
Саудын Арабын угсаа залгамжлах хунтайж Мухаммед бин Салман АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампын урилгаар АНУ-д айлчлахаар замдаа гарсан байна.
Тэрбээр хамгийн сүүлд 2017 онд АНУ-д айлчилж байсан ба 2018 онд Станбул дахь Саудын Арабын консулын байранд сөрөг хүчний сэтгүүлч Жамал Хашогги бусдын гарт амиа алдсан хэргээс хойш томоохон хэмжээний айлчлал хийгээгүй юм.
Саудын Арабын де факто удирдагч, хунтайж Мухаммед бин Салманы айлчлалын хөтөлбөрт Цагаан ордны өмнөд цэцэрлэгт хунтайжийг угтан авах, Зууван танхимд гэрээнд гарын үсэг зурж, өдрийн цай уух, Зүүн танхимд хүндэтгэлийн оройн зоог барих, Саудын Араб-Америкийн бизнес форум зэрэг үйл ажиллагаанууд багтжээ. Зүүн танхимд болох хүндэтгэлийн зоогийг АНУ-ын тэргүүн хатагтай зохион байгуулах ба зоогт Конгрессын гишүүд, албаны хүмүүс, томоохон бизнесменүүд оролцох аж.
Саудын Арабын хунтайжийг 1000 орчим хүн дагалдаж байгаагийн дотор Саудын Арабын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ багтаж байгаа аж.
Өнгөрсөн 5-р сард АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын Риядад хийсэн айлчлалын үр дүнд Саудын Араб АНУ-д 600 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт оруулах, Вашингтоноос 142 тэрбум ам.долларын зэр зэвсэг худалдан авахаар тохирсон ба хунтайж Мухаммед бин Салманы АНУ-д хийх айлчлалын хүрээнд талууд албан ёсоор гэрээ байгуулж, хэлэлцээрээ эцэслэх аж.
Түүнээс гадна Саудын Арабын эрх баригчид АНУ-аас F-35 сөнөөгч онгоц худалдан авахаар сонирхож байгаа ба зарим эх сурвалжууд хунтайж Мухаммед бин Салман Вашингтоноос Lockhead Martin компанийн 50 ширхэг F-35 онгоц худалдан авахаар төлөвлөсөн талаар мэдээлж байна.
Эх сурвалж: www.rbc.ru






