
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр /2025.11.25/ 15.00 цагаас ээлжит бусаар хуралдаж, шинээр томилж буй сайд нарын танилцуулгыг хийж буй.
Харин үргэлжлүүлэн Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд М.Бадамсүрэн нар тангараг өргөхөөр болжээ. МАН-ын Удирдах зөвлөл өчигдөр /2025.11.24/ цахимаар хуралдаж, УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Ж.Энхбаярыг Эдийн засаг, хөгжлийн сайдаар, УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдад нэрийг нь дэвшүүлж дэмжсэн талаар ЗГХЭГ-ын дарга С.Бямбацогт мэдээлсэн. Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нь МАН-ын дарга, УИХ-ын дарга болсон тул Засгийн газрын гишүүнээс нь чөлөөлөх шаардлага үүсээд байгаа юм.
УИХ-ын чуулганы ээлжит бус хуралдаанд 72 гишүүн ирсэн. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Стратегийн ач холбогдол бүхий бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэлтийг дэмжих тухай хуулийн төсөл/хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас дээрх хуулийн төслийг яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлжээ.
УИХ-ын чуулганд хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь энэхүү төслийг хэлэлцэх нь зүйтэй хэмээн үзсэн тул Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ.
Үүний дараа Засгийн газрын гишүүнийг томилох, чөлөөлөх асуудалтай танилцаж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар онцгой бүрэн эрхийнхээ хүрээнд Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайдаас Ж.Энхбаярыг чөлөөлж Эдийн засаг, хөгжлийн сайдад нэр дэвшүүлж байгааг, мөн Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад УИХ-ын гишүүн М.Бадамсүрэнг нэр дэвшүүлсэн болохоо танилцууллаа. Сайдад нэр дэвшигч нарыг өчигдөр Ерөнхийлөгчид танилцуулжээ.






