
Монгол Улсад кино урлаг үүсч хөгжсөний 90 жилийн ой, “Монгол бахархал” уриан дор зохион байгуулагдаж буй “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд Кино урлагийн зөвлөлөөс “Монгол кино өдрүүд” арга хэмжээг 2025 оны 11 дүгээр сарын 18–21-нд зохион байгуулж байна.
Энэ хүрээнд харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан найруулагч Б.Жаргалсайханы “Содура” уран сайхны киног тусгай аудио тайлбартайгаар Синема Некст кино театрын дэлгэцнээ толилууллаа. Арга хэмжээнд 50 орчим иргэд оролцсон бөгөөд Кино урлагийн зөвлөлийн гишүүн Э.Энхтүвшин “Соёл, урлагийг бүх иргэнд тэгш хүртээмжтэй болгох нь салбарын зайлшгүй зорилт” гэдгийг онцолсон юм.
“Монгол кино өдрүүд” арга хэмжээ 11 дүгээр сарын 21-нийг дуустал эх оронч, монгол бахархлын сэдэвт уран бүтээлүүдээр үргэлжилж байна. Мөн арга хэмжээг хамтран зохион байгуулсан Синема Некст кино театр, Монголын хараагүйчүүдийн үндэсний холбоо, “Амь нэгдэл” ТББ-д Кино урлагийн зөвлөл талархал илэрхийлэв.
Кино үзсэн харааны бэрхшээлтэй иргэдийн сэтгэгдлээс:
“Анх удаа кино театрт аудио тайлбартай кино үзлээ.
Өмнө нь би зүгээр л дууг нь сонсоод ойлгож байна гэж боддог байсан юм байна.
Харин энэ удаа киноны бүх үйл явдал нүдэн дээр ил болсон.”
“Өмнө нь бид гэртээ кино үзэхдээ гэр бүлийн хүнээрээ тайлбарлуулдаг байсан.
Өнөөдөр би бусдын тусламжгүйгээр кино үзлээ. Энэ бол бидэнд өгч буй хамгийн том бэлэг.”
“Кино театр бол хараагүй хүний хувьд бараг боломжгүй орчин.
Харин аудио тайлбар гэдэг бол тэр бүх хаалгыг онгойлгож өгдөг түлхүүр юм байна.”
Гадаадын орнуудад харааны бэрхшээлтэй иргэд кино хэрхэн үздэг вэ?
Хөгжингүй орнуудад кино урлагийн хүртээмж хуульчилсан түвшинд хөгжсөн байдаг.
АНУ, Их Британи, Австрали, Япон зэрэг улсуудад:
- Бүх шинэ кинонд аудио тайлбар заавал хийх хуультай
- Кино театрууд тусгай төхөөрөмж (earphone receiver)-тэй
- Кино үзэгч сонсох горимоо сонгоод, тодорхойлсон аудио тайлбарыг давхар сонсдог
- Netflix, Amazon, Disney+ зэрэг стрийминг үйлчилгээ нь ч аудио тайлбар бүхий хувилбарыг заавал гаргадаг
Тэднийг кино театрт ороход юу хөнгөвчилдөг вэ?
- Таних тэмдэг бүхий тактиль шугам
- Суух байр хүрэх замыг барьж болох шон, хашлага
- Аудио тайлбарын төхөөрөмжийг үнэгүй олгох үйлчилгээ
- Кино эхлэхээс өмнө “туршилтын аудио” тоглуулж тохиргоог шалгах боломж
Энэ бүхэн харааны бэрхшээлтэй иргэдэд бусдын тусламжгүйгээр, өөрийнхөөрөө кино үзэх эрхийг нь баталгаажуулдаг.
Аудио тайлбар кино нь ямар нөлөөтэй вэ?
Аудио тайлбар (audio description) гэдэг нь:
- дүрсний мэдээллийг
- үйл явдлын дарааллыг
- орчны өөрчлөлтийг
- дүрүүдийн хөдөлгөөн, хувцаслалт, орчин зэргийг товч, тодорхой, тасралтгүй тайлбарлаж өгдөг тусгай дуу оруулга юм.
Энэ нь харааны бэрхшээлтэй хүмүүст ямар ач холбогдолтой вэ?
Кино урлагийг бусдын адил тэгш хүртэх боломж бүрдэнэ.
Өмнө нь:
- гэр бүлийн хүн тайлбарлаж өгдөг
- ойлголт дутуу үлддэг
- кино театрт оролцох боломж хязгаарлагдмал
Аудио тайлбар гарснаар:
→ бусдын тусламжгүйгээр
→ өөрийнхөөрөө
→ хүссэн киногоо бүрэн ойлгож үзэх боломжтой.
Кино урлагийн салбарт оролцоогоо нэмэгдүүлэх боломж
Аудио тайлбар хөгжсөнөөр:
- харааны бэрхшээлтэй уран бүтээлчид
- контент бүтээгчид
- жүжигчид киног илүү нарийн мэдэрч, салбарт оролцох боломжтой болдог.
Соёлын амьдралд тэгш оролцох эрхийг хангана
Соёлын хүртээмж бол хүний эрх.
Харааны бэрхшээлтэй иргэд зөвхөн гэртээ биш, бусдын адил кино театрт очиж соёлын үйлчилгээг хүртэх нь нийгмийн оролцоог нэмэгдүүлдэг.

Монголд аудио тайлбар бүхий кино хөгжих боломж
2026 оноос эхлэн Кино урлагийн зөвлөл илүү олон киног хүртээмжтэй болгохоор төлөвлөж буй нь харааны бэрхшээлтэй олон мянган иргэний хувьд:
- соёлын оролцоогоо нэмэгдүүлэх
- кино театрын хаалгыг дахин нээлгэх
- уран бүтээлд тэгш оролцох боломж гэдгийг илтгэж байна.
Монгол кино урлагийн салбарт хүртээмжийн шинэ стандарт тогтоож буй энэхүү алхам цаашид илүү олон уран бүтээл хүртээмжтэйгээр үзэгчдэд хүрнэ гэх итгэлийг төрүүлж буй.









