
Баян-Өлгий аймгийн 13 сумын 99 багт урьдчилсан байдлаар хонин толгойд шилжүүлснээр 3.6 сая толгой мал өвөлжинө. Бэлчээрийн даац гурав дахин, зарим сумдад олон дахин хэтэрч гарсан.
Аймгийн өвс, тэжээлийн аюулгүйн нөөцөд 235 тн тэжээл, 215 тн өвсийг нөөцөлж, орон нутгийн төсвөөр 877.0 тн тэжээл, 283.4 тн өвсний нөөцийг нэмж бэлтгэхээр 6 багцад хуваан худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна.
Сум, багийн төвөөс алслагдсан, үүрэн холбооны утасны сүлжээгүй байршилд өвөлжиж байгаа малчдын судалгааг гаргаж, эрүүл мэндийн болон төрийн үйлчилгээг хүргэж байна. Цасны хэмжилтийн мэдээгээр 11 дүгээр сарын 19-ний байдлаар аймгийн нийт нутгийн 95 хувь цасан бүрхүүлтэй. Зудын эрсдэлийн үнэлгээгээр маш их эрсдэлтэй байгааг Шадар сайд, УОК-ын дарга Х.Ганхуягаар ахлуулсан ажлын хэсэгт танилцууллаа.
Нөхцөл байдлыг үнэлж, аймаг, сумын онцлогт тохируулан нарийвчилсан судалгаа тооцоо хийж, арга хэмжээг оновчтой төлөвлөж, цаг тухай бүрд хариу арга хэмжээг хэрэгжүүлэхийг анхааруулав гэж ОБЕГ мэдээлэв.






