
Өндөр Гэгээн Занабазарын урласан Очирдарь бурхныг ил гаргаж, сүсэгтэн олныг мөргүүлэхээр залсан нь Монгол Улсын бурхны шашинтай иргэдийн хувьд томоохон, онцлох үйл явдал болсон юм.
Тэгвэл Очирдарь бурхан ямар учиртай вэ хэмээвээс ерөөс хамаг бурхад зуун бурханд, зуун бурхан нь язгуурын таван бурханд, язгуурын таван бурхан нь Очирдарь бурханд хураагддаг гэдэг. Тиймээс түгээмлийн эзэн Очирдарь хэмээдэг.
Өдгөө Гандантэгчэнлин хийдийн нандин шүтээн болсон Очирдарь бурхныг хэрхэн бүтээсэн тухайд цорж лам Диваасамбуу гуай Гандантэгчэнлин хийд дахин сэргэсэн түүх номд:
“Анх Өндөр гэгээн Монгол оронд шашин ном дэлгэрүүлэх аргыг олон талаас шинжин, судар тарнийн ёсыг хослон барилдуулсан Богд ламын шашныг шүтвээс шашин тогтоно хэмээн болгоож уг шашныг дэлгэрүүлсэн. Тэгээд Очирдарь бурхныг бүтээсэн нь Монголд бүтээсэн Өндөр гэгээний анхны бурхдын нэг юм байна. Өндөр гэгээн арван нэгдүгээр жарны гал могой жил “Би өндөр настай болов. Намайг халх нийтээрээ Богд минь хэмээн шүтдэг боллоо. Би мөнх бус болохоор шавь нар минь надаас хойш хэцүүднэ. Шүтэж залбирах шүтээн болгож өөрийгөө төлөөлүүлж Очирдарийг бүтээе” хэмээн таалаад бүтээсэн гэдэг.”
Энэхүү шүтээнийг залсантай холбоотойгоор Монголын бурхан шашинтны төв Гандантэгчэнлин хийдийн дэд хамба, Буддын гүн ухааны “Дашчойнпэл” дацангийн гавж С.Гантөмөртэй өчүүхэн хором ярилцлаа.
Тэрбээр: “Өндөр Гэгээн Занабазар олон бурхан бүтээсэн хүн. Түүний бүтээлүүдээс 21 Дарь эх, язгуурын таван бурхан, мөн Очирдарь бурхан байдаг. Очирдарь нь “юмтай” болон “юмгүй” гэж хоёр төрөлтэй. Юмгүй Очирдарь нь манай Очирдарийн дуганд гол шүтээнээр залагдсан, харин юмтай Очирдарь нь Гандантэгчэнлин хийдийн сан хөмрөгт хадгалагдаж байдаг. Өнөөдөр тэр бурхныг олон түмэнд ил гарган мөргүүлэхээр залж байна.”
-Очирдарь бурхны утга учир, бэлгэдлийн талаар тайлбарлаж өгнө үү?
-Очирдарь бурхны утга нь хоосон чанарыг билиг ухаанаар танин мэдэхийг илэрхийлдэг. Хоосон чанарыг гүн сэтгэлээр бясалгавал гэгээрэлд хамгийн ойр хүрдэг. Арга билгийн хослол буюу хоосон чанар ба их амгаланг дүрслэн харуулдаг. Иймээс Очирдарь бурхан нь Өндөр гэгээний дотоод бясалгалын гүн утгыг илэрхийлсэн бүтээл бөгөөд амар амгалангийн дүрслэл юм. Тиймээс энэ бүтээл Монголын ард түмэнд онцгой ач холбогдолтой.
-Өндөр Гэгээн Занабазарын улс төрийн байр суурийн тухайд олон янзын ойлголт бий. Таны байр суурь?
-Занабазар Манжид урвасан гэх буруу ойлголт зарим судлаачдын дунд байдаг. Тухайн үеийн улс төрийн нөхцөлөөс шалтгаалан тэрээр шашны хүн байсан ч улс төрийн алхам хийхээс аргагүйд хүрсэн. Өвөр Монголчууд Манжийн эрхшээлд орсон, нөгөө талд Ойрадууд, дунд нь Халхууд байсан тул аль ч талд нийлсэн Монголчууд хоорондоо тэмцэх байдал үүсэж байв. Монгол хүний цус асгарахгүйн тулд эв нэгдэл хамгийн чухал болсон.
-Манжид дагаар орсон гэдэг асуудалд л дургүйцээд байдаг шүү дээ?
-Монголчууд Манжид дагаар орох нөхцөлд хүрсэн ч “Манж улс задрах тохиолдолд аймаг улс бүр өмнөх тусгаар тогтнолоо сэргээнэ” гэсэн утгатай гэрээ байгуулсан гэдэг. Энэ нь хожим Монгол тусгаар тогтнолоо сэргээх нөхцөл болж өгсөн. Тийм алхам хийхээс өөр аргагүйд хүрсэн гэж ойлгож болно.
СЭТГҮҮЛЧИЙН ҮГ: Бидэнд ярилцах цаг маш хомс байсан учир Өндөр Гэгээн Занабазарын талаар дараа илүү дэлгэрэнгүй ярилцахаар болсон юм. Түүнээс гадна одоо нийгэмд болж буй стрессийг хэрхэн бууруулах талаар зөвлөгөө өгсөн юм.
-Өнөөгийн нийгэмд хүмүүсийн стресс, хуваагдал нэмэгдсэнийг юутай холбон үзэж байна вэ?
-Өнөөдөр ч Монголчууд улс төр, нийгмийн хувьд хуваагдалтай, стресс ихтэй байна. Шалтгаан нь хүмүүс хувийн ашиг сонирхлоо нэгдсэн үнэт зүйлээс дээгүүр тавьдаг болсонтой холбоотой. Чингис хааны үед ч, 1911 онд ч Монголчууд нэг үзэл санааны дор Буддын шашинд нэгдэж чадсан. Харин өнөөдөр нэгдсэн үзэл санаа сул болсон тул олон хэсэгт хуваагдах хандлага ажиглагддаг. Тиймээс хувийн ашиг сонирхлыг энэ бүгдийг татах нь зүйтэй болов уу.
-Энэ их стресс, бухимдал юунаас үүдэлтэй вэ? Буддын шашин үүнд ямар сургаал хэлдэг вэ?
-Стресс, бухимдлын уг сурвалж нь “би” гэсэн үзэл. Түүнийг багасгах сургаал нь Буддын шашинд байдаг. Бүх зүйл шүтэн барилдаж оршдог, хэн ч бусдын хүчин зэмгүй амжилтад хүрдэггүй. Тиймээс хүн бусдын ач тусыг ойлгож, талархаж явах хэрэгтэй. “Би л дангаараа сайн, би л дангаараа амжилтад хүрнэ” гэсэн бодол аз жаргалд хүргэхгүй.
–Хэсэг хором ярилцсанд баярлалаа.






