
“Нүгэлт хүнд эрдэм сургах нь хорт могойн тэргүүнд эрдмийн шигтгээтэй титэм залахтай адил” Ловон Шагдар
Шувууны өндгөн дээр сүүдрээ тусгахыг цээрлэн ан амьтнаа хамгаалдаг эрхэм сайхан ёс уламжлалтай монгол хүн өнөөдөр ханилсан ханиа, төрсөн үр хүүхдээ онц хэрцгийгээр хөнөөх хэмжээний ёс суртахууны ялзрал доройтолд автжээ.
Энэ талаар академич С.Нарангэрэл “Цензургүй яриа” нэвтрүүлэгт орохдоо “Нийгэм бүхэлдээ ёс суртахууны уналт ялзрал доройтолд ороод хүн хамгийн аюултай адгуус араатнаас ч долоон дор болоод ирэхээр зэрэг л тэр эрүүл саруул хүний ухаанд багтамгүй ноцтой, аюултай, аймшгууд ил гардаг. Тийм учраас гэмт явдлаас урьдчилан сэргийлэх ажлыг ерөөсөө л хүнтэй ажиллах, хүнээ хүн болгохоос /хар багаас/ эхлэх хэрэгтэй” гэжээ.
Ийм цаг дор, академич С.Нарангэрэл “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” цуврал бүтээлээ туурвисан нь үнэхээр цаг үеэ мэдэрсэн, өнөөгийн Монголын нийгмийн оюун санааны болоод ёс суртахууны доройтол, сүйрлээс гарах арга замыг шинжлэх ухааны үүднээс эрэлхийлсэн тун чухал суурь судалгаа болжээ. Цуврал хэмээсний учир бол, түүний 2009 бичсэн “Монголчуудын зан суртахууны гарвал”, 2015 бичсэн “Ёс суртахууны Монгол цагаан толгой” бүтээлүүд хоорондоо нягт уялдаатай юм.
Тэрээр “Монголчуудын зан суртахууны гарвал” бүтээлдээ “Сургуулийн өмнөх насны сургалтын байгууллагаас эхлээд бүх шатны боловсролын байгууллага суралцагсдад зан суртахууны хүмүүжил олгоход онцгой анхаарах учиртай. ЕБС-ийн хувьд нэгдүгээр ангиас нь эхлэн төгсөх анги хүртэл нь ёс суртахууны боловсрол мэдлэг, хэвшил олгох тогтолцоотг шинжлэх ухааны үндэстэй буй болгох шаардлагатай байна.
Жишээлэхэд, 1-4 дүгээр ангид “Зан суртахууны цагаан толгой, 5-10 дугаар ангид “Зан суртахууны дүрэм”, 10-12 дугаар ангид “Ёс зүйн үндэс”-н хичээл оруулж, эрдэмтэд, судлаачид,багш сурган хүмүүжүүлэгчид хамтран холбогдох сурах бичиг, гарын авлагыг боловсруулах эрэлт хэрэгцээ үүсчихжээ.
Их дээд тусгай мэргэжлийн сургуулийн хөтөлбөрт мэргэжлийн ёсзүйн хичээлийг заавал оруулах судлагдахуунд багтаамаар байна” гэжээ.
Улмаар академич С.Нарангэрэл “Монголчууд оюун санаа ёс суртахууны кодгүй болчихсон. 1990-ээд оноос хойш төрсөн хүүхдүүд эх эцгээ зөвхөн мөнгөний саалийн үнээ гэж үздэг болчихлоо. Одоо монголын төр засаг нүүрс, алт эрдэнэс ухъя гэж байсанд орвол монголчуудынхаа оюун санааг янзалж авах хэрэгтэй. Тэр оюун санааны хар хайрцаг /эрдэнэсийн хайрцагийг/ нээх юм бол монгол улс маш богино хугацаанд хөгжил дэвшилд хүрнэ.
Монголчууд оюун санааны сүйрэлд орчихсон. Одоо манай УИХ монголчуудын ёс суртахууны хөтөлбөр боловсруулах хэрэгтэй. Оюун санаагаа хэр зэрэг түргэн ариутгаж чадна тэр цагт бид хөгжил дэвшлийн замд хүрнэ. Хүний өөрийнх нь эд эсэд уураг тархинд ёс суртахууны 1-1,5 миллиард төрмөл эд эс суучихсан байдаг. Удам сайтай гэрийн хүмүүжил сайтай тэгээд тэр хүн ухаан ороод ирэхээрээ би дандаа сайныг дагана шүү, сайн явна шүү, тэгээд орчны сайн нөлөө ирэхээр тэндээс сайн хүн гардаг. Гэтэл өнөөдөр монголын нийгмийн ийм сайн хүн гаргадаг орчноо алдаж байна. Одоо бол ерөөсөө хүүхдүүдээ үндсэндээ хаячихсан байна. Энэнээс болж ялангуяа ёс суртахууны доголдолд орно. Тийм учраас монгол улс хөгжил цэцэглэлтийн замд оръё гэвэл хүүхдүүдээ сайн хүн болгох хэрэгтэй /“Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярьсан бичлэгээс / хэмээн Монгол улсын болоод монгол хүний хөгжил /боловсрол/-ийн загвар, гаргалгааг оновчтой тодорхойлжээ.
Харамсалтай нь, гадаадын зөвлөх нэртэй хүмүүсийг хэдэн мянган доллараар үнэлж ажиллуулдаг хэрнээ монгол эрдэмтнийхээ бэлээхэн судалгаа, үнэгүй зөвлөгөөг ч тоодоггүй өнөөгийн монгол төрийн “дүлий”, “сохор” улс төрчдийг яалтай билээ.
Монгол улс, үндсэн хуулиндаа:
“…эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгмийг цогцлоон хөгжүүлэхийг эрхэм зорилго болгоно.
Монгол улсын боловсролын тухай хуулийн 4.1-д:
“Монгол Улсын боловсролын зорилго нь иргэнийг оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын зохих чадавхитай, хүмүүнлэг ёсыг дээдлэн сахидаг, бие даан сурах, ажиллах, амьдрах чадвартай болгон төлөвшүүлэхэд оршино” хэмээн тус тус заасан.
Эрдэмтэн судлаачид боловсрол хэмээх ойлголтыг олон талаас нь янз бүрээр тодорхойлдог боловч сүүлийн үед “Боловсрол хүмүүсийн зан төлөвийг өөрчлөх үйл явц”, “Боловсрол бол иргэнийг төлөвшүүлэх үүрэг бүхий нийгмийн үзэгдэл, үнэт зүйл, нийгэм оршин тогтнох, цааш хөгжин дэвших гол үндэс суурь” хэмээх тодорхойлолт голлох болсон зэргээс үзэхэд ч академич С.Нарангэрэлийн бүтээлийн үнэ цэнэ тодорхой харагдана.
Соён гэгээрүүлэгч Жан Жак Руссогоос авхуулаад олон арван эрдэмтэн судлаач “Хүүхэд багачуудад ёс суртахууны хүмүүжил олгоход үлгэр жишээ хүмүүн буюу баатрын үүрэг тун чухал” гэж үзсээр иржээ. Монголчууд ч эртнээс биеийн хүч, тооны харьцаагаар давуу биш ч шударга ёс, оюун ухааны хүчээр дайснаа дарж, дархан цолоо мандуулж, ард олноо амаржуулж буй эгэл нэгэн хүүг үлгэр дууриал болгон үр, ачаа өсгөн хүмүүжүүлдэг байжээ.
Харамсалтай нь, сүүлийн 20 гаруй жилийн хугацаанд манай боловсролын тогтолцоонд харийнхныг хуулбарлан даган дууриаж ирснээс биш хүүхдийн ёс суртахуун, хүмүүжилд асар их ач холбогдолтой үлгэрлэн дуурайх үлгэр туульсын болон түүхэн бодот баатрын асуудлыг огт ярилгүй орхигдуулсаар иржээ.
Цаашид ийм баатар хэрэгтэй юу? Хэрэгтэй бол хэн бэ?
Энэ ярвигтай асуудалд академич С.Нарангэрэлийн “Чингис хааны ёс суртахуун-эрхзүйн шастир” бүтээл тов тодорхой хариулт өгчээ. Хэдийгээр яг ингэж бичээгүй ч уг бүтээлийг хэдэнтээ уншихад монгол хүүхдийн бахархан дээдэлж, үлгэрлэн дуурайх баатар нь гарцаагүй, хар багаасаа хүнд хэцүү бэрх амьдрал тэмцэл дунд суртахууны нандин чанарыг төлөвшүүлсэн талын монгол хүү Тэмүжин юм байна гэсэн чин бат итгэл сэтгэл хэн бүхэнд төрнө .
Нөгөөтэйгүүр уул бүтээл нь Тэмүжиний бие хүний онцлогийг хүний уураг тархи судлал, генетик, квантын физик, экологи, түүх, нийгмийн сэтгэл судлал, сурган хүмүүжүүлэх зүй, философи, шашин судлал, хууль зүй сэдлал, хэл шинжлэл, эртний утга зохиол, ардын аман зохиол, эх бичиг судлал, улс төр судлал, Монгол судлал (Чингис хаан судлал)-ын шинжлэх ухааны салбарын мэдлэгт тулгуурлан судалсан иж бүрэн, шинэлэг судалгаа болжээ.
Эрдэмтэн Ш.Чоймаа “Чингис хааны бие хүний онцлог” зэрэг цөөн бүтээлийг эс тооцвол Тэмүжин гэж хүний дотоод сэтгэл рүү өнгийсэн цогц судалгаа ховор байв. Тэгээд ч иймэрхүү монгол хүний сэрэл сэтгэлгээ, сэтгэл зүрхний онцлогтой холбоо бүхий нарийн судалгаа монгол хүн л илүү сайн хийх болов уу гэж өчүүхэн би мунхаглана.
Мэдээж хэрэг, Эцэг эх нь бахархал нь байж болно, урлаг соёлынхон бахархал нь байж болно шүү дээ. Бүх хүүхдийн бахархал нь Чингис байна гэж ингэж дээрээс нь хүүхдийн итгэл үнэмшилтэй байх, өөрийн үзэл бодолтой байх эрх, эрх чөлөөнд халдах эрхийг бид төрд ялангуяа БШУЯ-нд өгөөгүй гэдгийг мэдэгдэж байна гэх зэрэг эсэргүүцэл тэмцэлтэй тулгарах нь гарцаагүй ч эдүгээ хүртэл хүн амын тал хувь нь нүүдлийн мал ахуйгаа эрхэлсээр буй, өвөрмөц сонин соёл сэтгэлгээтэй, “ардчилал”, “эрх чөлөө”-г буруу зөрүү ойлгосон зэрэг өнөөгийн нийгмийн үнэн бодот байдлаа умартах ёсгүй.
Академич С. Нарангэрэл:
- “Чингис хааны хүч чадлын амин сүнсийг бүр XIII зууны үед тухайлбал, Жувейни Чингис хааны “сүр хүч”, “төрөлхийн соргог ухаан” гэсэн бол Марко Поло Чингис хааны шулуун шударга зан, энэрэнгүй ивээлд байна гэж үзжээ.
- Харин Рашид ад-Дин “ёс суртахуун”д байна гэсэн. XVIII зууны үед зохиогдсон монголын түүхийн ба бичгийн эх сурвалж болох “Болор эрих”-ийн зохиогч Рашипунцаг Чингис хааны “уудам өршөөл, чин журам”-д байна гэж үзжээ.
- XXI зуунд болохоор Чингис хааны хүч чадлыг германы эрдэмтэд Удо Б. Баркманн “суу билиг”, Михаэль Вайерс “үнэнч шударгыг эрхэмлэн, ивээл үзүүлэх явдалд оршсон” хэмээн үзэж байна.
Эдгээрийн аль алинд хүмүүний ёс суртахууныг онцолсноороо нийтлэг шинжийг агуулж байгаа болно гээд “Чингис хааны амин сүнс- Ёс суртахуун, Дэлхийн олон улс гүрэн Чингис хааны ивээлд эрхшээлд орсны нууц гагцхүү ёс суртахуунд байсан байна” гэж маш оновчтой тодорхойлжээ.
Улмаар “XIII-р зуунд Монголчууд дэлхийн эзэнт гүрэн болсон гол зүйл бол монголчуудын шударга, үүрэг хариуцлагаа дээдэлдэг, эр зоригтой, нинжин нигүүлсэхүй, нэр төрөө эрхэмлэдэг, тэсвэр тэвчээртэй…энэ зан чанар дэлхийн хэмжээний ард түмэн болгосон” /“Цензургүй яриа” нэвтрүүлэгт ярьсан бичлэгээс / гэжээ.
Ийнхүү тал нутгийн эгэл хүү Тэмүжиний энэхүү үзэл санаа, зан чанар (ёс суртахуун) түүнийг монгол төрийн үлэмж гарамгай сэцэн билэгт зүтгэлтэн, цэргийн аугаа их жанжин, Монгол үндэстний ялгуусан баатар, дэлхий ертөнцийг илбэн тохинуулагч эзэн богд Чингис хаан болгоод зогсохгүй тухайн цаг үеийн монгол хүний сэтгэлгээ, үндэстний ухамсарт нөлөөлж Монгол, үндэстэн болж төлөвших үндэс болсныг бусад эрдэмтний судалгаа нотолсоор байна.
Философич эрдэмтэн Б.Даш-Ёндон:
“Монголчуудын үндэсний ухамсрын эх суурийг тавигч нь Чингис хаан юм.Чингис хаан Монгол үндэстнийг төлөвшүүлэгч нь мөн учраас монголчуудын үндэсний ухамсарыг үндэслэсэн байна.
Үндэс угсаагаа хадгалах, хамгаалах хүч бол зөвхөн монгол хүн өөрөө юм.
Өнөөдөр монгол хүнээс Монгол үндэстэн тогтож байна. Монголчууд бид өөрсдөө төр засгаа байгуулж байна.
Иймд монгол хүн нэг бүрээ үндэсний ухамсараар сайн хүмүүжүүлж, түүнд эрдэм боловсрол сайтар олгож, төр засгаа байгуулахдаа хүнээ зөв сонгож, зохион байгуулалт, дэг журмаа эрс сайжруулах нь монголчууд бид үндэстний хувьд аюулгүй байхын чухал баталгаа болох билээ.
Монголчуудын үндэсний ухамсрын цөм нь монгол түүхийн ухамсар байх ёстой. Тоо ихтэй, үндэстэн түүхээ сайн мэдсэн мэдээгүйгээр өөрийгөө аяндаа аваад явчих чадалтай ч гэсэн залуу үедээ түүхийн ухамсар суулгах ажлыг бүх талаар хийдэг. Тоогоор цөөн үндэстэн түүхийн ухамсраа хайхрахгүй бол мөхнө” гэв.
Угсаатны зүйч, эрдэмтэн Л.Билэгт:
“Чингис хаан овгууд ба тэдний ноёдын тусгаарлагдмал байдлыг хязгаарлах зорилгоор зуут, мянгатын захиргаанд оруулж, гурван “гарт” хуваасан явдал юм. Ингэснээр угсаатан бүрэлдэх нийгэм, эдийн засгийн таатай нөхцөл бий болж, Төв Азийн угсаатны түүхэнд шинэ этногенезийн үе эхэлсэн байна. Иймээс одоогийн монгол угсаатан бүрэлдэж эхэлсэн түүхэн он цагийг XII зууны сүүлч XIII эхэн гэж заах нь зүйтэй” гэжээ.
Мөн бид боловсрол судлалын онол түүхийн материалд тулгуурлан хүүхэд ийм байх ёстой, тийм байх ёстой гэж хий “хоосон” номлохоос илүүтэй хүүхэд бүрийн хүлээн зөвшөөрөх, үлгэр жишээ болох баатрын “зөв” үйл хэргийг эх хэлний хичээлийн агуулгад гүн шингээж өгөх нь хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгох гол арга, зарчим болох агаад академич С.Нарангэрэлийн эл судалгааны үр дүн, дор дурдсан ёс суртахууны эрхэм нандин хэм хэмжээгээр эрэмбэлэн дараалуулж хөтөлбөр төлөвлөгөөнд тусгах нь зүйтэй гэсэн саналыг эх хэлний сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг боловсруулагч, сурах бичиг бичигч эрхэм эрдэмтэн нарт уламжилж байна.
Үүнд:
- Шударга ёс
- Эр зориг
- Ичих эмээх сэтгэл
- Үүрэг ба хариуцлага
- Жудаг
- Нинжин ба өрөвч сэтгэл
- Нэр төр
- Итгэл
- Тэсвэр тэвчээр
- Эв эе
- Өгөөмөр сэтгэл
- Үл хомхойрох
- Атаа, хонзон эс өвөрлөх
- Урвашгүй сэтгэл
- Найрсаг зочломтгой зан
- Эцэг эхийн элбэрэл, үрийн элбэрэл
- Эр хүний холч ухаан
- Бүсгүй хүний эрхэмсэг оршихуй
- Ах захаа хүндлэх ухаан
- Багшийн эрдэм оюун
- Мэргэдийг түших ухаан
- Сархадыг тэвчих ухаан
Энэ бүх агуулгын дагуу унших эхийг сонгож монгол хэл уран зохиолын боловсролын агуулгад тусган оруулж зааснаар хүүхдэд ёс суртахууны хүмүүжил олгоод зогсохгүй, их эзэн Чингис хааны зан чанар, сэтгэл, үзэл бодлыг улам гүнзгий ухааруулж, түүнээс үлгэр дууриал авч, сурч хүмүүжин, ажиллан амьдарч, сайн үйлсийн төлөө тэмцэн ялж, бүтээн байгуулах чадвартай, бүтээлч идэвхтэй, санаачлагатай, оролцоотой, эрч хүчтэй, зөв монгол хүнийг бий болгож, иргэншүүлж, нийгэмшүүлж чадна.
Энэ талаар академич С.Нарангэрэл:
“Цагаан толгой нүдэлж дуусаад, уншиж сурах үед нь ёс суртахууны тухай наад захын ухагдахуун, төсөөлөл өгөх зүйлийг уншуулан цээжлүүлж, утга санааг нь шавь нартаа сайтар ойлгуулж байгаасай, багш нар минь.
Хүүхэд багачуудад гэрээр бичиг үсэг сургахдаа цагаан толгой заасны дараа Чингис хааны билиг сургаалыг заавал уншуулдаг байжээ. Өөрөөр хэлбэл гарт тааралдсан ном, аманд орсон үгээс бичүүлдэггүй байжээ.Энэ нь их утга учиртай байж. Хүүхэд багачуудад үсэг нүдлэнгүүт нь их эзэн Чингис хааны билигээс сурвалжтай сургаалыг цээжлүүлдэг байсны ачаар манай олон үеийнхэн Чингис хааны зан суртахууны үнэт зүйлсийг авч үлдэхэд асар их нөлөө үзүүлжээ” гэснийг монгол хэл бичгийн эрдэмтэн судлаач, багш сурган хүмүүжүүлэгчид онцгойлон анхаарах ёстой.
Монгол хэлний сурах бичигт орвол зохих үлгэр эх: Шударга ёс
Алтан ногт
Нэгэн өдөр Чингис хаан Их Монгол улсын заргач Шихихутугыг дуудан ирүүлээд түүнд алтан тоногтой ногт өгөөд – Энэ алтан ногтыг олны хөлийн газар, хүний нүдэнд харагдахуйц газар, зам дээр тавьчихаад ир гэв. – Их эзэн Та яах гэж байгаа юм бэ? Хүн авчихгүй биз хэмээн Шихихутуг ихэд гайхан асуув. Чингис хаан өгүүлрүүн: – Хишигтнээр алсаас сайтар харуул, түүнийг авсан, аваагүй нь хамаагүй, бүгдийг нь бариад над дээр авчирна шүү гэжээ.
Шихихутуг – Дөрвөн хүн хажуугаар нь өнгөрсөн боловч хэн нь ч авсангүй шүү хэмээн Чингис хаанд айлтгаад нөгөө дөрвийг оруулж ирэв.
-Энэ алтан ногтыг харсан уу? хэмээн Чингис хаан эхний хүнээс асуув. – Харсан, хаантаан гэж тэр хариулав. Чингис хаан – Их үнэ цэнэтэй эд гэдгийг чи мэдээгүй юм гэж үү гэхэд – Мэдсээн. Их хаантаан, алтан тоногтой эд байсан шүү дээ хэмээхэд – Тэгээд чи яагаад аваагүй юм бэ? гэж асуухад нөгөө хүн толгой сэгсрэн – Би яахан зориглох билээ. Алдаж гээгдүүлсэн эд зүйлс анхны эзэндээ очих учиртай, хэрэв түүнийг олоод өөртөө авсан, нуун дарагдуулсан бол толгойгүй болно гээд Их засагт заачихсан байдаг шүү дээ гэв.
Чингис хаан – Чи яагаад аваагүй юм бэ? хэмээн хоёр дахь хүнээс асуув. – Надад тэр ногтноос дутахааргүй ногт байгаа л даа. Намайг Найман аймагтай зоригтой дайтсан гэж манай мянганы ноён шагнасан юм л даа гэж хариулав.
Чингис хаан гуравдахь хүнээс – Өөрт чинь арай бүр илүү үнэ цэнэтэй ногт байгаа юм биш биз дээ гэж асуухад тэрбээр – Үгүй ээ, их хаантаан, би дараа дайлаар мордохдоо түүнээс илүүг олоод авна шүү дээ хэмээн хариулав.
-Чиний хувьд? хэмээн дөрөв дэх хүнээс эзэн асуухад – Энэ бол миний эд зүйл биш. Өөрийн бус зүйлийг авна гэдэг гутамшигтай хэрэг. Нэгэн удаа Жүрхидийн Сачабэхийн нөхөр Хатигдай алтан ногт хулгайлаад баригдсан гэсэн. Тэр үед хаан эзэн та хулгай тонуул хийхийг яс махнаасаа үзэн яддаг учраас бидний хэрэглэх зүйлс өөрсдийн ариун хөдөлмөрийн үр шим байх ёстой. Гэтэл хулгайч, луйварчид хөлс хүчээ гаргаагүй байж, бусдын зүйлсийг зүй бусаар авч, хүмүүсийг сорон мөлждөг. Тийм болохоор хар хэрээ шиг тийм хулгайч луйварчдыг газартай тэгшлэх хэрэгтэй хэмээн Таны айлдсаныг би дуулсан юм л даа гэж хариулав.
Чингис хаан Шихихутуг руу харан инээмсэглэн – Ийм шулуун шударга ард иргэдтэй юм чинь, би, бид ер нь одоо юундаа алзах вэ? “Аливаа хүний шударга нь дэгжинэ” “Алтан товч”-оос авав.
Энэ мэт, хүүхдэд “шударга байх ёстой” гэсэн санааг илэрхийлсэн, шударга ёс суртахуун төлөвшүүлэх сэдэвтэй “сонгодог” эхийн хэлбэр агуулгыг бага, дунд, ахлах боловсролын түвшнээр ахиулан ахиулсаар 1-12 анги хүртэл заана гэсэн үг.
Тэгэхдээ, Эх хэл хичээлийн сургалтын агуулгад ялангуяа, унших зохиол, төрөл бүрийн эх сэдвийг хүүхдийн нас, сэтгэхүй, сонирхол, хэрэгцээнд тохируулан тодорхой судалгааны үндэслэлтэй шалгуурын дагуу сонгож оруулна. Мөн ардын аман зохиолын төрлүүдийг хүүхдийн нас сэтгэхүйн онцлогт тохируулан ангилах нь томоохон ажил байгааг анхаарах ёстой. Бүр тодруулбал, Эх хэлний сургалт нь (1-6 анги буюу бага боловсролын тухайд) бидний уламжлалт “унших бичиг” луга хичээл байх юм.
Товчхон дүгнэж хэлэхэд:
- Нийгэм хүмүүнлэгийн шинжлэх ухаанд үр ашигтай бас үр ашиггүй судалгаа гэж бий. Манайд тухайн судлаачаас өөрөөс нь өөр хүнд хэрэггүй шахуу судалгаа ихэсч түүнд хөрөнгө мөнгө зарж байгаа зүйл их ажиглагддаг нь нууц биш.
- Хүний ёсоо бодсон ч ямарваа судалгаа шинжилгээ тодорхой үр дүнд хүрч, амьдрал практикт нэвтэрч, ашиг тусаа өгч байх ёстой.
Яг ийм үр өгөөжтэй, шилдэг инновац болох судалгаа бол академич С.Нарангэрэлийн энэхүү бүтээл мөнөөс мөн билээ.
Бид энд боловсрол хийгээд эх хэлний сургалтанд шууд ашиглаж болохуйц гурван санааг л дурдлаа. Энэ мэт тал бүрээс судлаваас баялаг болно.
Чой.Баттулга МУИС-ийн багш






