
Нийслэл хотод өчигдөр орсон цасны зузаан 9см-д хүрчээ. Дүүргүүдийн ТҮК-ийн ажилтнууд болон Хот тохижилтын газраас нийтийн эзэмшлийн зам талбай, явган хүний замын цасыг цэвэрлэх ажил өнөөдөр үргэлжилж байгааг НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээллээ. Баянгол дүүргийн хэмжээнд өнөөдөр өглөөний 06:00 цагийн байдлаар нийтийн эзэмшлийн 62 гудамж, 846,420 ам метр зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний найман байгууллагын 81 ажилтан цэвэрлэж, Нарны зам, Эрчим хүчний гудамж зэрэг хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлэн 11 тонн бодис, 20 тонн давс цацжээ. Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 06:00 цагийн байдлаар зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний найман байгууллагын нийт 285 ажилтан 40 машин,механизм, 48 гар төхөөрөмжтэйгөөр ажиллаж, Эмээлт зэрэг хариуцсан авто зам болон явган зам дээр халтиргаа гулгаа үүсэхээс урьдчилан сэргийлж, 7 тонн давс, 96 тонн бодис асгасан байна.
Сүхбаатар дүүрэгт 09:00 цагийн байдлаар үйл ажиллагаа явуулдаг цэвэрлэгээ, үйлчилгээний Сүхбаатар дэвшил ОНӨААТҮГ, Сүхбаатар дэвшил менежмент ААТҮГ, Сүхбаатар тохижилт ХХК, Найши трейд ХХК-ийн нийт 144 ажилтан тусгай бодис цацагч гурван техник, авто зам болон замын нуух шүүрдэгч техник дөрөв, хоёр ковш 2, хоёр Бобкат зэрэг техник хэрэгсэлтэйгээр уртасгасан цагаар ажиллаж, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж байгааг мэдээлэв. Чингэлтэй дүүрэгт тусгай төхөөрөмж, машин техникээр төвийн болон гэр хорооллын өгсүүр гудамж, зуслангийн бүс орчмын авто зам, явган хүний зам талбайн цасыг шүүрт техникээр цэвэрлэж байгаа аж. Хан-Уул дүүргийн зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууд зам талбайд бүрэн бүрэлдэхүүнээрээ цас цэвэрлэж, давс, бодис асгаж байгаа бол Баянзүрх дүүрэгт зам талбайн цас, мөс цэвэрлэх ажил үргэлжилж байна. Дүүргүүд зам талбайн цасыг цэвэрлэж байгаа ч явган хүний зам халтиргаа гулгаатай байгаа тул болгоомжтой явахыг Эрүүл мэндийн байгууллагаас сануулж байна.






