
Өмнөд Солонгосын кино урлагийн оны шилдгүүдийг тодруулах 46 дахь Blue Dragon Awards шагнал гардуулах ёслол өнгөрсөн лхагва гарагт KBS Hall концертын танхимд болж өнгөрөв.
Blue Dragon Awards нь анх 1963 онд дотоодын кино салбарыг хөгжүүлэх, сурталчлах зорилгоор зохион байгуулагдаж эхэлсэн ба өнөөдөр БНСУ-ын кино урлагийн хамгийн нэр хүндтэй шагналын нэгд тооцогдох болжээ.
Энэ удаагийн шагнал гардуулах ёслолоос “Blue Dragon хос” төрөн гарснаараа онцлогтой болсон байна.
“Crash Landing on You” цувралд тоглосныхоо дараа үерхэж, 2022 онд хуримаа хийж, хүүхэдтэй болсон жүжигчин Хюн Бин болон Сон Е Жин нар Оны шилдэг эрэгтэй болон эмэгтэй жүжигчний шагналыг хүртжээ.


Жүжигчин Хюн Бин 2024 оны сүүлээр нээлтээ хийсэн “Харбин” уран сайхны кинонд бүтээсэн дүрээрээ, түүний гэргий Сон Е Жин найруулагч Пак Чан Вукийн “No Other Choice” кинонд тоглосон дүрээрээ Blue Dragon Awards-н хамгийн нэр хүндтэй шагналыг хүртжээ.

Шагнал гардуулах үеэр жүжигчин Хюн Бин эхнэр, хүү хоёртоо талархаж буйгаа илэрхийлсэн бол

Сон Е Жин ээж болсноороо дэлхий ертөнцийг өөр нүдээр хардаг болсноо онцолж, сайн хүн, сайн жүжигчин болох хүсэлтэйгээ илэрхийлжээ.
46 дахь Blue Dragon Awards шагнал гардуулах ёслолын Оны шилдэг киногоор “No Other Choice”, Оны шилдэг найруулагчаар Пак Чан Вук шалгарчээ. Найруулагч Пак Чан Вукийн хувьд 4 дэх удаагаа Оны шилдэг найруулагчийн шагналыг хүртэж байгаа ба өмнө нь “Joint Security Area: JSA” (2000), “Oldboy” (2003), “Decision to Leave” (2022) кинонуудаараа шилдгээр тодорч байжээ.







