөдөлмөр хамгийн гол. Нэгдлийн зардал нь цалин. Жилийн эхэнд байгуулсан гэрээгээр орлого гарч, бүтээгдэхүүн нийлүүлнэ. Цалинг зохицуулж, ашиггүй бол бууруулдаг.
Дэлхийд хоршоолол хэрэгтэй. Монгол шиг тарсан малчид Улаанбаатарт ирж мах зараад сууж чадахгүй. ХАА-н бүтээгдэхүүнийг улс худалдаж авдаг тогтолцоо хэрэгтэй. ХАА жилд нэг удаа гардаг, улирлын шинжтэй тул худалдаж авах систем шаардлагатай. Тиймээс түүхээсээ суралцах хэрэгтэй байна.






