
Бангладешийн нийслэл Дакка хотын шүүх тус улсын Ерөнхий сайд асан Шейх Хасинад хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэн хэмээн цаазын ял оноожээ.

2024 оны зун Бангладешид болсон оюутнуудын эсэргүүцлийн жагсаалыг Ерөнхий сайд Шейх Хасина хүчээр дарахыг оролдож, хууль сахиулагчдад жагсагчдын эсрэг галт зэвсэг, дрон, нисдэг тэрэг зэргийг ашиглахыг зөвшөөрсөн ба НҮБ-ын тооцоолсноор 46 өдөр үргэлжилсэн энэхүү жагсаал цуглааны үеэр 1400 орчим хүн хууль сахиулагчдын гарт амь үрэгдсэн аж.


Ерөнхий сайдын албан тушаалаасаа огцорч, эх орноосоо зугтсан Шейх Хасина өнөөдрийн байдлаар Энэтхэгт оршин сууж байгаа ба тэрээр өөрийгөө гэм буруугүй хэмээн мэдэгдэж, шүүхийн шийдвэрийг шударга бус, улс төрийн сэдэлтэй гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Шейх Хасина Бангладеш улсын Ерөнхий сайдын албан тушаалыг 1996-2001 онд, 2009-2024 он хүртэл хашсан юм.


Өнгөрсөн онд Бангладешийн засгийн газар төрийн албан хаагчдын тодорхой хувийг Бангладешийн тусгаар тогтнолын төлөөх дайнд оролцож байсан хүмүүсийн гэр бүлийнхэн бүрдүүлэх тухай хуулийн төсөл боловсруулсан нь иргэдийн эсэргүүцэлтэй тулсан юм. Засгийн газар уг шийдвэрээ цуцалсан ч оюутнуудын зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаал цуглаан үргэлжилж, жагсагчид Дакка хотод байрлах “Авами лиг” намын байрыг шатааж, Ерөнхий сайд Шейх Хасина болон Дотоод хэргийн сайдын гэрийг сүйтгэж, парламентын ордон руу дайран орсон билээ.


Эх сурвалж: edition.cnn.com






