
Жүжигчин Брюс Уиллисийн гэргий нөхрийнхөө тархийг хандивлахаа мэдэгджээ
Америкийн алдартай жүжигчин Брюс Уиллисийн гэргий Эмма Хэмминг Уиллис өөрийн дуртгал номдоо нөхрийгөө өөд болсны дараа тархийг нь деменци өвчний судалгаа шинжилгээнд зориулж хандивлана гэдгээ бичжээ. 2023 онд жүжигчин Брюс Уиллис тархины өмнөд хэсгийн деменци өвчнөөр оношлогдсон юм.
Хэлэх үгээ мартаж санадаг болсноосоо болж Б.Уиллис жүжигчний карьераа орхиход хүрсэн билээ. Түүний гэргий Эмма, “Ихэнх хүмүүс үхлийг айдас, тодорхойгүй байдалтай холбодог. Дотнын хүн маань өвдөхөд, түүний өвчин бидний өдөр тутмын амьдралын нэг хэсэг болдог. Бид өвчтэй хүнээ алдах тухай мөн үхлийн тухай боддоггүй.
Гэтэл энэ нь нэн тэргүүнд бодох ёстой зүйлсийн нэг юм.” хэмээн бичжээ. Тэрбээр нөхрийнхөө тархийг хандивлахаар төлөвлөсөн тухайгаа, “Деменци өвчин тэр дундаа деменцийн ховор хэлбэрүүдийн эмгэгүүдийн судалгаа шинжилгээний үр дүн өвчтөнийг өөд болсны дараа тархинд нь хийсэн судалгаа шинжилгээнээс ихээхэн хамааралтай байдаг. Энэ нь энэхүү өвчинтэй тулсан өөр гэр бүлүүдэд тус болох болно.” хэмээн бичжээ.
Саяхан Брюс Уиллис, Деми Мур нарын том охин Румер аав нь түүнийг танихаа больж эхэлсэн талаар нийгмийн сүлжээнд хуваалцсан юм. Өнгөрсөн 8-р сард Эмма Хэмминг Б.Уиллисийг байнгын хараа хяналт болон асаргаатай байлгахын тулд хоёр охиныхоо хамт түүнээс тусдаа ч ойрхон амьдарч эхэлсэн талаараа мэдэгдсэн билээ.






