
“Тогтвортой Хөгжлийн асуудлаарх улс төрийн намуудын хэлэлцүүлэг” нь Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд болон Дани Улсын Социал Демократ Нам, Социалист Ардын Нам (Ногоон Зүүн)-уудын хамтарсан туршилтын санаачилга юм.
Энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улсын тогтвортой хөгжил болон ногоон шилжилтийн асуудлаар хамтарсан стратеги боловсруулах намуудын хамтын ажиллагааны талбарыг бий болгохоор зорьж буй бөгөөд Ногоон хог хаягдлын менежментийн асуудлыг туршилтын эхний сэдвээр сонгон ажиллаж байна.
2024 оны байдлаар Монгол Улсад жил бүр дунджаар 2.7 сая тонн хог хаягдал үүсэж байгаа нь таван жилийн өмнөх үзүүлэлттэй харьцуулахад 35 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч нийт хог хаягдлын ердөө хувь нь улсын хэмжээнд, 12 орчим хувь нь Улаанбаатар хотод дахин боловсруулагдаж, үлдсэн хэсэг нь булшлагдаж байна.
Хог хаягдлыг бүртгэх, тооцох тогтолцоо сул байгаа бөгөөд улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй 393 хогийн цэгийн ердөө 10 цэгт хог хэмжих пүү суурилуулсан байгаа нь бодит хаягдлын хэмжээ өнөөгийн бүртгэлээс илүү байх магадлалтай байна. Хог хаягдлын бүтэц, бүрэлдэхүүний талаарх нарийвчилсан мэдээлэл дутмаг, аюултай хог хаягдал ахуйн хогтой хамт булшлагдаж байна.
Өнөөдрийн байдлаар 2017 оны “Хог хаягдлын тухай хууль” болон холбогдох стандартууд хэрэгжиж байгаа хэдий ч хог хаягдлын менежментийн тогтолцоо тархмал, зохицуулалт сул, санхүүжилт хангалтгүй, хувийн хэвшлийн оролцоо хязгаарлагдмал хэвээр байна. Салбарыг удирдах нэгдсэн төв байгууллага үгүй, хариуцлагын хуваарилалт олон яам, агентлагийн хооронд давхардсан байдалтай байна.
Орон нутгийн захиргаадын санхүүгийн чадавхи, хэрэгжилтийн хяналт сул, хариуцлагын тогтолцоо тодорхойгүй, бодлого, эрх зүйн орчны хэрэгжилт хангалтгүй байна. Зарим зорилт нь хэт ерөнхий, заримыг хэрэгжүүлэх бодит суурь нөхцөл бүрдээгүй байна.
Тендерийн системийн хувьд ил тод бус, чанараас илүү үнэд суурилсан үнэлгээ давамгайлж байгаа нь үр ашгийг бууруулж байна. Санхүүжилтийн тогтолцоо төрийн төсөв болон хэрэглэгчийн хураамжид хэт найдаж, хувийн хэвшлийн оролцоо хязгаарлагдмал байна.
Хогны хураамжийн бүтэц нь үр ашиг багатай, ангилан ялгалт, дахин боловсруулалт болон урт хугацааны хөрөнгө оруулалтыг дэмжихгүй байна. Мөн ил задгай хог шатаах, хяналтгүй булшлах, стандартын шаардлага хангаагүй хогийн цэгүүд агаар, хөрс, усыг бохирдуулж, байгаль орчны доройтлыг гүнзгийрүүлж байна.
Аюултай хог хаягдлын хяналт сул, байгаль орчны үнэлгээ хангалтгүй хийгддэг байна. Үйлчилгээний хүртээмжийн ялгаа өндөр, ялангуяа гэр хороолол болон хөдөө орон нутагт сул, иргэдийн төлбөрийн сахилга бат муу, олон нийтийн мэдлэг, ойлголт хангалтгүй байгаа нь хог хаягдлын менежментийн үр дүнд сөргөөр нөлөөлж байна. Хог хаягдлын салбарт ажиллаж буй албан бус хөдөлмөр эрхлэгчид нийгмийн хамгаалалтгүй, эрүүл мэндийн хувьд эрсдэлтэй нөхцөлд ажиллаж байна.
Технологийн хувьд, хог тээврийн хэрэгсэл, байгууламжууд хуучирсан, засвар үйлчилгээний төсөв хангалтгүй, автоматжуулалт, дэд бүтэц хязгаарлагдмал байна. Дахин боловсруулах үйлдвэрүүд бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй, дотоодын дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь технологийн хоцрогдол, зах зээлийн сул орчин зэргээс шалтгаалан өрсөлдөх чадвар сул байна.
Эдгээр системийн түвшний сорилтуудыг даван туулахын тулд Монгол Улс институцийн уялдаа холбоо сайтай, урт хугацааны нэгдсэн бодлого, стратеги хэрэгжүүлэх шаардлагатай байна. Түүнчлэн, ил тод, тогтвортой санхүүжилтийн тогтолцоо бүрдүүлэх, хувийн хэвшил болон иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, тойрог эдийн засгийн зарчимд суурилсан менежментийн бодлого хэрэгжүүлэх нь чухал болоод байна.
Мен мэдээллийн систем, дэд бүтэц, шинэ технологид хөрөнгө оруулж, хариуцлагын тогтолцоог сайжруулан, байгууллагуудын хамтын ажиллагааг дэмжих нь үр ашигтай, хүртээмжтэй хог хаягдлын менежментийг цогцлоох үндэс суурь болно.
“Тогтвортой Хөгжлийн асуудлаарх улс төрийн намуудын хэлэлцүүлэг” нь Улсын Их Хуралд суудалтай улс төрийн намууд болон Дани Улсын Социал Демократ Нам, Социалист Ардын Нам (Ногоон зүүн)-уудын хамтарсан туршилтын санаачилга юм.
Энэхүү санаачилгын хүрээнд Монгол Улсын тогтвортой хөгжил болон ногоон шилжилтийн асуудлаар хамтарсан стратеги боловсруулах намуудын хамтын ажиллагааны талбарыг бий болгохоор зорьж буй бөгөөд “Ногоон хог хаягдлын менежмент’-ийн асуудал эхний туршилтын сэдвээр сонгогдоод байна.






