
А.Адъяасүрэн: Парисын олимпоос сэтгэл хоосон мэдрэмж, нүдэндээ нулимстай ирэх тэр үе хамгийн хүнд мөч байсан
Жүдо бөхийн Үндэсний шигшээ баг, Зэвсэг хүчний “Алдар” спорт хорооны тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэн 2000 оны 03 дугаар сарын 26-ны өдөр мэндэлжээ. Тэрбээр Бакугийн их дуулга мөнгө, Португалийн Алмада, Хорватын Загреб, Тажикестаны Душанбегийн гран при тэмцээнээс хүрэл, “Ханжоу 2022” Азийн наадмаас хүрэл, Ази тивийн АШТ-ний мөнгө, хүрэл, Улаанбаатарын их дуулгаас мөнгөн медаль хүртэж байсан. А.Адъяасүрэн манай улсын эмэгтэйчүүдийн +78 кг-ийн жингийн Топ зэрэглэлийн бөгөөд ирээдүйтэй шилдэг залуу тамирчин юм. Эмэгтэйчүүдийн хүнд жингийн гол итгэл найдвар, бахархал төрүүлж яваа тамирчин.
Их дуулга, гран пригийн 5 медальтай түүний хувьд “Парис 2024” зуны олимпын XXXIII наадмын татамид зодоглосон билээ.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн шинэ дугаараар уншигч, үзэгч та бүхнийг жүдо бөхийн спортын ертөнцөөр аялуулахыг зорилоо. Ингэхдээ “Physical Asia” шоуны Монголын багийн оролцогч, жүдо бөхийн Үндэсний шигшээ багийн тамирчин, ОУХМ Амарсайханы Адъяасүрэнг хүндэтгэн урилаа.

-Сайн байна уу? Юуны өмнө “Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийн урилгыг хүлээн авсанд талархал илэрхийлье. Сүүлийн гурван 7 хоногийн турш “Physical Asia” шоугаар дэлхийд Монгол Улсыг таниулан сурталчлаад зогсохгүй биднийг омогшуулан бахархуулж чадсан та бүхэндээ баяр хүргэе?
-Сайн байна уу? Нэвтрүүлэгтээ урьсанд нь баярлалаа. Миний хувьд бэлтгэлдээ орчихсон, үүний хажуугаар шоу маань гараад гоё байна, сэтгэл өндөр байгаа. Хамгийн сайхан нь хүмүүс намайг үнэлж буйд их баяртай байна.
-Тус шоуны урилга яг хэзээ ирэв? Нийт хэдэн өдрийн турш нэвтрүүлгийн зураг авалт явагдав?
-Шоуны урьдчилсан сонгон шалгаруулалтад оролцоод, нэлээдгүй ярилцлага өгсөн. Нэг өдөр шоуны зүгээс таныг оролцуулахаар боллоо гээд албан ёсоор хэлэхэд нь маш их сандарсан.
Шоуны өмнөх хоёр ч улирлын дугааруудыг нэтфликсээс үзсэн. Ингээд сандрах, тэвдэх зэрэгцээд, бас бага зэрэг айгаад оролцохоо больё гээд хэлсэн. Дээр нь миний оролцох жүдо бөхийн тэмцээн яг давхцаж таараад л би тийм шийдвэр гаргадаг юмуу гэтэл, шоуны зүгээс манай холбооны Ерөнхийлөгч болон Үндэсний шигшээ багийн алба руу холбогдож, уулзаад албан ёсоор зөвшөөрөл авсан байналээ. Ингээд л оролцохоор болсон доо.
Шоуны зураг авалт 2025 оны 2 дугаар сараас БНСУ-д эхэлсэн. Бид тус улсад нийт 15-20 хоног байрлаж, зураг авалтандаа оролцсон.


-Шоуны шон таталтын тэмцээнд Холимог тулаанч Б.Энх-Оргилтой хамтдаа оролцож, Ахаа хоёулаа 100 тоолоё гэж хэлээд багийнхаа гишүүнийг зоригжуулж буй нь маш гоё ухаан байсан?
-Тэр шон 130кг жинтэй. Биеийн хүчээр дангаар нь яагаад ч дийлэхгүй байсан учраас дотоод хүч, ухаан зарсан техникээр хослуулж байж, сэтгэлийн хүчээр нэгдэж, ард нь гарах юм шиг санагдсан. Анхаарлаа өөр тийш нь төвлөрүүлэх зорилгоор Оргил ахыг 100 тоолоё гэж хэлсэн. Ингээд л ээлжлэн 100 тоолоод л, аль болох удаан тэсэхийг хичээсэн дээ.


-Яг шон татаж байхдаа харсан тэр харц. Монгол үзэгчдийн дунд хэдийнээ “хошигнол” болчихсон яригдаж байналээ?
-Эхлээд шонгоо яг 10 минут бариад л, ер нь ямархуу байна гэдгийг мэдсэн л дээ. Маш хүнд юм байна гэдгийг эхний тэр минутад л мэдэрсэн.
Тэр харц бол Туркийн баг руу харсан харц. Манай багийнхан бидэнд талбайн гаднаас хэлж байгаа байхгүй юу. Туркүүд хөдлөөд байна шүү гээд л. Тэгэхээр нь би дотроо яг үхэх гээд хүнд байгаа байхгүй юу. Тэгээд юу ч болоогүй юм шиг Турк руу л тэгэж харсан юм.(инээв)
-Шоуны тэмцээний даваа бүрийг дан ганц хүчээр бус тэсвэр тэвчээр, дотоод хүч, бас багийн нэгдмэл техник тактик, сийрэг монгол ухаанаар давж гарч байсан нь гайхалтай байлаа?
-Манай жүдо бөхийн спорт нь өөрөө “атгалт” их шаарддаг учраас манайхан ярилцаад Адъяа чи ингээд атгая аа гээд тохиролцоод тэр тэмцээнд оролцсон. Тэгээд бас тухайн үедээ бодсон л доо.
Үүнийг сайн атгавал ямар хэмжээтэй жүдоч юм бэ гэдгээ харуулж чадах байх гэж бодсон. Тийм учраас үнэхээр өөрийнхөө хэмжээнээсээ бүүр илүү давж, маш их хичээсэн гэж бодож байгаа. Үнэхээр их тэвчээр заасан л даа.


А.Адъяасүрэн: Pgysical Asia шоу нэвтрүүлэгт оролцсоноор Монгол жүдочдын ур ухаан, дотоод хүч, сэтгэлийн хатыг харуулж өгснөөс гадна өөрийгөө шинээр нээсэн
-Тэмцээний туршид хөгжилтэй, хошин явдлууд нэлээдгүй тохиолдсон болов уу? Жишээ нь нэг бичлэгт багийн гишүүн Лхагва-Очир өрсөлдөгч багийг танхимд орж ирэхэд “Морнинг” гэж мэндэлсэн. Гэтэл Монголын багийн ахлагч Б.Орхонбаяр юун морнинг вэ Ах аа? гээд хэлж буй нь Монголчуудын дунд гал асааж байлаа?
-Мэдээж хөгжилтэй явдлууд олон тохиолдсон. Бид чинь зарим нь нэг нэгнийхээ нэрийг нь мэднэ. Тэнд анх уулзалдаад, нэг баг болоод тэмцээнд оролцож байгаа юм. Морнинг гэж мэндэлдэг хэсэг дээр үзэгчдийн талаас харж байгаа нь өнцөг нь бусад багийнхантайгаа яагаад мэндлээд байгаа юм гэдэг ч юмуу? Харин бид хэдийн хувьд даалгавар болгоны дараа амарч байсан болохоор бүх тэмцээн, зураг авалт нь цаг хугацаатай явагдсан. Тэгээд яг тэр өдөр өглөө байж таарсан учраас өглөө болж байнаа гэдгээ заавал мэдэгдэх ёсгүй байсан.(инээв)


-А.Адьяасүрэнгийн жүдогийн спорттой холбогдсон ертөнц рүү үзэгчид, уншигчдаа аялуулъя. Тэгэхээр анх энэ бөхийн төрлүүдээс жүдо бөхийн спортыг хэрхэн яагаад сонгох болов?
-Мэдээж “Бээжин2008” зуны олимпын наадмаар жүдо бөхөөс олимпын аварга төрөн гарсан нь түлхэц болсон. Миний хувьд багаасаа маш том биетэй байсан болохоор аав, ээж хоёр маань намайг барилдуулъя гэдэг байв. Тэгэхдээ яг спортын ордонд ээжтэйгээ хамт ирээд л, нэг ахтай уулзаж байсан. Энд барилдах гэж байгаа юм аа гээд хэлтэл эхлээд хувцсаа авахаар болсон.
Тэгээд чөлөөт үү, жүдо юу гээд ордон дотор спортын хувцас худалдаадаг үүдний хэсэгт байдаг дэлгүүр орсон. Чөлөөт нь ийм хувцас өмсдөг, жүдо нь ийм хувцас өмсдөг юм гээд үзүүлтэл, чөлөөтийн хувцсыг би харснаа арай задгай юу гэж бодоод тэгээд л за жүдо бөхийн хувцсыг нь авчихъя гэж хэлсэн. Ингээд л жүдо рүү хөл тавьж орох эхлэл болж, энэ спортоор хичээллэж эхэлсэн дээ.


-Яг энэ спортоор хичээллээд хэдэн жил болж байна вэ? Анхны зааланд ороод төрсөн сэтгэгдэл?
-Одоо 11 дэх жилдээ хичээллэж байна. Анх жүдо бөхийн заал руу яваад ортол тухайн үед шигшээ багийнхан бэлтгэлээ хийж байсан. Битүү хүнтэй. Надад анх нүдэнд туссан хэсэг болохоор заалны буланд цэнхэр кимонотой зөндөө өндөр, том биетэй эгч өөрөөсөө намхан ахтай барилдаж байсан. Хөөх гэж өөрийн эрхгүй дуу алдаад л, ийм том биетэй эгч байдаг юм байх даа гэж бодогдсон. Тэр тамирчин бол шигшээ багийн тамирчин байсан ОУХМ П.Лхамдэгд эгч байсан.
Би чинь их ичимхий, бүрэгдүү хүүхэд байлаа. Тэгээд л анхны тэр бэлтгэлийн заалнаас авсан мэдрэмж, догдлол, сандрал, айдас гээд л жүдо бөхийн маш том ертөнц тэнд байгаа байхгүй юу.


-Анх үндэсний шигшээ багт хэрхэн нэг эд эс нь болж орсон бэ?
-2019 оны 9 дүгээр сард над руу залгаад хэлсэн. Маш их эмээсэн л дээ. Бэлтгэл хийж чадах болов уу, ах эгч нартай хамт барилдаж чадах болов уу гээд л айдастай тэр шөнийг өнгөрүүлж байснаа одоо ч тод санадаг. Аав, ээж гэрийнхэн бол маш их баяртай байсан.
-Өнгөрсөн жил “Парис-2024” зуны олимпын наадамд зодоглосон. Тухайн спортын төрлөөрөө дотооддоо УАШТ, цаашлаад Олон улс, тив, дэлхий, олимпийн наадамд оролцоно гэдэг бол шат шатаар Оргил өөдөө ахиад явж байгаа нь том туршлага?
-Олимпын дараах жил гэдэг тамирчин хүн болгонд маш хэцүү байдаг юм билээ. Би ах, эгч нараасаа ерөнхийдөө зөндөө сонсож байсан хэдий ч яг ингээд өөр дээрээ тулаад ирэхээр мэдэрсэн чинь бас арай өөр мэдрэмж байналээ. Олимпын дараа медаль хүртэж чадалгүй, сэтгэл зүй хоосон мэдрэмжтэй, нүдэндээ нулимстай эх орондоо ирэх л хамгийн хүнд, маш хэцүү мэдрэмж…


А.Адъяасүрэн: Жүдогийн спорт бол “Хүндлэл” басхүү “Ёс суртахуун”
-Жүдогийн спортын гайхамшгийг нэг өгүүлбэрээр илэрхийлбэл?
-Жүдо бөхийн спорт тэр л чигтээ “Хүндлэл”. Би энэ спортоо “Ёс суртахуун” гэж тодорхойлмоор байна.
Хүнийг түүн дотроо ах, эгч нарыгаа хүндэлж байж, өөрөө хүндлүүлнэ. Доод дүү нартаа зөв үлгэр дуурайлал үзүүлж, биеэ дэвжээн дээр ч, гадна талд ч зөв авч явах ёстой гээд л хувь хүнд хүмүүжил, төлөвшлийг гайхалтайгаар олгодог спорт бол “Жүдо”.


-Өөрийн тань хувьд давхар ачих, этэх, наах, хавирах, тонгорохоос гадна ихэвчлэн хэвтээ барилдаанаас өрсөлдөгчөө дарах, боох мэхийг түлхүү хийдэг тамирчин. Тодотговол хэвтээгээс дарах мэхийн тухайд сонирхол татдаг?
-Миний барилдах арга барил давуу талтай гэж боддог. Жүдогийн МУГТ М.Уранцэцэг эгчээсээ маш их зүйлийг суралцахдаа, хэвтээ барилдаандаа сайжиръя гэж бодсон л доо. Тэгээд ч би өөрөөсөө хүнд жинтэй хүнтэй барилддаг болохоор хэвтээ барилдаанд арай илүү оноо авъя л гэж барилддаг даа.
-+78кг-ийн жинд дэлхийн чансааны 22-т эрэмбэлэгдэж байна. 2025 онд гэхэд л тоон үзүүлэлтээр 16 барилдаан хийхдээ 7 ялж, 9 ялагдсан байна. Хамгийн гоё мэдээ нь энэ жил Ази тивийн АШТ-ний медалиа ихэрлүүлсэн нь бахархам байв?
-Өнгөрсөн жил Ази тивийн АШТ-нээс мөнгөн медаль авсан. Энэ жил хүрэл медаль зүүлээ. 2025 онд дөрвөн тэмцээнд оролцохдоо Азийн аваргаас хүрэл, Улаанбаатарын “Их дуулга”-д 5 дугаар байр, Тбилисийн “Их дуулга”-д 7, Чиндаогийн гранприд 5 дугаар байрт шалгарсан.


Үргэлж миний ард асаалттай дэмжиж байдаг аав, ээж, эгч, дүү нартаа маш их баярладаг
-Тэмцээн уралдаанд оролцоход нь ард нь асаалттай танк мэт гэр бүлийнхэн нь маш сайн дэмжлэг өгдөг болов уу?
-Мэдээж тэгэлгүй яахав. Аав, ээж хоёр маань бага байхаас л намайг дагаж ирээд л, үргэлж надтай хамт байж байна. Би Өвөрхангайн хүн л дээ. Дээрээ нэг эгч, нэг дүүтэй. Дүү маань намайг дагаад энэ жилээс спортоор хичээллэж эхэлсэн.
Аав, ээж хоёр маань бүх зүйлийг маань бэлтгэж өгдөг. Ар талыг маань аав, ээж, эгч, дүү нар бат даадаг. Намайг тэмцээнд оролцох дөхөхөөр эгч өрөөг маань цэмбийтэл цэвэрлээд л, ээж хувцас хунар бэлтгээд, аав кимоно хувцсыг маань арц, хүжээр ариулаад л, захыг минь мушгиад бүгд л санаа тавьдаг. Тэгээд тэмцээний өмнөх өдөр за бүгдээрээ хамтдаа хичээцгээе гэж хэлээд л урагшаа хараад явдаг даа.
Энэ дашрамд аав, ээж, эгч, дүү нартаа маш их хайртай шүү гэдгээ хэлмээр байна.
-Шоу нэвтрүүлгээр дамжуулан та бүхэн Монгол Улсыг дэлхийд сурталчлахаас гадна дагаад олон хүнийг монгол руу татаж чадлаа. Энэ нь маш гайхалтай бахархам байлаа?
-Энэ гоё шоу нэвтрүүлэгт Монголынхоо нэрийн өмнөөс оролцсондоо үнэхээр их баяртай байгаа. Багийнхаа хэрэгтэй хүн нь байж чадсандаа, өөрөөрөө бас үнэхээр их бахархаж байгаа. Би багийнхаа хамгийн бага гишүүн нь байсан. Ах нартайгаа, бас найзтайгаа гээд л бид бие биенээ хүндлэх, нэгдмэл нэгэн цул “Баг” болж чадсандаа сэтгэгдэл өндөр байгаа.
Тэнд бол барилдахаас огт өөр, Монгол Улсынхаа төлөө оролцож байгаа, нэмээд маш их сандралтай, нэг ч удаа давтаагүй дасгал, тэмцээн, тэмцэл дунд ширүүн өрсөлдөөн гарч байсан.
Бид хэд чинь тэгээд л хувь хувьдаа өөр өөр хүмүүс. 6 хүн зургуулаа өөр өөрсдийн чадах чадах зүйлээрээ багтаа хувь нэмэр оруулахыг маш их хичээж, зүтгэж, тэмцэж байсан. Маш их зүйлийг тэндээс суралцсан.
Өдөр бүр жүдо хийдэг надад өөрийгөө өөрөөр, шинээр нээх боломж олгосон шоу нэвтрүүлэг байлаа.


-Хамгийн хүнд хэцүү өрсөлдөгч аль улсын баг байв?
-8 оролцогч бүгд л хүчтэй өрсөлдөгч байсан даа.
-Хамгийн хүнд хэцүү даваа, за одоо больё оо гэж хэлмээр санагдсан өрсөлдөөн ямар тэмцээн байсан бэ?
-Хамгийн хэцүү нь тэр 1200кг жинтэй гуалинг түрээд, бүтэн 100 удаа тойрох тэмцээн бол маш хүнд бэрх байсан. Дээр нь элсэн дээр, хоёр гар гавтай тус давааг давах учиртай байсан. Хамгийн хэцүү даалгавар, хамгийн тэвчээр алдсан нь бараг тэр даалгавар байсан байх аа. Тэгэхдээ хэзээ ч бууж өгөөгүй л дээ. Тэгээд дөнгөж бараг 1, 2, 3 удаа тойроход л хөл цуцаж эхэлж байгаа байхгүй юу. Гэсэн ч шантраагүй, бид бууж өгөөгүй, даваад, тэсээд л гарсан даа.
Physical: Asia шоуны зохион байгуулагч Солонгосчууд тэсвэр тэвчээрийг дээд зэргээр шалгаж, даван туулахад амаргүй даалгавруудыг өгч байсан ч бид бүх хүчээ шавхаж, давж чадсан.(инээв)
-Сонирхолтой мэдээлэл өгч, сайхан ярилцлага өрнүүлсэнд баярлалаа. “Оргилд хүрэх зам” нь үргэлж өөдөө, дардан байгээ. Амжилт хүсье.
-Баярлалаа. Жүдо бөхийн холбооны хамт олондоо үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Энэ хэд маань байгаагүй байсан бол миний хувьд тийм том шоунд оролцох боломж аваад, Монголын жүдог төлөөлж явж чадахгүй байсан байх. Холбооны хүмүүстээ болон хамт олондоо, багш нартаа үнэхээр их баярлалаа гэж хэлье.
Дээр нь нэмээд “Spark agency” хамт олондоо, Э.Дөлгөөн ахдаа, Хулан эгчдээ, Юби эгчдээ, Мөнгөөнөө эгчдээ үнэхээр их баярлалаа гэж хэлмээр байна. Physical Asia хамт олондоо, багийнхаа ахлагчдаа, том ахдаа, Очироо ахдаа, Оргил ахдаа, Хандаа найздаа, Дөлгөөн ахдаа бүгдэд нь баярлалаа, хайртай шүү гэж хэлье.
Ярилцсанд баярлалаа.
“Оргилд хүрэх зам” нэвтрүүлгийг бүрэн эхээр нь өнөөдөр орой “Өрөг.мн” сайтаар хүлээн авч үзээрэй.








