
Netflix платформын Physical Asia нэвтрүүлэгт түрүүлсэн БНСУ-ын багийн оролцогчдын нэг, чөлөөт бөхийн тамирчин Жан Ын Шил Монголд иржээ. Чөлөөт бөхийн төрлөөр улсынхаа аваргаар хоёр жил дараалан тодорч, 2018 онд Азийн наадамд оролцсон Жан Ын Шил бөхийн төрлөөр хичээллэхээс гадна Солонгосын үндэсний бөх сирым, кроссфитээр хичээллэдэг тамирчин юм.
Тэрбээр БНСУ-ыг төлөөлөн 17 жилийн турш чөлөөт бөхийн тэмцээн уралдаанд оролцож иржээ. 2023 онд Physical: 100 шоунд оролцох явцдаа Жан Ын Шил эмэгтэйчүүд эрчүүдээс дутахгүй хүч чадал, тэсвэр тэвчээртэйг харуулж чадсан билээ. 33 настай тэрбээр 2022 оноос эхлэн кроссфиттээр идэвхтэй хичээллэж, гадаад дотоодын тэмцээнүүдэд оролцож ирсэн байна.
2022 оны CrossFit HOLA тэмцээнд түрүүлж, дотооддоо 30-д эрэмбэлэгдэж байжээ. 172 см өндөр, 62 кг жинтэй тэрээр 7 хоногийн 5-6 өдөр, өдөрт 2 удаа бэлтгэл хийдэг тухайгаа нэгэн сэтгүүлд өгсөн ярилцлагадаа дурдаж байжээ.
Тамирчны замналаасаа гадна хувийн цахим хуудсаа хөгжүүлж, телевизийн олон шоунд уригдсан туршлагатай.

Тухайлбал Physical Asia-д оролцохоосоо өмнө 2022 онд “Playing Sister Season 2”, Netfix-ийн Physical 100, Disney-гийн The Zone: You Must Survive to Live Season 3, the Wavve хөтөлбөрийн Queen Bee Game зэрэг шоугаараа олонд танигдсан юм. Мөн Exercising J гэх нэртэй youtube хуудсаараа дамжуулан контент бүтээхээс гадна өнгөрсөн жилээс эхэлж Adidas брэндийн элч, Act Plus болон Under Armour-ийн модель болж байжээ.
Энэ удаад БНСУ-ын чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин Жан Ын Шил Монгол Улсад хувийн влогоороо дамжуулан контент бүтээх зорилготой ирсэн ажээ.
Өнөөдөр түүнийг Монголд буухад нь “Spark Agency” агентлагийн захирал Э.Дөлгөөн угтан авчээ.






