
Австралид 16-аас доош насныханд нийгмийн сүлжээ хэрэглэхийг 12-р сарын 10-наас хориглож буйтай холбоотойгоор Facebook, Instagram, Threads зэрэг платформыг эзэмшигч Meta компани Австрали дахь 16-аас доош насны хэрэглэгчдэдээ аккаунтыг нь 2 долоо хоногийн дараа хаах гэж буйгаа мэдэгджээ.
Энэ хугацаанд тэдгээр хэрэглэгчид нийгмийн сүлжээн дэх аккаунтаасаа хэрэгтэй мэдээллээ татаж авах боломжтой бөгөөд 16 нас хүрээд нийгмийн сүлжээнд дахин нэгдэж болох аж.
Meta компанийн тооцоолсноор Австралид Facebook-ийг 16-аас доош насны 150 мянга орчим хүүхэд, Instagram-ийг 300 мянга орчим хүүхэд хэрэглэдэг аж.
Австралийн эрх баригчдын баталсан хуулийн дагуу Facebook, Instagram, Threads, TikTok, X, Snapchat, YouTube, Twitch, Reddit зэрэг нийгмийн сүлжээнүүд нь 16-аас доош насныхныг платформдоо цаашид нэвтрүүлэхгүй байх арга хэмжээ авах ёстой ба уг шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд өндөр торгуульд унах эрсдэлтэй аж.
Эх сурвалж: NHK






