
Энэ жил Хубилай сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ой тохиож байна. Гэтэл эл ойг төр засгаас анхаарсан зүйл алга. Харин МУБИС-аас уг ойд зориулж эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж буй нь энэ.
Тус хурлыг зохион байгуулагч, МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургуулийн Түүхийн тэнхимийн багш, доктор Д.ИДЭР-тэй цөөн хором ярилцлаа.

-Бид Хубилай хаанаа нэг л орхиод байгаа шиг. Өнөөдөр харин ийм нэг эрдэм шинжилгээний хурал болж буйд баяртай байна?
-Өнөөдөр бол Хубилай сэцэн хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан, “Хубилай сэцэн хаан, түүний амьдрал үйл хэрэг” сэдэвт эрдэм шинжилгээний хурлыг МУБИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн ухааны сургууль зохион байгуулж байна. Энэ хуралд МУИС, ШУТИС, СУИС, ҮБХИС болон Өвөр Монголын их сургуулийн эрдэмтэн судлаачид зэрэг нийт 20 гаруй эрдэмтэн илтгэл хэлэлцүүлж байна.
Хубилай хааны мэндэлсний ой бол маш чухал түүхэн үйл явдал. Харамсалтай нь энэ 810 жилийн ойд төр засгийн зүгээс онцгой анхаарч, албан ёсны арга хэмжээ зохион байгуулаагүй байна. Харин манай ШУА-ийн Түүхийн хүрээлэн, Түүх угсаатны зүйн хүрээлэн, Археологийн хүрээлэн өнгөрсөн хавар, намар хурал, хэлэлцүүлэг зохион байгуулсан. Энэ удаад бид Чингис хааны бахархлын өдрийг тохиолдуулан Хубилай хаанд зориулсан хурлыг хийж байна.
Хубилай хаан бол Монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргээрээ маш өндөр байр суурьтай, дорно дахины түүхэнд Монголын хүчирхэг эзэнт гүрнийг байгуулахад үнэлэшгүй хувь нэмэр оруулсан агуу хаан. Иймээс энэ агуу хааны мэндэлсэн ойг зүгээр орхиж болохгүй.
Түүхэн сурвалж бичгүүдэд Хубилай хаан 1215 он — хөхөгчин гахай жилд мэндэлсэн гэж тэмдэглэдэг. Юань улсын судрын Хубилай сэцэн хааны намтарт түүнийг хөхөгчин гахай жилийн наймдугаар сарын хөхөгчин туулай өдөр буюу билгийн тооллын өдөр мэндэлсэн хэмээн тодорхой бичсэн. Үүнийг аргын тоололд шилжүүлбэл 9 сарын 23-нд тохирно. Манай олон эрдэмтэн судлаач үүнийг баталж, түүхийн бүтээлүүддээ бичсэн байдаг. Тиймээс бид жил бүрийн 9 сарын 23-нд их хааныхаа мэндэлсэн өдрийг тэмдэглэж, зохих арга хэмжээнүүдийг зохион байгуулах нь зүйтэй.
“Хубилай хааны улс төр, эдийн засаг, соёлын цогц шинэчлэл нь Их Юань улсыг олон зуун жил оршин тогтнох хүчирхэг эзэнт гүрэн болгох үндэс суурь болсон”

-Таны лекцийн сэдэв их чухал санагдсан. Хийсэн судалгаа болон дэвшүүлсэн асуудлын талаар?
-Өнөөдрийн миний лекцийн сэдэв бол “Хубилай хааны түүх, төрийн бодлого, шинэчлэл”. Хубилай хаан Их Монгол Улсын хаан ширээг залгамжилсны дараа улс төр, эдийн засаг, соёлын хүрээнд цогц шинэчлэлийг хийсэн. Энэ шинэчлэлийг түүх бичлэгт цогцоор нь “Хубилай хааны шинэчлэл” гэж нэрлэн судлах нь зүйтэй гэж би илтгэлдээ санал болгосон.
Хубилай хааны улс төр, эдийн засаг, соёлын цогц шинэчлэл нь Их Юань улсыг олон зуун жил оршин тогтнох хүчирхэг эзэнт гүрэн болгох үндэс суурь болсон. Түүний залгамжлагчид хааны байгуулсан төр улсыг эмхлэн цэгцэлж, бодлогыг нь үргэлжлүүлсэн боловч Хубилай хаан шиг дорвитой шинэчлэлийг дахин хийхэд хүндрэлтэй байсан.
Шинэчлэлийн дотроос онцлон ярих зүйл бол бичиг үсгийн шинэчлэл. Бидний “Дөрвөлжин бичиг” гэж нэрлэдэг энэхүү шинэ бичгийг тухайн үеийн сурвалж бичгүүдэд “улсын үсэг” хэмээдэг. Хубилай хаан 1269 онд Пагва лам Лодойжалцангаар дөрвөлжин бичгийг зохиолгож, эзэнт гүрэн даяар хэрэглэх зарлиг буулгасан. Улсын бүх захиргааны газарт сургууль байгуулж, сурах бичиг зохиолгож, Монгол, Хятад, өнгөтнүдтэн, Зүрчид зэрэг бүх иргэдэд шинэ бичгийг сурах, төрийн албанд хэрэглэх нөхцөлийг бүрдүүлсэн.
Дөрвөлжин бичиг төрийн бэлгэдэл, албан тэмдэг, тамга, гэрэгэ, хөшөө чулууны бичээс зэрэгт гол бичиг болсон. Үүний зэрэгцээ уйгаржин монгол бичиг, төвөдийн ланз, араб-персийн бичиг, хятад бичгийг мөн ашиглаж байсан ч хамгийн гол бичиг нь дөрвөлжин бичиг байв. Энэ бол Хубилай хааны соёлын шинэчлэлийн томоохон хэсэг.
“Хубилай хаантай холбоотой түгээмэл гурван шүүмжлэл үгүйсгэгдсэн”

-Түүх төдийлөн сонирхдоггүй хүмүүсийн дунд Хубилай хаантай холбоотой шүүмжлэлт зүйлүүд байдаг. Энэ тухай ярьж өгнө үү. Залууст шинэ мэдлэг мэдээлэл болох байх?
-Хубилай хаантай холбоотой түгээмэл гурван шүүмжлэл бий.
Нэгдүгээрт, 1260 онд Хубилай болон Аригбөх хоёр зэрэг хаан суусан гэх маргаан. Аригбөх Хархоринд монгол ёс уламжлалын дагуу хаан суусан, харин Хубилай өөрийн хувь эзэмшлийн газарт хаан өргөмжлөгдсөн гэх шүүмжлэл байдаг.
Хоёрдугаарт, Хубилай “Их Монгол Улс” нэрийг халж “Юань” гэсэн хятад нэр өгсөн гэх ойлголт. Орчин үеийн судалгаагаар бол Хубилай “Их Монгол Улс” нэрийг хэзээ ч халж байгаагүй, харин улсад “Их Юань” хэмээх цол нэмж өгсөн нь тодорхой болсон. Уйгаржин монгол бичгээр бичсэн хөшөөний бичээсүүдэд “Их Юань хэмээх Их Монгол Улс” гэж тэмдэглэсэн байдаг.
Гуравдугаарт, нийслэлийг Хархориноос Ханбилик (Дайду) руу шилжүүлсэн гэх шүүмжлэл. Сүүлийн судалгаагаар Хубилай хаан төрийн бодлогоо төвлөрүүлж, газар зүйн давуу талтай газарт нийслэлээ байрлуулсан нь зөв гэж үздэг. Харин Хархорин хотыг Юань улсын үед ч улсын улс төрийн төвийн үүргийг хэвээр хадгалсан ба Хубилай хаан хунтайж хүү Номхоныг тэнд захируулж суулгасан.


-Бид ямар нэгэн талцал хуваагдал үүсгэх гэж байгаа юм биш. Гэхдээ Хубилай хаантай холбоотой түүхэн кино, утга уран зохиолын бүтээлүүдийг урд хөрш нэлээдгүй хийж байгаа нь ажиглагддаг. Гэтэл манайх өөрсдөө эх түүхээ мэдэхгүй, сонирхохгүй байх шиг санагддаг. Энэ асуудалд та ямар байр суурьтай байдаг вэ?
-Хубилай хааныг Хятадын хаан мэтээр харуулах гэсэн оролдлого бий. Гэвч тэр бол Монголын их хаан. Их Юань улсыг байгуулж, монголчууд Хятадыг 100 жил захирах үндэс суурийг тавьсан түүхэн хүн. Дорнод дахины түүхэнд баларшгүй ул мөр үлдээсэн агуу хаан.
Өнөөдөр урд хөрш Хубилай хааны тухай олон ажил хийж, кино хүртэл бүтээж байна. Харин манай талд түүний тухай контент, уран сайхны бүтээл, түүхийн контент харьцангуй бага байна. Төр засаг энэ талд анхаарч, түүхэн агуу хүмүүний талаар олон талт бүтээл, арга хэмжээ зохион байгуулах шаардлагатай.
Мөн залуучуудад хэлэхэд: Түүхээ уншиж судлах нь монгол иргэн бүрийн үүрэг. Түүхийн ном, бүтээл, баримтат контент, нэвтрүүлэг зэрэг мэдээллийг ашиглан өөрийн улсын түүх, соёл, язгуурыг мэдэх нь маш чухал. Түүхийн мэдлэг ирээдүйн улс төр, эдийн засаг, хөгжлийн бодлогоо зөв тодорхойлоход үнэлэшгүй чухал ач холбогдолтой.







төр засаг нь хоорондоо ш**л цаад ажил хийж байгаа хүн алга.