
Тайландад болсон 74 дэх “Miss Universe” тэмцээний ялагчаар Мексик улсын мисс, 25 настай Фатима Бош тодорчээ. Тэрээр өмнөх оны ялагч Данийн мисс Виктория Кьер Тейлвигээс миссийн титмээ гардан авсан байна.
1952 оноос хойш зохион байгуулагдаж, олон улсын миссийн тэмцээнүүдээс хамгийн нэр хүндтэйд тооцогддог “Miss Universe” тэмцээнд энэ жил дэлхийн 120 орны миссүүд оролцсоноос 2-р байранд Тайландын мисс Правинар Сингх орж, шилдэг 5-д Венесуэл, Филиппин болон Кот д’Ивуар улсын миссүүд тунан үлджээ.
Түүнчлэн энэ удаагийн тэмцээнд анх удаа Палестины ард түмнийг төлөөлж, мисс Надин Аюуб оролцож, хагас финалд шалгарсан байна.
“Miss Universe” тэмцээний ялагчийг тодруулах финалын шатнаас өмнө оролцогчид хоёр долоо хоногийн турш олон төрлийн арга хэмжээнд оролцдог бөгөөд энэ сарын эхээр болсон арга хэмжээний үеэр Тайландын талаас тус тэмцээнийг зохион байгуулж буй, Miss Universe Thailand байгууллагын захирал Нават Ицарагрисил Мексикийн мисс Фатима Бошийг тэмцээний талаар нийгмийн сүлжээнд хангалттай сурталчлахгүй байна хэмээн шүүмжилж, Мексикийн миссийг дэмжиж буй оролцогч нарыг тэмцээнээс хасна гэж заналхийлж, бусад оролцогчдын өмнө Фатима Бошийг тэнэг гэж дуудаж буй бичлэг цахим орчинд тархаж, шуугиан тарьсан билээ.
Miss Universe байгууллага Нават Ицарагрисилын үйлдлийг буруушааж, цаашид тэмцээнийг зохион байгуулах ажилд түүнийг оролцуулахгүй хэмээн мэдэгдсэн юм.
Уг үйл явдлаас 2 долоо хоногийн дараа Miss Universe тэмцээний шүүгчдийн хоёр нь тэмцээнийг шүүх үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ мэдэгдсэн ба уг хоёр шүүгчийн нэг болох Ливан-Франц гаралтай хөгжмийн зохиолч Омар Харфу саналт хураалт шударга бус явагддаг хэмээн буруутгасан бол Францын хөлбөмбөгийн спортын од асан Клод Макелеле хувийн шалтгаанаар тэмцээнийг шүүх үйл ажиллагаанд оролцож чадахгүй гэжээ.
Эх сурвалж: BBC






