
Туркийн хилийн шалган нэвтрүүлэх албаны ажилчид ОХУ-ын иргэнийг газар унасан цамцаа авах гээд гартаа барьж явсан паспортоо амандаа түр зуусных нь төлөө хилээр нэвтрүүлэхээс татгалзжээ.
Baza сувгийн мэдээлснээр ОХУ-ын Мурманск хотын оршин суугч 35 настай Ксения Туркийн Аланья хотын нисэх онгоцны буудлын хилийн шалганаар орохоор дараалалд зогсож байжээ. Тэрээр гартаа цүнх, чемоданаас гадна олон тооны ууттай зүйлс барьж явсан ба газар унасан цамцаа авахын тулд гарт байсан паспортоо түр амандаа зуусан аж.
Түүний энэхүү үйлдлийн дараа Туркийн хилийн шалганы ажилчид Ксенияг хилээр нэвтрүүлэхээс удаа дараа татгалзаж, сүүлд нь тусдаа өрөөнд дуудаж ярилцсан ба “төрийн бэлгэ тэмдгийг гутаан доромжилсон” хэрэгт буруутган, анхааруулга өгчээ. Ингэхдээ төрийн бэлгэ тэмдэг гэдэгт албан ёсны төдийгүй шашны холбогдолтой бичиг баримтууд ч хамааралтай гэдгийг онцолжээ.
Турк улсад паспортыг зохих ёсоор бус ашигласан тохиолдолд баривчилж, ял шийтгэл оноох хүртэл арга хэмжээ авдаг байна.
2021 онд Туркийн хууль сахиулагчид шарах шүүгээнээс хоол гаргахдаа гараа түлэхгүйн тулд гал тогооны бээлийний оронд паспортоо ашигласан бичлэгээ TikTok дээр байршуулсан хоёр иргэнийг баривчилж байжээ.
Турк улсын эрүүгийн хуульд Турк улсын далбаа эсвэл улаан өнгийн фон дээр цагаан хавирган сар болон од дүрсэлсэн ямар ч зураг, тэмдэг тэмдэглэгээг гутаан доромжилсон этгээдэд 3 хүртэлх жилийн ял оноох тухай заалт байдаг ба үүнд Турк улсын паспорт ч багтах аж.
Эх сурвалж: meduza.io






