
УИХ-ын гишүүн, УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Номинчимэгтэй ярилцлаа. Тэрбээр 2013 оноос хойш гар хүрээгүй Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг ахлан боловсруулж УИХ-д өргөн бариад байгаа билээ. Энэхүү өөрчлөлтөөр ямар ямар зохицуулалт хийх гэж байгаа талаар түүнтэй ярилцав.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төсөл УИХ-д өргөн баригдаад багагүй хугацаа өнгөрлөө. Хэзээ хэлэлцэх вэ?
– УИХ-ын 78 гишүүн санаачилсан Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг УИХ-д өргөн бариад хуулийн төслөө АН-ын бүлэг болон ХҮН намын зөвлөлд танилцуулаад байна.
МАН-ын бүлэгт өчигдөр танилцуулсан. Хүний хөгжил, нийгмийн бодлогын байнгын хороогоор хэлэлцэж байж УИХ-аар хуулийн төслийг хэлэлцэх, эсэхийг хэлэлцэнэ. Энэ долоо хоногт хэлэлцэх, эсэхийг шийднэ.
Олон нийт, ялангуяа эцэг, эх, багш нарын хувьд энэ хууль хүлээлт өндөртэй байна. Хурдан батлаад, хурдан зохицуулаад өгөөч гэсэн ээж, аавууд олон байна.
– Тийм ээ, таны зөв. Тамхидалт айл өрх бүрийн асуудал болоод байна. Манай улсад жилд 4,300 хүн тамхины ямар нэгэн хамаарал, хороос болж нас барж байгаа нь бүхэл бүтэн нэг, хоёр сумын иргэнтэй тэнцэж байна.
Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаагаар Монгол Улсын тамхи татдаг иргэдийн тоо тасралтгүй өссөөр 28.4 хувьд хүрсэн. Хамгийн сэтгэл эмзэглүүлэм зүйл бол хүүхэд, өсвөр үеийнхний тамхидалт эрчимтэй нэмэгдсэн. Тодруулбал, өсвөр үеийнхний буюу 13-17 насныхны дунд уламжлалт янжуур тамхины хэрэглээ 20 хувь, электрон тамхины хэрэглээ 25 хувь буюу дөрвөн хүүхэд тутмын нэг нь электрон тамхи татаж байна.
Хүүхдүүдийн тамхидалт нэмэгдэж байгаа нь эцэг, эх, багш, эмч нарын хувьд сэтгэл эмзэглүүлэм асуудал болоод удлаа. Тиймээс ч Тамхины хяналтын тухай хуулийг цаг алдалгүй өөрчлөх хэрэгцээ үүссэн.
Өөрчлөлтийн гол зорилго бол бүх төрлийн тамхины хэрэглээг бууруулах, тэр дундаа хүүхэд, өсвөр үеийнхний тамхины хэрэглээг буруулахыг зорьж байна.
Энэ хуулийг зөвхөн электрон тамхийг зохицуулж байгаа, янжуур тамхинд хамаагүй гэсэн ойлголт нийгэмд байх шиг байна. Хуулийн төслөөр янжуур тамхинд ямар зохицуулалтууд хийж байгаа вэ?
– Зөвхөн электрон тамхийг хорьж, янжуур тамхийг дэмжиж байгаа гэдэг бол олон нийтийг санаатайгаар төөрөгдүүлж байгаа хэрэг.
Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачилснаас хойш хуулийн заалтуудтай холбоотой зарчмын байр суурийн зөрчил гэхээсээ илүү хувь хүн рүү буюу над руу чиглэсэн элдэв дайралт, доромжлол л их ирж байх шиг байна.
Миний хувьд нийгмийн эрүүл мэндийг хамгаалах буюу бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний хэрэглээг бууруулахыг зорьж энэ хуулийн өөрчлөлтийг боловсруулах ажлын хэсгийг ахалсан.
Тухайлбал, янжуур болон шинэ төрлийн тамхинд ижил зохицуулалт хийж, аль алиных нь онцгой албан татварыг 2030 он хүртэл үе шаттай нэмэгдүүлэхээр тусгасан. Хуулийн төслийн сүүлийн хувилбар D Parliament сайт дээр нээлттэй тавигдаад хоёр сар орчим хугацаа өнгөрч байна. Хэн ч ороод танилцаад, харах боломжтой.
Энэхүү хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын ямар ч мэтгэлцээнд ороход бэлэн. Мөн агуулгын хувьд ч яагаад ийм өөрчлөлтүүд тусгаж байгаа талаар үргэлж нээлттэй, тайлбарлаад л явж байна.
Уламжлалт утаат тамхины зохицуулалтын тухайд манай улсын хувьд маш бага татвартай явж ирсэн орнуудын нэг.
Дэлхийн олон улсад нийгмийн эрүүл мэндийг хамгаалахын тулд тамхины хэрэглээг бууруулахыг зорьж тамхинд ногдуулах татварыг бодлогоор зохицуулж ирсэн. Энэ ч үүднээс уламжлалт янжуур тамхинд тавигддаг онцгой албан татварын хэмжээг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр тусгасан.
Хуулийн төсөл боловсруулах ажлын хэсгийн дүгнэлтээр өнөөдөр манай улсад нэг хайрцаг янжуур бусад улс оронтой харьцуулахад маш хямд, нэг ам.доллар хүрэхгүй буюу 0.8 ам.доллар байна. Өөрөөр хэлбэл, бид талхнаас хямд тамхитай байна. Хуулийн гол бодлого тамхи хэмээх хортой бүтээгдэхүүнийг импортлох, худалдах, авч татах хүртээмжийг нь бууруулахыг зорьж байна гэсэн үг.
Мөн тамхи, тамхин бүтээгдэхүүнийг биетээр дэлгэн зарахыг хориглож, зөвхөн 21-ээс дээш насанд хүрсэн хүний хүсэлтээр нэр, үнийн мэдээллийг тусгасан жагсаалтаас сонгон худалдан авахаар зохицуулж байгаа.
Түүнчлэн хүүхдийн асрамжийн газар, хүүхэд харах үйлчилгээ үзүүлэх газар, явган хүний зам дагуу, спортын байгууламжид тамхи татахыг хориглож, эдгээр байршлыг шинээр нэмж байна. Өнөөдөр ямар ч төрлийн тамхийг гудамжинд, явган хүний зам дагуу алхангаа татах боломжтой байгааг хязгаарлана гэсэн үг.
Тэгвэл электрон тамхийг зохицуулах гол өөрчлөлтүүд нь юу вэ?
– Электрон тамхины тухайд дэлхий нийтэд шинэ бүтээгдэхүүн ч гэсэн улс орнууд аль хэдийнээ янз бүрийн байдлаар хуулийн хязгаарлалт, зохицуулалтуудыг хийгээд эхэлсэн.
Дэлхий дээр 20 улс электрон тамхины амт, үнэрийг хорьсон бол 46 улс энэ төрлийн бүтээгдэхүүнийг бүрэн хорьсон. Нийт 82 улс ямар нэгэн байдлаар зохицуулж байгаа бол Монгол Улс ямар ч зохицуулалтгүй орнуудын тоонд ороод явж буй. Энэ дунд 46 улс бүрэн хориглосныг бид анхаарахгүй өнгөрч болохгүй.
Монгол Улсын хувьд хуулийн ямар ч зохицуулалтгүй явж байна гэдэг нь бид хүүхэд, залуустаа эрүүл мэндийн хувьд маш хортой бүтээгдэхүүнийг сул, чөлөөтэй борлуулж, шууд утгаараа хордуулж байгаатай яг адил. Тиймээс ч бусад улс орны жишгээр электрон тамхийг уламжлалт тамхитай адилтгаж, хуулийн зохицуулалттай болгоно.
Өөрөөр хэлбэл, электрон тамхи, вейпийг бид уламжлалт янжуур тамхинаас илүү, дутуу харсан зүйлгүй, яг адил зохицуулалтад оруулах гэж байна гэсэн үг.
Уламжлалт янжуур тамхитай адилтгасан зохицуулалт гэдгийг тодруулбал, электрон тамхи зарж борлуулахад онцгой албан татвартай, тусгай зөвшөөрөл шаарддаг болно. Мөн олон нийтийн газруудад татдаг байдлыг таслан зогсоох гэх мэт зохицуулалтууд ижил үйлчилдэг болно.
Энэ удаагийн хуулийн өөрчлөлтийн үндсэн зорилго бол нийгмийн эрүүл мэндийг хамгаалах, тэр дундаа хүүхэд, өсвөр үеэ донтолтоос хамгаалах юм. Тиймээс ч хүүхэд, өсвөр үеийнхний электрон тамхинд оруулахад урхидаж буй амт, үнэрийг хориглоно.
Хамгийн чухал нь бүх төрлийн тамхи нь хүүхдийн зүрх, уушги зэрэг дотоод эрхтнүүдийг гэмтээхээс гадна тархины хөгжил, сэтгэхүй, анхаарал төвлөрөл, цаашлаад бусад хорт зуршилд донтох эрсдэлийг нэмэгдүүлдэг эрүүл мэндийн хор нөлөөний талаарх олон судалгаа гарсан.
Жишээ нь, электрон тамхи нь уламжлалт янжуур тамхинд донтох эрсдэлийг 3-5 дахин нэмэгдүүлж байгаа судалгаанууд бий.
Өөрөөр хэлбэл, хүүхэд, өсвөр үеийнхний хорт зуршлын донтолт маш ноцтой нөхцөл байдалд ирснийг та миний дээр дурдсан тоонуудаас ойлгох биз ээ.
Мөн Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын судалгаануудаар электрон тамхи нь уламжлалт янжуур тамхинаас гарах хэрэгсэл гэдэг нь нотлогдоогүй, харин дараа дараагийн хорт зуршилд донтох зам болж байгааг анхааруулсаар байна.
Зарим хүний хувьд тэр дундаа насанд хүрэгчдийн хувьд электрон тамхи уламжлалт янжуур тамхинаас гарах хэрэгсэл буюу эрүүл мэндийн ач холбогдолтой гэж хамгаалаад байдаг. Гэтэл та үгүй гэчихлээ.
– Би үгүй гээд байгаа хэрэг биш л дээ. Судалгаа, тоотой л хэдүүлээ ярьцгаая. Зөвхөн тоо ярихад, Гаалийн ерөнхий газрын импортын мэдээллийг харвал электрон тамхи 2020 онд 47 мянган ширхэг импортлогдсон бол 2024 онд 8.2 сая ширхэг болж өссөн. Үүний нөгөө талд 2020 онд 3.1 тэрбум ширхэг байсан янжуур тамхины импорт 2024 онд 3.5 тэрбум ширхэг болж өссөн байгаа юм.
Өөрөөр хэлбэл, электрон тамхи татаад янжуур тамхинаас гарч байгаа биш, харин ч бүх төрлийн тамхины импорт огцом нэмэгдэж, тамхидалтын цар хүрээ тэлж, шинээр тамхи татах хүний тоо өссөнийг энэ тоо илэрхийлнэ.
График 1, Монгол Улсын тамхины импортын мэдээ
Хүүхдүүдийн хэрэглээ маш их нэмэгдэж байгаа гэж та судалгаа дурдлаа. Багш, эмч нар ч энэ талаар их ярьж байгаа. Бүр хорьчих гэсэн санал маш их байна. Яагаад вейпийг бүрэн хориглож болохгүй гэж?
– Бид эхний ээлжид амт, үнэрийг хориглож, мөн онцгой албан татвартай болгосноор одоогийн хэрэглээ огцом буурна гэсэн таамаглалтай байна. Тухайлбал, зөвхөн амт, үнэрийг хорьсноороо Эстони, Финланд улс өсвөр үе, залуусын электрон тамхины хэрэглээг 20-25 хувь бууруулж чадсан байгаа юм.
Тамхины үнийг нэмэгдүүлснээр АНУ хүүхэд, залуусын тамхины хэрэглээг хоёр дахин бууруулж чадсан байна. Үнэ өсөхөд хамгийн түрүүнд хүүхэд, залуус тамхинаас гардаг. Тиймээс ч энэ хуулийн гол зорилго бүх төрлийн тамхи, тамхин бүтээгдэхүүний шинэ хэрэглэгчдийг бууруулахын төлөө зориулагдсан.
Насанд хүрэгчдийн хувьд ч үнэнд маш мэдрэг учир мөн үр дүнгээ өгнө гэдэг итгэлтэй байна. Бид аливаа зүйлийг шууд хааж боож, хориглоно гэхээсээ илүү эдийн засгийн аргаар бусад улсад нотлогдсон сайн туршлага, ДЭМБ-ын зөвлөмжөөр ажиллаж байна.
ДЭМБ-ын судалгаагаар тамхины үнийг 10%-аар нэмэхэд хэрэглээ хамгийн багадаа 4%, хөгжиж буй орнуудад 5%–7% буурдаг бөгөөд ялангуяа өсвөр насныхан, бага орлоготой бүлэг нь тамхинаас илүү амархан татгалздаг болохыг тогтоосон. Манай улс тамхинд ногдуулах татварыг үе шаттай нэмэгдүүлснээр янжуурын хэрэглээ л гэхэд 2030 он гэхэд 14% буурах тооцоололтой байгаа.
Нөгөө талд хуулиар зохицуулж, чангаруулах тусам далд худалдааг дэмждэг тал бий. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ? Хуульчилж байгаа гээд улам хортой харилцаа руу оруулчих вий гэсэн болгоомжлол дээр та ямар байр суурьтай байгаа вэ?
– Хууль бус тамхины наймааг дэмжих үндэсгүй гэж харж байгаа. Яагаад гэхээр манай улсын тамхины үнэ бусад улстай, хөрш орнуудтай харьцуулахад хэтэрхий хямд. Австрали улсад янжуур тамхины үнэ 23.3 ам.доллар байхад Монгол Улсад 1 ам.доллар ч хүрдэггүй.
ОХУ-д 2.82, Хятад улсад 2.43 долларын үнэтэй. Татвар нэмэгдсэн ч хөрш орнуудын тамхинаас өндөр үнэтэй болохгүй. Нөгөө талаар бид хуулийн төсөлдөө тамхи үйлдвэрлэх, импортлох, худалдах тусгай болон энгийн зөвшөөрөл эзэмшигчийн бүртгэл, холбогдох бусад мэдээллийн цахим сантай байхаар тусгасан.
Өөрөөр хэлбэл, одоогийн архины эргэлтэд тавьж байгаа хяналтын системийн тусламжтайгаар хяналт тавина. Мөн өмнөх асуултад таны асуусан бүрэн хориглолтоос бид үе шаттай хязгаарлалтын бодлого руу шилжиж байгаа нь хууль бус тамхи, тамхин бүтээгдэхүүний борлуулалт үүсгэхгүй байхаас сэргийлэх боломжтой.
Хуулийн хэрэгжилт, хяналтыг хэрхэн тусгаж байгаа вэ?
– Хяналт тал дээр хамаарах төрийн байгууллагуудыг илүү тодорхой болгож өгч байгаа. Тухайлбал, хуулийн хяналтыг хэрэгжүүлэхэд Эрүүл мэндийн яам, БШУ-ны яам, ХЗДХ-ийн яам нь юу хийхийг тодорхой болгож тусгасан.
Нөгөөтэйгүүр хуулийн хэрэгжилтийг хангахад төрийн байгууллагуудаас гадна иргэд олон нийт маань идэвх, зүтгэлтэй, оролцоотой байх нь маш чухал. Ялангуяа хүүхэд, өсвөр үеэ хамгаалахын тулд эцэг, эх, багш, эмч нарын үүрэг онцгой чухал.
Өнгөрсөн хугацаанд ч маш олон багш, эмч нар энэ асуудалд санаа зовниж, надтай уулзаж, өөрсдийн санал, бодлоо илэрхийлж байгаад талархалтай байна.
Мөн УИХ-ын гишүүддээ хандаж хэлэхэд, Тамхины хэрэглээнээс шалтгаалсан эдийн засгийн алдагдал 800 тэрбум төгрөг давж, ДНБ-ий 2.1 хувьд хүрээд буй. Энэ нь тамхитай холбоотой татвараас олж байгаа орлогоос 22 дахин алдагдалд тооцогдож байна.
Хэрэв төр одоо л нийгмийн эрүүл мэндээ хамгаалах бодлогоо гаргахгүй бол 2037 он гэхэд өнөөдөр 4,300 байгаа нас баралт 16,000 давахаар байгааг ДЭМБ тогтоосон. Үүнээс бид сэргийлэх боломжтой болох юм. Тиймээс ч Монгол хүний эрүүл мэндийг хамгаалахад нэг өдөр ч алдахгүйгээр, Тамхины хяналтын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийг баталцгаая гэж уриалъя.
Хуулийн өөрчлөлтийн дүнд нэмэгдэж буй татварыг хүүхэд, залууст эргээд зарцуулна гэсэн. Зөв үү?
– Тийм ээ. Зарим улсад архи, тамхины энэ онцгой албан татварыг нүглийн татвар ч гэж нэрлэх нь бий. Энэ татвараараа улс орнууд иргэдийн нийгмийн эрүүл мэндийг хамгаалахад зарцуулдаг.
Монгол Улсын хувьд ч энэ татварыг хүүхэд, сурагчдын үдийн хоолны шим тэжээлийг сайжруулахад, спортын зориулалттай бүтээн байгуулалтад, донтолт, хор зуршлын эсрэг эмчилгээ, үйлчилгээ зэрэг зарцуулахаар хуулийн төсөлд тусгасан.
Ярилцлага өгсөн танд баярлалаа.
Баярлалаа. Энэ хуулийн өөрчлөлтийг дэмжиж, хүүхэд, залуусын хорт зуршлыг бууруулахын төлөө санаачилгаараа хамтран ажиллаж байгаа бүх хэвлэл мэдээллийн хэрэгсэл, сэтгүүлчдэдээ дахин талархал илэрхийлье.







Зөв хууль хурдан батлуул